m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 09:23
112
Азийн улсууд Хайнанд чуулсан долоо хоног өнгөрлөө

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болж өнгөрсөн гол үйл явдлуудыг mass.mn та бүхэнд тоймлон хүргэж байна.

Азийн улсуудын ээлжит бага хурал боллоо

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д эдийн засгийн хөгжлийг дэмжих, санал солилцох олон улсын бага хурлууд боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн дэмжлэгтэйгээр болдог Хөгжлийн форум-2015 Бээжин хотноо болж, Хятадын Засгийн газрын урилгаар олон улсын байгууллагууд, Хятадын болон олон улсын бизнесийн шилдэг удирдагч нар цуглан санал бодлоо солилцсон бол  Хятадын Хайнан мужийн Боаод “Азийн форум-2015” боллоо. Тус хурлыг нээж БНХАУ-ын Дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ Хятад улс эдийн засгийн хөгжлийн шинэ шатандаа гарсан бөгөөд энэ нь дэлхийн бүх л улсуудад үр ашигтай байх болно хэмээн хэлсэн байна. Энэ удаагийн форумд 2000 орчим улс төрч, эдийн засагч, бизнесийн хүрээний төлөөлөгчид оролцож байгаа юм.

Дэлхийн алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэлээ

Өнгөрсөн долоо хоногт Брюс Уиллис 60 насны төрсөн өдрөө эхнэр Эмма Хеминг болон найз нөхдийн хамт тэмдэглэн өнгөрүүлсэн бол Английн дуучин Элтон Жон 68 насны төрсөн өдрөө мөн л найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэжээ.

150 хүнтэй онгоцны осолд II нисэгч буруутай байв

Өнгөрсөн долоо хоногт эмгэнэлтэй нэгэн хэрэг болсон нь Германы “Жерманвингс” авиа компанийн А-320 онгоц Барселонагаас Германы Дюссельфорф руу нисч явахдаа Францын өмнөд нутагт осолдсон билээ. Тус онгоцонд багийн зургаан гишүүн, 144 зорчигч буюу нийт 150 хүн зорчиж явсны ихэнх нь Герман, Испанийн иргэд байв. Осол болсон газарт олон улсын эрлийн баг ажиллаж онгоцны хар хайрцгийг олж шалгасан бөгөөд онгоцыг II нисэгч санаатайгаар осолдуулсан гэх анхан шатны дүгнэлтэнд хүрээд байгаа билээ. Түүнийг ахмад нисэгчийг бүхээгээс гарсны дараагаар хаалгыг түгжиж онгойлголгүй байсаар онгоцыг осолдуулсан гэж үзэж байгаа юм.

Оросууд Крымд цөмийн зэвсэг байрлуулж магадгүй

Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны тэргүүн Владимир Комоедов Крым нь ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог тул өөрийн нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байрлуулахад хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээжээ. ОХУ нь хангалттай их цөмийн зэвсэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нутаг дэвсгэрийнхээ хаана нь ч ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр цөмийн зэвсгээ байрлуулах эрхтэй гэв. Оросын албаны эх сурвалжийн мэдээлснээр хэрвээ АНУ Украинд үхлийн хөнөөлт зэвсэг  нийлүүлэхээр шийдвэр гаргавал Оросын тал ч Крымд цөмийн зэвсгээр байрлуулж болзошгүй байгаа ажээ.

Япончууд далайд хана босгох болов

Цунамигаас сэргийлэхийн тулд Япончууд 400 км урттай, 7.2 метр өндөртэй гинжин ханыг далайд барих төсөлдөө 6.8 тэрбум ам.доллар  төлөвлөжээ. Ингэснээр япончууд дөрвөн жилийн дараанаас зүүн хойд эрэг орчмоор ирэх цунамигийн аюулаас сэргийлж чадахаар болох ажээ. Арлын Япон улс далайн шуурга, цунамигийн аюулаас ихээхэн хохирол амсдаг бөгөөд 2011 онд болсон цунамигаар 18500 хүн амиа алдаж байжээ.