m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:31
178
О.Амгаланбаатар: Зорилгынхоо төлөө зүтгэхэд их аз жаргал мэдрэгддэг

-О.Амгаланбаатар бизнесийн чиглэлээр сургууль төгссөн хэрнээ топ модель, амжилттай залуу жүжигчин болсон байна. Амьдрал өөрийг тань кино урлагт хэрхэн  хөтлөснийг ярьж өгөөч?

-Би их сургуулиа төгссөн жил дипломоо тоохгүй хаячихсан. Гэхдээ тэр жилдээ дипломноосоо ч илүү зүйлийг олсон гэж боддог. Ажил хайж явахдаа санамсаргүй рекламанд тоглохоор болсон юм. Дараа нь найз нөхдийнхөө хүрээллээр дамжуулан загварынхантай холбогдож загварын тайзанд гарч мөн тэр шугамаараа хүмүүстэй холбогдож явсаар эхний хоёр кинондоо тоглосон доо. Мэргэжил сонголт маань бол бизнес байсан, одоо ч тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Би нэг эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг үзэж дээд хэмжээнд нь тултал сайн хийх дуртай. Амьдрал намайг урлаг руу хөтөлсөн болохоор энэ төрөлдөө сэтгэл гарган ажиллаж жаахан ч гэсэн амжилт гаргамаар байна. Эхний хоёр кино буюу “Учиртай гурав”, “Тэнгри” киноны нээлтийн дараа найруулагчид маань шоолоод байсан. “Киноны дундуур Амгааг харсан чинь сандалны цаанаас зөвхөн толгой нь л ил гарчихсан үзэж байсан” гэж. Тэгтлээ ичээд сандалдаа шигдээд байсан хэрэг. Аргагүй урлагийн чиглэлээр туршлагагүй хүн учраас анхны кинон дээр хэцүүхэн л байсан. Гэхдээ нэгэнт энэ салбарт ороод ирснийх сайн юм хийх юмсан гэж боддог. Өөрөө өөрөөсөө ичихгүй, цэх суугаад үзчих хэмжээний дүр бүтээх юмсан гэж хичээж явна даа.

-Залуу уран бүтээлч хүний хувьд та юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Миний аз жаргалын хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам л өөрчлөгдөж байна. Жишээ нь нэг жилийн өмнө гэхэд би зугаа цэнгээн л миний аз жаргалтай амьдрал юм байна гэж бодож байлаа. Ийм амьдралын хэмнэлтэй хүн 1000 гаруй километрийн цаана, утасны сүлжээ ч үгүй Хөвсгөлийн тайгад хэдэн сараар амьдрах хэрэгтэй болсон. Тэгээд зураг авалтгүй үедээ тайгын онгон дагшин байгалийг харж ганцаараа олон зүйлийг эргэцүүлэн суудаг байлаа. Тэгж суухдаа ойлгосон. Би юуны төлөө амьдарч байгаагаа, хүний амьдралын аз жаргал юунд оршдог юм бол гэх мэтээр. Харин сүүлд хүний амьдралын хамгийн их аз жаргал бол гэр бүл гэдгийг ойлгосон. Би одоохондооо гэр бүл зохиож амжаагүй байгаа л даа. Тэгэхээр одоо бол миний хүсэл зорилго жаргалыг илүү мэдрүүлж байна даа. Хүн ер нь өөрийнхөө хамгийн их сонирхдог зүйлийнхээ төлөө зорилго тавиад, цаг зав сэтгэл зүрхээ бүрэн зориулвал аз жаргал мэдрэгддэг юм билээ. Зорилготой хүн өглөө бүрийг инээж угтдаг гэдэг шүү дээ. Би одоо бол өглөө болгон инээж сэрж байна.

-Тэгвэл “Содура” кино бас Хөвсгөл нутаг таны амьдралд их нөлөө үзүүлжээ. Тайга руу явахын өмнөх О.Амгаланбаатарт ямар өөрчлөлт гарсан бол?

-Кино төсөл эхэлж байхад миний амьдралд их сонин эргэлт болсон юм. Удаан үерхсэн найз охиноосоо салаад сэтгэл жаахан хэцүүхэн байх үетэй “Содура” киноны зураг авалт давхацсан. Бухимдсандаа өөрийнхөө бурууг ч ойлгохгүй, тэр хүнийг л буруутгаж элдэв буруу зүйл хийх байсан байх гэж боддог. Харин ийм үед намайг кино багийнхан маань Хөвсгөл рүү аваад явчихсан. Тайгад удаан амьдарснаар өөрийгөө олж, төлөвшиж чадсан гэж боддог. Их хотын хөдөлгөөнт амьдрал, шоу цэнгээнээс холдож урлагийн хүмүүстэй гайхалтай байгальд амьдрах нь тун сайхан байсан. Би Амбий, Ариунбямба, Өөскө гээд гурван ахтайгаа нэг гэрт орж хамт байх хугацаандаа олон зүйл ярилцаж бие биедээ дэм болж байлаа. Тэгэхэд тэд нарын туулж өнгөрүүлсэн амьдралын хажууд миний асуудал бол инээдтэй жижигхэн зүйл байсныг би мэдэрсэн. Нэгдүгээрт, энэ бүхэн миний сэтгэл санаанд нөлөөлсөн. Хоёрдугаарт, тэр сайхан байгальд хүн муу юм бодоод гутраад сууна гэж байдаггүй юм билээ. Байгаль хүнийг эмчилдэг. Нэг их сайхан уул нуруу харчихаад “тэр үед ч ёстой онцгүй юм болсон шүү” гээд бодоод сууна гэж байхгүй. Сэтгэл ямар ч хэцүү байсан байгаль, ан амьтан тэр бүгдийг хараад сэргэчихдэг юм билээ.

Харамсалтай нь, намайг ингэж Хөвсгөлд үзэж харж, мэдэрсэн зүйлээ ярихаар зарим хүн огт итгэж өгөхгүй байгаа юм. “Энэ Амгаа олон жил шоу цэнгээн л гэж явсан, одоо юу хийх гээд гэгээрээд байгаа юм бол” гэх мэтээр яриад байгаа юм. Уул нь би яаж зөв, сайхан амьдрах учрыг арай гэж ойлгож эхлээд байгаа юм шүү дээ. Киноныхоо нээлтэн дээр нийт уран бүтээлчиддээ “намайг Хөвсгөл авч явсанд баярлалаа” гэж тусгайлан хэлсэн.           

-Итгэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүс нь таныг таньж мэдэж чадахгүй байгаа хэсэг байх л даа. Одоо ч хүний гаднах төрх, хувцаслалт гэх мэтэд сатаараад жинхэнэ хүнийг нь танихад багагүй хугацаа ордог болсон шүү дээ. Та ер нь хүн танихдаа хэр сайн бэ?

-Тэр тал дээр өөрийгөө дажгүй чадвартай гэж боддог. Би найзуудтайгаа ярилцаж суух дуртай. Найз нөхөд минь намайг гээд хүрээд ирдэг болохоор тэр тал дээр дажгүй юм болов уу гэж боддог. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хүний хэн бэ гэдгийг таньж сурдаг байх.

Харин өөрийгөө хүмүүст ойлгуулах тал дээр би өөрийнхөөрөө л байдаг. Анхнаасаа хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээд баг зүүж эхлэх юм бол өөрт хэцүү, өрөөлд ч муухай. Надтай уулзаад хамтарч ажилласан хүмүүс “би чамайг зурагтаар хараад ийм хүн гэж бодоогүй” л гэдэг юм. Эргэн тойронд тийм багтай, хуурамч инээдтэй хүмүүс олон байхад би нэмэгдээд яах вэ дээ гэж боддог.  

-Гэхдээ үзэгчид таныг аль хэдийн таньдаг болчихсон, амжилттай яваа залуу хүн. Мөн таниас үлгэр дууриал авдаг хүүхдүүд ч байгаа. Тиймээс нийгэм өөрөө таныг гоё сайхан байлгахад шаардахгүй байна уу?    

-Тэр хамгийн хэцүү хэсэг нь. Монголын зах зээлд дан ганц урлагийнхаа чиглэлээр ажиллаад амьдрахад хэцүү. Хүмүүсийн хүлээдэг шиг тийм сайхан, тансаг байдлаар биеэ авч явахад жаахан төвөгтэй. Тэгэхээр би өөрийнхөө мэргэжлийн ажлыг давхар хийнэ гэж боддог. Нарантуул захаас очоод гутал авна, жижигхэн гуанзанд ороод хоол идэж энгийн байх болно. Харин энэ бүхэнд намайг илүү дутуу харж, шивэр авир яриа үүсэх вий гэж бодож амьдрах юм бол утгагүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөөрөө амьдарсан нь дээр гэж боддог доо.