m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 14:52
103
Их мастер Д.Эрдэнэбилэгийн 12 дахь түрүү

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн гуравдугаар сарын 19-27-ны өдрүүдэд "Бодь бадмаараг" компанийн "Бадмаараг" төвийн байранд боллоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 14 даамчин (өнгөрсөн жилийн медальтнууд болон хагас шигшээ тэмцээнээс шалгарагсад) тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд оролцогчдын тал нь олон улсын цолтой тамирчид байв.

Дүн гарахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн таван удаагийн аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 26 онооноос 20-ийг аван түрүүлж, улсын аваргын алдрыг 12 дахь удаагаа хүртлээ. Гэхдээ их мастерт энэ ялалт амар ирээгүй. Залуу мастер Ц.Отгонбилэг түүнтэй хүчтэй өрсөлдөж, сүүлчийн өргийн өмнөх байдлаар бүтэн хоёр оноогоор илүү явсан. Улмаар оноолт ёсоор тэд сүүлчийн тавилд хоорондоо өрсөлдсөн бөгөөд шийдвэрлэх тоглолтод их мастер туршлага заан хожсоноор оноо тэнцэж, нэмэлт үзүүлэлт болох коэффициентийн давуугаар Д.Эрдэнэбилэг аваргалсан юм. Харин хүрэл медалийг 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Г.Ганжаргал хүртсэн юм. 

Эмэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн залуу мастеруудын хооронд өрнөсөн. Эцсийн дүн гарахад "Хасу Мегаватт" компанийн тамирчин, спортын мастер М.Одгэрэл 20 оноогоор аваргалж, улсын хошой аварга боллоо. Манай улсад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д дэлхийн 13 удааагийн аварга, Латвийн нэрт даамчин Зоя Голубеваг хожин шуугиулж байсан тэрбээр өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаагаа оролцохдоо л түрүүлж байсан амжилтаа ийнхүү давтаж чадлаа. Удаах байрыг улсын хошой аварга, спортын мастер Б.Нандинцэцэг 18 оноогоор эзэлсэн. Тэрбээр дөрөвдүгээр тавилд өөрийн төрсөн эгч, спортын мастер Б.Нандин-Эрдэнэд хожигдоогүй байсан бол гурав дахь түрүүгээ авах ч боломжтой байсан юм. Хүрэл медалийг "Шавь" цогцолбор сургуулийн сурагч, спортын мастер Г.Хэрлэнмөрөн 18 оноогоор эзэлсэн.   

Тэмцээний дундуур түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болсон юм. Блиц (5 минутаар тоглодог)-ийн төрөлд эрэгтэйчүүдээс олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (Баянзүрх дүүрэг), эмэгтэйчүүдээс олон улсын их мастер М.Нямжаргал (Говь-Хангай мебель), рапид (15 минутаар тоглодог)-ын төрөлд эрэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай (Масс Агентлаг), эмэгтэйчүүдээс спортын мастер М.Одгэрэл (Хасу-Мегаватт) нар аваргалсан байна. 

Тэмцээний дүн