m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:32
144
Сонгинохайрхан дүүргийнхэн гишүүдэд ийм дүн тавилаа

УИХ-ын хаврын нэгдсэн чуулган нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ. Харин намрын ээлжит чуулган хаалтаа хийснээс хойш УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж буй. Тэгвэл гишүүд ажлаа тайлагнахаас гадна иргэд ямар дүн тавьж буй нь тэдний ажлыг дүгнэх гол үзүүлэлт юм. Тиймээс бид Нийслэлээс сонгогдсон гишүүд тойрогтоо ямар бүтээн байгуулалт хийсэн, ямар тогтоол шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулсан зэргийг сурвалжилж байгаа билээ. Энэ удаа  бид  УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Тус тойргоос УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар сонгогдсон юм. Ингээд тус дүүргийн иргэд сонгогчид гурван гишүүнд ямар дүн тавьж буйг сонирхлоо.

Гишүүд ажлаа тайлагнахаас гадна иргэд ямар дүн тавьж буй нь тэдний ажлыг дүгнэх гол үзүүлэлт юм

Г.Ядамжав /26 дугаар хорооны иргэн/

- Би өөрөө 26 дугаар хорооны иргэн. Тухайн үед юу амлаж байсныг санахгүй байна. Гишүүд ирж иргэдтэй уулздаг л гэсэн. Би тэдэнтэй нэг ч уулзаж байгаагүй. Хорооноос надад хэлээгүй юм болов уу. Тэгэхээр тэдний юу хийснийг мэдэхгүй байна. 

Тухайн үед юу амлаж байсныг санахгүй байна

 

Ш.Лхагва /25 дугаар хорооны иргэн/

- Би УИХ-ын сонгууль өгдөггүй. Учир нь сонгууль өглөө ч гишүүдийн хийж бүтээж байгаа нь сэтгэлд хүрдэггүй. Жинхэнэ эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүсээ бид сонгож чадахгүй байна. Залуу хүнийг улстөрд гаргана хэмээн туйлширдаг. Угтаа улсад олон жил ажилласан хашир туршилгатай хүмүүсээ улстөрд гаргах нь зүйтэй гэж боддог. Энэ нь ахмад залуу үеийн харьцааг алдагдуулж байгаа нь УИХ-ын том алдаа. Жишээ нь аймгийн удирдлагуудад ахмад үеийнхэн ихэвчлэн сонгогддог. Тэдэнд хувийн ашиг сонирхол гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл төрийн төлөө өөрийгөө зориулсан хүмүүс байдаг. Харамсалтай нь төрийн төлөө өөрийгөө зориулсан хүн одоогоор алга. Манай дүүргээс сонгогдсон гурван гишүүн үүргээ биелүүлэх гэж чадлаараа хичээж байгаа хүмүүс. Миний бодлоор ноён нуруугаараа Д.Тэрбишдагва нөгөө хоёроосоо илүү. Л.Эрдэнэчимэг Д.Сумьяабазар нар нь шинэ цэргүүд.

Ахмад залуу үеийн харьцааг алдагдуулж байгаа нь УИХ-ын том алдаа

С.Ширмэн /31 дүгээр хорооны иргэн/

- Манай дүүргээс сонгогдсон гурван гишүүн ганц хоёр удаа иргэдтэйгээ уулзсан. Миний мэдэхийн дорвитой ажил хийгээгүй. Манай дэнж рүү явдаг замыг засаад өгөөч хэмээн сонгууль эхлэхээс өмнө хэлсэн. Сар шинийн баярын өмнө Д.Тэрбишдагва ахмадуудаа хүлээн авч уулзаж, гарын бэлэг өгсөн. Дүүргээс сонгогдсон эдгээр гурван гишүүнд “дунд” гэсэн дүн тавина. Илүү дүгнэж чадахгүй.

Манай дэнж рүү явдаг замыг засаад өгөөч хэмээн сонгууль эхлэхээс өмнө хэлсэн

Иргэд ийн байр суурьтай байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ажил хийгдсэн талаар Засаг даргын орлогч Н.Ганаагаас тодрууллаа.

Н.Ганаа: Тэд зорилгоо нэгтгэж хамтарч ажиллах нь зүйтэй

- Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ажлууд хийсэн бэ?

- Манай дүүрэгт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон хороонд цогцолбор баригдлаа. Хамгийн сүүлд 1963 онд байгуулагдсан гуравдугаар хороонд шинэ цогцолбор байгуулсан.Эдгээр цогцолборууд  нь гэр хороололд баригдснаараа онцлогтой. Түүнчлэн цогцолборуудын тал хувь нь Өрхийн эрүүл мэндийн төвүүд. Тиймээс манай дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тогтвортой орчин бүрдсэн гэсэн үг.  

Цогцолборууд гэр хороололд баригдснаараа онцлогтой

- Шинэ сургууль,цэцэрлэг хэдээр нэмэгдсэн бэ?

- Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт их орж ирсэн. Одоогоор Дэлхийн банкны шугамаар зургаан цэцэрэг, сургууль ашиглалтад орсон. 2014 оны Улсын төсвөөс гурван цэцэрлэг, Нийслийн төсвөөс гурван сургууль барихаар болж ажил нь эхлээд явж байна. 2015 оны төсөвт хоёр цэцэрлэг болон 24 дүгээр хороонд таван жил баригдаагүй гацсан нэг сургуулийг ашиглалтад оруулна. Мөн 80,91,106 дугаар цэцэрлэгт өргөтгөл хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гэр хороолол голдуу хороонд зургаан сургууль баригдаж байна.  

2015 оны төсөвт хоёр цэцэрлэг болон 24 дүгээр хороонд таван жил баригдаагүй гацсан нэг сургуулийг ашиглалтад оруулна

- Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ажил дутагдаж байна?

- Манай дүүрэг спортын ордон байхгүй ганц дүүрэг. Энэ жил дүүргээс сонгогдсон УИХ-ын гурван гишүүн хөөцөлдсөнөөр нэг тэрбум төгрөгөөр спортын ордон барих асуудал яригдаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг 300 гаруй мянган хүн амтай ч Соёл урлагийн ордон байдаггүй. Гэхдээ орон тооны Соёлын ордон Жаргалант тосгонд бий. Гэтэл Жаргалант тосгон нийслэлээс 60 км зайтай учир соёл урлагийн үйлчилгээг авахад холддог. Одоо бид хүнийхээ хамгаалал, халамжийн асуудлыг бага зэрэг хойш нь тавиад хөгжлийн тухай асуудлыг ярих нь зүйтэй.

Манай дүүрэг спортын ордон байхгүй ганц дүүрэг

- Тэгвэл танай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүргийн удирдлагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна?

- Гурван гишүүн дүүрэгтээ хийгдэж буй нийгмийн асуудалд сайн оролцдог. УИХ-аас гарсан шийдвэрүүд гишүүдийн санаачилгаар л дэмжигддэг. Нэг гэм нь манай гурван гишүүн гурван өөр намаас сонгогдсон. Тэд тойрогтоо дараалж ажилладаг. Харин тэд зорилгоо нэгтгэж хамтарч ажиллах нь зүйтэй гэж би боддог.

Нэг гэм нь манай гурван гишүүн гурван өөр намаас сонгогдсон