m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 14:54
87
Рок-н-роллын хаан Элвис Пресли

Америкийн рок-н-роллын дуучин Элвис Преслиийн амьдралын түүхийг хүргэж байна.  /1935-1976/ 

Мемфис дахь дуу бичлэгийн “Sun” студийн эзэн Сэм Филлипс гэгч “Надад ритм энд блюз” дуулж чадах цагаан хөвгүүн олоод ирээч, тэгвэл би Америк орныг эргүүлчихье” хэмээн ярьдаг байж.  Филлипсийн энэ мөрөөдөл нь биелэх хувьтай байжээ. Ачааны тэрэгний жолооч Элвис Пресли ээждээ зориулсан дуугаа бичүүлэх гэж студид орж ирсэн нь өнөөх “хөвгүүн” нь мөн байлаа.

Элвис Аарон Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд Миссисипи мужийн Тьюпело хотод мэндэлсэн байна.

1938 он 

Тэр эхлээд жолооч, дараа нь уянгын дууль, рок-н-ролл дуулах, эцэст нь жүжигчин болох заяатай байжээ. Энэ бүхэн нь түүнийг нэрийг дэлхийд зарлаж, хэмжээгүй их баялгийг авчирсан юм. Пресли хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байдаг тийм л жүжигчин байжээ. Түүний эхлэлийг Сим Филлипс тавьсан нь ойлгомжтой. 1956 оны нэгдүгээр сард Элвис “Heartbreak Hotel” дуугаа бичүүлж, телевизээр гарснаар нэрд гарч эхэлсэн байна. Нэртэй фирмүүдийн менежерүүд Элвисийг ихэд сонирхох болж, бүр дуучнаа “зарчих” гэсэн саналыг ч Филлипст тавьж байсан ч тэр татгалзсаар байжээ. Тэдний нэг болох Том Паркер, Элвис болоод түүний эцэг, гэр бүлийнхэнд нь залуугийн авьяас ямар их хувь заяа авчрахыг илүү идэвхтэйгээр ятгах болсон байна. Эцэст нь Филлипс, Паркерийн саналыг хүлээн авч, 1956 оны зунаас эхлэн дуу бичлэгийн “RCA records” фирмийн ивээлд очжээ. Үүнийхээ төлөө Филлипс 35 мянган ам.доллар хүртсэн гэдэг.

Пресли хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байдаг тийм л жүжигчин байжээ

Элвис Преслийн нэр алдар тун хурдан Америк орноор түргэн тархаж, шинэ дуучныг Холливуд ч сонирхож эхэлсэн байна. Анхны гэрээгээрээ л Элвис гурван кинонд тоглох болжээ. Жүжигчний хувьд тэр дунд зэрэг ч гэлээ үзэгчдийн сонирхолыг татсаар байсан нь продюсерүүдэд нь ихээхэн таалагдаж байв. Кинондоо Элвис Пресли дуунуудаа дуулж үзэгчдийг байлдан дагуулж байсны нэг жишээ нь эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг татсан “Love me tender” дуу нь байлаа.

Тэр ч бүү хэл Преслийн үсний засалт, урт пиджак, нэгэн дууных нь нэр болох “Хөх илгэн гутал” моод болсон байна. Хүүхнүүд Элвис Преслийн хамтран тоглогчийг дууриан цагаан цамц, гоёмсог банзалаар гангарч эхэлжээ. 1975 он гэхэд Элвис Пресли ид нэр алдрын оргилд гарч, нэлээд олон “алтан пянз”-ны эзэн болсон түүнийг “рок-н-ролл хаан” гэцгээх болсон юм. Түүний өөрийнх нь ярьснаар, хүүхнүүд “каддилак” машин дээр нь утасныхаа дугаарыг бичих болж, Элвис ч машин цугцуулах хоббитой болжээ.

 

Преслийн үсний засалт, урт пиджак, нэгэн дууных нь нэр болох “Хөх илгэн гутал” моод болсон байна

1957 онд Элвис хоёр ч кинонд тоглосон нь “Үнсгэлжингийн үлгэр”-ийн хувилбарууд байлаа. Жишээ нь “Loving Boy” кино нь тосгоны жирийн нэг залуу эстрадын од болж байгаа тухай нөгөө кино “Jailhouse Rock” нь хэрэгтэнг засан хүмүүжүүлж тайзнаа гаргаж байгааг үзүүлсэн байв. Бүх кинонууд нь орлогоороо өмнөх дээд амжилтуудыг эвдэж, жагсаалтын эхэнд бичигдэх болжээ.

1956 онд гарсан “Elvis” нэртэй хоёрдахь цомогтоо шилдэг дуунуудаа оруулсан байв

1956 онд гарсан “Elvis” нэртэй хоёрдахь цомогтоо шилдэг дуунуудаа оруулсан байв. Энэ цомог нь тэр жилийнхээ олон улсын бестселлер болж, Элвисийн сул тал ч тэр үед дээд зэргээр илэрсэн байна. Түүний боловсролгүй, мунхаг харанхуй, бүдүүлэг байдал нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр хүргэж байлаа. Нэгэн ярилцлагад түүнээс “Моцартын хөгжим танд таалагддаг уу?” гэж асуухад тэр: “Моцарт гэнээ? Тэр чинь аль мужийнх вэ?” гэж хариу асуужээ. Ингэж тэнэглэснийх нь дараахан “Битлз” хамтлагийнхан хэвлэлийн бага хурал дээр “айхтар, айхтар” асуултуудыг “тун сүрхий” хариулж байлаа. Элвисийг яаж тэдэнтэй зүйрлэхэв. Тэр зөвхөн хүүхнүүдийн тухай л “сүрхий ихийг” бодож чадах байлаа.

Кино, пянзнууд нь үнэхээр их орлого оруулж байсан ч дуучныг цэргийн албанаас юу ч хаацайлж чадсангүй, тэр 1958 онд цэрэгт татагдсан юм. “Paramount” кино компани “King Creole” киногоо дуустал түүнийг хоё сар л цэргийн албанаас нь хойшлуулж чаджээ. 1958 оны гуравдугаар сард зураг авалт дуусч, Элвис Пресли цэргийн албаа Баруун Германд хаахаар явжээ. Тэнд байхад нь 1958 оны наймдугаар сард эх нь элэгний өвчнөөр нас барсан байна. Дуучин маань асар их нэр хүндээ ашиглаж аав, эмээ, ойр дотныхоо хүмүүсийг дэргэдээ авчрахаар дарга нараа ч ятгаж. Германд байхдаа Элвис, Присцилла Болье гэгч хүүхэнтэй танилцаж эргүүлэх болжээ.

1960 оны гуравдугаар сард Элвис цэргээс халагдаж ирээд эстрадын “од”-ын амьдралдаа эргэн орсон байна

1960 оны гуравдугаар сард Элвис цэргээс халагдаж ирээд эстрадын “од”-ын амьдралдаа эргэн орсон байна. Элвисийн бүх  зүйл амжилттай байж, Фрэнк Синатрын телевизийн шоунд оролцож, шинэ пянзаа ч бичүүлж эхэлжээ. Пянз нь маш богино хугацаанд хит болж, АНУ-д нэгдүгээр байр, Их Британийн хитэд хоёрдугаар байранд орж, Элвис ч шинэ кинонд тоглож эхэлсэн байна.

Гэвч  түүний нэр алдар уналтанд орж эхэлжээ. Гол шалтгаан нь Том Паркер дэндүү олон кинонд тоглуулсанд байлаа. Харин Пресли дунд зэргийн жүжигчин. Цэргээс халагдаж ирсэн тэр үед нь түүний дууг сонсох хүрээ маш хумигдсан байв. Хүмүүс гэр зуураа л түүний дууг сонсдог болсон байлаа. Элвис ч бууж өгсөнгүй, сонсогчдынхоо хүрээг тэлэхийг хичээж, “O sole mio” неаполитан дууг англиар дуулж бичүүлжээ.  Ингэж “It’s Now or Never” нэртэй болсон энэ дуу Атлантын хоёр эрэгт хитүүдийг тэргүүлэх болсон байна. Гэвч ажил хэрэг ерөнхийдөө урагшгүй л байлаа. Саяхан л Преслийг шүтэн биширч байсан залуучууд түүнийг эгнээнээсээ түрэн шахаж, тэдэнтэй өрсөлдөх нь Преслид тийм ч амар байсангүй. Энэ нь юун түрүүнд “Битлз”,  “Роллинг Стоунз”-ыг ярьж буй хэрэг.  Юутай ч 60-аад оны дунд үе гэхэд Элвис Пресли дуугаа дуулж, кинондоо тоглохоо үргэлжлүүлсээр байсан ч залуу рок хамтлагуудтай нэр алдрын тавцанд зэрэгцэж чадахаа нэгэнт больсон байв.       

Гэсэн ч Элвисийн хувийн амьдрал баярт үйл явдал тохиож, долоон жил эргүүлсний эцэст 1967 онд Присцилла Больетэй гэр бүл болжээ. Урам зориг нь сэргэсэн Элвис 1969 оноос уран бүтээлээ дахин эхэлж АНУ-аар тоглолтоо хийж эхэлсэн байна.

Преслийг шүтэн биширч байсан залуучууд түүнийг эгнээнээсээ түрэн шахаж, тэдэнтэй өрсөлдөх нь Преслид тийм ч амар байсангүй

Гэвч Присцилла Болье дэндүү хатуу шаардлага тавих болж, нөхрийнхөө үй олон шүтэн бишрэгчдийг гэртээ цуглуулахаас эрс татгалзжээ. Үүнээс болж тэдний гэр бүлд маргаан дэгддэг байлаа. 1972 онд гэр бүл нь бараг салж, 1973 онд албан ёсоор цуцлуулсан байна. Хувийн амьдралын бүтэлгүйтэл нь Элвист хүчтэй цохилт өгч, тэр кантри маягийн гунигийн дууль дуулах болж сэтгэлээр бүрэн унасан байлаа. Энэ бүгд нь “рок-н-роллын хаан”-ы гадаад дүр төрхөд  царай алдаж, хэт таргалж эхэлснээр илэрч байв. Үүнээс болж тэр, сэтгэл санаа  тавгүй байна гэдэг шалтгаанаар тоглолтоо хойшлуулах, бичлэгийн студид очихгүй байх нь ердийн үзэгдэл болсон байлаа. 

Энэ нь эрүүл мэндэд нь ч уран бүтээлд нь ч муугаар нөлөөлсөөр байлаа. Сэтгэлээр унамтгай Элвис, өөрийгөө тайвшруулдаг гэх уул овоо шиг их гамбургер, согтууруулах ундааг хэмжээ хязгааргүй хэрэглэж, янз бүрийн эмийг ч хүчээр ууж эхэлжээ. Зарим эх  сурвалжуудад Элвис, тусгай албаны мэдээлэгч байсан тухай бичсэн байдаг. Юутай ч 1970 оны арванхоёрдугаар сарын 31-нд тэр ХМТ-нд хандаж, өөрийн өрсөлдөгч гэж үздэг Жон Ленноныг Америкаас хөөн гаргахад туслаач гэж хүссэн байлаа. Ленноныг тухай Пресли: “Жон  залуучуудын оюун ухааныг хордуулж, нийтэд хандсан мэдэгдэл, тэрс үйл ажиллагаагаараа АНУ-ыг гутааж байна” хэмээн ярьсан юм.

Хувийн амьдралын бүтэлгүйтэл нь Элвист хүчтэй цохилт өгч, тэр кантри маягийн гунигийн дууль дуулах болжээ

Гэсэн ч гутрал, доройтол, сэтгэлээр уналт нь ямар ч сайн зүйлд хүргэсэнгүй. “Рок-н-роллын хаан” маань улам бүр доошилсоор, 1976 оны наймдугаар сарын  15-нд зүрхний өвчнөөр насан эцэслэсэн юм.

Түүний асар их нэр хүндийг нь бодолцон, АНУ-ын ерөнхийлөгч Жимм Картер гэр бүлийнхэнд нь эмгэнэлийн цахилгаан илгээж, “RCA records” фирм, түүний бараг бүх пянзнуудыг дахин хувилан гаргажээ.