m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:57
468
Өмнөговийн уул уурхайн компаниуд “Даланбулаг” цэвэр усыг хэрэглэдэг

“Баялаг бүтээгч” төслийн хамт олон Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын “Өнөд өвлөх урлахуй” компанийн “Даланбулаг” цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна.

Эднийх “Оюу толгой”, “Хүннү ресурс”, “Хишиг арвин индустриал”, “Терра энержи” зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, аймгийн төв болон бусад сумын иргэдийн хэрэгцээнд зориулан “Даланбулаг” цэвэр усаа нийлүүлдэг аж. Тус компанийн үйлдвэр 520 ам метр талбай бүхий хоёр давхар ажлын байртай бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд өргөтгөл барихаар зорьж байгаа юм.

 Уул уурхайн компаниудад ханган нийлүүлэгч болсноор цагт 4,000 ширхэг ус  үйлдвэрлэж байна

Тус үйлдвэр цэвэр усаа 0.33, 0,5 болон 1,5, 19 литрээр савлаж орон нутагтаа борлуулж байна. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгардаг гол бэрхшээл бол худалдан авагчдын тоо. Цөөн тоогоор үйлдвэрлэх нь нэгж бүтээгдэхүүний үнийг өсгөх шалтгаан болдог. Тиймээс хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх зорилготой ажиллаж, уул уурхайн дээрх компани болон аялал жуучлалын газруудад нийлүүлдэг гэнэ.

Анх бүтээгдэхүүнээ орон нутгийн зах зээлд нийлүүлж байхдаа өдөрт ердөө 2,000 ширхэг ус үйлдвэрлэж байсан бол одоо уул уурхайн компаниудад ханган нийлүүлэгч болсноор цагт 4,000 ширхэгийг үйлдвэрлэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн байна. Борлуулах бүтээгдэхүүний тоо өсөж, ашиг орлого нэмэгдсэн болохоор ажилчдындаа цалин хөлсийг нэмэхээс нийгмийн асуудалд нь бас хувь нэмэр оруулах болжээ.

 Үүнээс гадна “Өнөд өвлөх урлахуй” компани урт хугацааны хөгжлийн тогтвортой байдлыг хангах, цаашид илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж буйгаа тус компанийн захирал Ц.Энхтүвшин дурдсан юм.

Баялаг бүтээх гэж байгаа бол монголчууд бид нэг нэгнийгээ дэмжих ёстойг “Өнөд өвлөх урлахуй” компани харуулж байна

Орон нутагт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх илүү ашигтай болохоор цаашид зөвхөн говьд ургадаг ургамалаар ундаа үйлдвэрлэх зорилготой байгаа гэнэ.

Тус компанийн хувьд 150 метр гүнийн худагтай бөгөөд усны нөөцийн хувьд хангалттай хэмээн мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан байна. Гүнээс гаргаж авсан усаа стандартын дагуу цэвэршүүлэн хэрэглэгчдийн хүсэлтээр савлан зах зээлд гаргадаг.

Цэвэр усны сав баглааг Улаанбаатар хотын үйлдвэрлэгч нараас авдаг гэнэ. Баялаг бүтээх гэж байгаа бол монголчууд бид нэг нэгнийгээ дэмжих ёстойг “Өнөд өвлөх урлахуй” компани харуулж байна. 

Өмнөговь аймаг Даланзадгад сум "Өнөд өвлөх урлахуй" ХХК холбогдох утас: 91110615, 91045511, 91055511