m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:52
227
Тусгаар тогтнолын ордны шинэ эзний сураг

МАН-ын Тусгаар тогтнолын ордон ойрд “хэвлэлийн баатар” болоод байна. АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар төрөөс авсан 11 тэрбум төгрөгийг нь сөхөж баахан бужигнууллаа. Харилцан хэвлэлийн бага хурал зарлацгааж, эцэстээ МАН ганцхан, АН дөрвөн байшин төрөөс авсан болж таарсан. Тэгсгээд намжсан энэ хэрүүлээ  “Одоо больцгооё. Өөр асуудлаар улс төр хийцгээе” гэж тохирсон  гэх яриа ч байна.

МАН-ын байранд фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, энэ нам ашиг олж байна

Ц.Хасбаатарын мэдэгдэж байснаар Тусгаар тогтнолын ордон, бүр шатдаг цагаан байшингийн санхүүжилт ч асуудалтай ажээ. “2008 оны долдугаар сарын 1-нд үймээн болсон. Ард түмний сонголтын дүн өөр гарсан учраас дургүйцэж тухайн үеийн эрх баригчид буюу өнөөгийн МАН-ын байрны өмнө тайван жагсаал эхлүүлсэн байдаг. Гэтэл энэ тайван жагсаал нь эмх замбараагүй байдал болон өргөжиж МАН-ын байр шатсан. Ер нь татвар төлөгчдийн мөнгийг намын байр барихад зарцуулж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Мөн нам нь бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох ёсгүй. Гэтэл МАН-ын байранд фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, энэ нам ашиг олж байна. Тиймээс нэг бол улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх, эсвэл энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох ёстой. Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсан нь тодорхой болсон. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан, сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Гэтэл хохирогчдын дүрд тоглож, байшин шатсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг авсан ийм л асуудал болсон” гэв. Мөн шатдаг цагаан байшингийн талаар “Одоогоос 20 гаруй жилийн өмнөх үйл явдал. Тэр үеийн санхүүжилтийг хөндөхөд олон юм гарна. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний комплексийг барихад бүрэлдэхүүнд нь МАН-ын шатдаг байр орсон юм билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай олон удаа хөндсөн байдаг. Тэгэхээр шатаагдсан байр нь хүртэл асуудалтай. Энэ нам байнга ард түмний халааснаас мөнгө авч орон байраа бэлддэг. Тэгэхээр одоо байгаа байрны асуудлаас гадна өмнөх байрны асуудлыг ч хөндөнө” гэж байв.

Харин  МАН-ын генсек Ж.Мөнхбат болохоор “Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хууль санаачлагдсан.  Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр батлагдсан.  Мөн үймээний үеэр хохирч үлдсэн аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг хэрхэх асуудал хөндөгдсөн. Ингээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тал талаас ярилцаад үймээний үеэр эд хөрөнгөөр  хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахаар болсон.  Тухайн онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 дугаар тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон” гээд байгаа. 

Одоохондоо түр намдаад байгаа Тусгаар тогтнолын ордны санхүүжилтийн асуудал ирэх 2016 оны сонгууль дуустал “топ сэдэв” хэвээр байх төлөвтэй

Сая Шийдлийн Засгийн газрын Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилогдоход ч Тусгаар тогтнолын ордны талаар яригдаад өнгөрсөн. Н.Төмөрхүү нь “Өндөр буянт холдинг”  гэдэг барилгын компанийн захирал. Түүний компани Тусгаар тогтнолын ордныг барьсан байдаг. Н.Төмөрхүү МАН-ын байрыг барьсныхаа шагналд сайдын суудлаар шагнууллаа гэх үг цөөнгүй хүний амнаас унаж байлаа. Байшин барьсны төлөө яахаараа шагнах болдог юм. Барилга барина гэдэг ашиг л олдог баймаар. Эсвэл Н.Төмөрхүү ямар ч ашиг бодолгүй барьж босгож өгсөн хэрэг үү. Юутай ч Тусгаар тогтнолын ордон гээч МАН-ын төв байрыг босгоход энэ хүн  хүндтэй гавьяа байгуулсан гэх юм билээ.

Тэгвэл тун удахгүй Тусгаар тогтнолын ордонтой бас л шуугиан дагуулсан мэдээлэл олонд ил болж магадгүй нь. Ц.Хасбаатарын яриад байгаа Тусгаар тогтнолын ордныг төрд авах, эсвэл төрөөс гаргуулсан 11 тэрбум төгрөгийг буцааж авах гэдэг нь бүтэхгүй. Түүнээс нь өмнө энэ байшин өөр нэгэн эзний мэдэлд шилжиж болзошгүй нь. Шинэ эзэн нь төр ч биш, заргалдаад байгаа өөр нам ч биш.

Улс даяар өрнөөд удаж байгаа хямралын дайрлагад  намууд ч бас өртсөн бололтой юм. Өөрөөр хэлбэл, мөнгө төгрөг, өгөө аваатай хол­боо­тойгоор МАН Тусгаар тогтнолын ордноо бусдад өгөхдөө тулаад байгаа мэдээлэл байна.