m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:30
44
"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн II шат эхэллээ

"Масс агентлаг"-ийн хамт олны эхлүүлсэн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийнхөн  эх орныхоо өнцөг булан бүрт  шургуу ажиллаж, Монгол Улсынхаа хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулж буй орон нутгийн баялаг бүтээгчдээ сурталчлах ажлаа нэг сар гаруй хугацаанд хийлээ.

Бид энэ хугацаанд 21 аймаг, 20 гаруй сумаар нийт 18500 гаруй км зам туулж, баялаг бүтээгчдийнхээ ажил үйлсийг харуулсан 82 нэвтрүүлэг, 36 ярилцлага, 62 сурвалжлага, 90 гаруй мэдээ бэлтгэн хүргэлээ.

Сэтгэл зүрхээ зориулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн ажлын үр дүн гарч, бидэнд урам зориг хайрласаар байна. Малын түүхий эдээ ашиглан төрөл бүрийн зүйл хийж буй баялаг бүтээгчид манай төсөлд хамрагдсанаар борлуулалт нь нэмэгдэн нийслэл төдийгүй өөр бусад аймгаас иргэд захиалга өгч, цаашлаад хамтран ажиллах гэрээ байгуулах санал ирсээр байгааг бидэнд Баялаг бүтээгчид дуулгасан. Энэ мэтчилэн борлуулт нь нэмэгдсэн гэх мэдээллийн цаана эх орноо гэх сайхан сэтгэл мэдрэгддэг юм.  Гаднын бараа бүтээгдэхүүн юугаараа илүү гэж, бид хэдий болтол хөлс хүчээ гарган байж олсон мөнгөөрөө импортын бараа худалдан авах юм бэ гэдгийг хүмүүс мэдэрсэн, ойлгосон. Тиймээс элэг нэгтэй монголчуудынхаа ухаанаа уралдуулж, гараа гарган хийсэн бүтээлийг худалдан авах хүсэл тэмүүлэл хэд дахин нэмэгдэж буй нь сайшаалтай.

Монголын баялаг бүтээгчид дуусашгүй. Тиймээс бид хоёрдугаар үе шатаа эхлүүлж нийслэл болон ойролцоох дүүргүүдийн баялаг бүтээгчид рүү чиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Манай төслийн хамт олонд мэдээлэл  илгээж, ямар баялаг бүтээж буйгаа танилцуулсан хамт олон бий. Бид та бүхнийг зорин очих болно.

Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэн, хийсэн бүтээл нь олондоо өгөөжтэй, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл өргөе.