m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:42
245
Г.Наранбаатар: Бид яг нийслэлийн том үйлдвэрүүд шиг бүх юм аа өөрсдөө хийдэг

Сүхбаатар аймгийн ус нь их хатуулаг, хужир, шүү ихтэй, өөрөөр хэлбэл кали, магни ихтэй юм байна. Энэ усыг хүний ундны хэрэгцээнд тохируулж шүүхэд тодорхой хэмжээний нэмэлт технологи хэрэгтэй учраас “Нутаг шим“ цэвэр усны үйлдвэрийг байгуулжээ. "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг энэхүү үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Үйлдвэрийн даргыг Д.Гомбосүрэн гэх бөгөөд тэрбээр нийслэл хотыг зориод эзгүй байсан тул түүний хүү, үйлдвэрийг анх байгуулсан Г.Наранбаатартай ярилцсан юм.

-Үйлдвэр байгуулах санаагаа хэрхэн олж байв, анх хэдэн онд анх байгуулж байсан бэ?

-Анх 2009 онд үйлдвэрээ байгуулж байлаа. Сүхбаатар аймаг маань ундны усны хувьд хатуулаг ихтэй. Үүнээс хамаараад нутгийн иргэдийн дунд элэг, ходоод, цөсний өвчлөл өндөр байдаг. Тиймээс хүмүүст сайн чанарын ус хэрэгтэй юм байна гэсэн бодол өвөрлөж явдаг байсан юм. 2006-2008 онд Английн Лондон хотод сурч байхдаа Италийн нэгэн усны үйлдвэрт ажиллаж, тэндээс л нутагтаа очоод ийм сайхан үйлдвэр байгуулах юмсан гэсэн бодол төрсөн. Үүнээс үүдээд 2009 онд байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д аймаг орон нутгаараа дамжуулан төсөл бичиж өгснөөр санхүүжилт авч, үйлдвэрээ байгуулах боломж бүрдэж байлаа.

эчнээн төгрөгөөр хөрөнгө оруулж байв. Одоо ажиллаж байгаа хүчин чадал болон ажилчдын тоо хэд вэ?

-Зээлд хамрагдан 50 сая төгрөг авсан ч төнөг төхөөрөмжөө авах гэтэл үнэхээр хаанаа ч хүрэхгүй байсан. Зөвхөн худаг гэхэд л 18 сая төгрөгний өртөгтэй. Мөн суваг татах хоолойг хамгийн хямдадаа 30 сая төгрөгөөр Хятадаас оруулж ирэх байсан. Тухайн үед гаалийн татвар хөнгөлж чадахгүй байсан учраас “Витафит” компаниас хоногт 0.5 литрийн ус 5000 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай төхөөрөмжийг авч байлаа.Урьд нь манай шүүлтүүр бүтэн 24 цаг ажиллаад 800 литр ус авдаг байсан бол одоо хоёр тонн ус авдаг болсон. Дахиад шугамаа уртасгаж ажиллавал бүүр их ус шүүх боломжтой. Манайх өвлийн цагт ажил бага үед үндсэн таван хүн ажиллаж, зундаа 10-15 хүн ажиллуулдаг.

-Ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагаас юугаараа ялгардаг вэ?

-Ерөөсөө тухайн орон нутагт өөрийнх нь хөрснөөс гарч байгаа ус гэдгээрээ л ялгаатай юм даа. Хүн өөрөө байгалийн амьтан учраас өөрийнх нь оршин байгаа газраас гарч байгаа ус нь тухайн хүндээ илүү хэрэгтэй байдаг гэж боддог. Түүнээс бусад том үйлдвэрүүдтэй харьцуулж харвал зах зээл багатай ч үйлдвэрлэл технологийн хувьд ялгараад байх зүйл байхгүй.

- Нутаг нутгийн ус өөр байдаг, тэгвэл яг энэ бүс нутгийн усны онцлог юу вэ?

-Би өөрөө энэ талын мэргэжлийн хүн биш ч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харахад Сүхбаатар аймгийн ус нь зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хатуулаг, хужир, шүү ихтэйд ордог. Энэ усыг хүний ундны хэрэгцээнд тохируулж шүүхэд тодорхой хэмжээний нэмэлт технологи хэрэгтэй гэж зөвлөсний үндсэн дээр бид үйлдвэрээ байгуулсан. Хатуулаг ихтэй ус нь өөрөө нэг талаасаа чандмань эрдэнэ боловч нөгөө талаас юуг ч идэхэд бэлэн байдаг ийм ус байдаг.

-Усныхаа савыг өөрсдөө үйлдвэрлэхийн хажуугаар чацарганы жүүс хийдэг юм уу?

-Тийм ээ бид яг Улаанбаатар хотод байдаг том үйлдвэрүүд шиг бүх юм аа эндээ хийдэг. Өвлийн цагт усны үйлдвэрлэл зогсчихдог учраас амь зогоохын тулд "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж жүүс хийдэг. Нутгийн хөрсөнд ургасан чацарганаар, нэг удаагийн чаналтаар 250 литр жүүсийг олон жил хүнсний үйлдвэрт ажилласан туршлагатай технологич боловсруулж, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулаад үдийн цайны тендерт оруулсан. Одоогоор гурван сургуульд халуун чацаргана нийлүүлж байна. Цаашдаа үүнийгээ улам өргөжүүлээд олон жимстийн жүүс үйлдвэрлэх зорилготой байгаа.

-Үйлдвэрлэл эрхлэж байхад саад бэрхшээл их л гардаг байх. Хамгийн хэцүү нь юу байв. Цаашдаа үүнийг л дэмжээд өгөөсэй гэж бодогдох зүйл байдаг уу?

-Үнэндээ одоо ч манай үйлдвэр хөл дээрээ бүрэн зогсож чадаагүй, зээлээс зээлийн хооронд явж байна. Заримдаа хүмүүсийнхээ цалинг өгч чадахгүй байх үе ч таарна. Улирлын чанартай ажилладаг болохоор хэцүү зүйл их гардаг ч бүгд л үйлдвэрийн дайтай үйлдвэр байгуулах гэж хичээж, зүтгэж байна. Бэрхшээл их гээд гомдоллоод, бэрхшээлийн өмнө сөхрөх эрх байхгүй. Үүнийг манай орон нутгийн удирдлага маш сайн ойлгож, тодорхой хэмжээнд дэмждэг. Бидэнд одоо тулгарч байгаа хамгийн хэцүү зүйл нь үйлдвэрлэх процесс явагдаж байх хугацаанд зээлээ төлөх л байна. Учир нь манайх маш олон шат дамжлагаар явж эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж борлуулснаар орлого олж зээлээ төлөх боломжтой. Ингэж үйлдвэрээ хөл дээр нь тогтоох гэж явахдаа орлогынхоо ихэнх хувийг зээлдээ өгдөгөөс үйлдвэр өргөжих, зах зээлтэйгээ хөл нийлүүлэх боломжгүй болгодог бөгөөд үүнээс болж олон хүний үйлдвэр байгуулах ажил үйлс нь бүтэлгүйтдэг. Тиймээс аль ч засгийн үед жижиг дунд үйлдвэрлэлээ сайн дэмжиж өгөөсэй гэж хүсдэг. Мөн хүнд, хүний тус багаддаггүй гэхчилэн ийм том төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа "Масс агентлаг"-ийн хамт олонд маш их баярлаж байгааг минь уламжилж өгөөрэй. 

-Үйлдвэрийн тань цаашдын зорилго юу вэ?

-Бид зорилгоо их томоор хардаг. Энэ үйлдвэр хөл дээрээ найдвартай зогсоод хэн ч харсан орон нутагт тодорхой хэмжээнд үр шимээ өгч, ажлын байрыг нэмэгдүүлж, технологийн өндөр түвшинд хүрсэн сайхан үйлдвэр болгоно гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Энэ нь ч эхнээсээ биелэж байна. Анх зориулалтын бус байранд байсан бол өргөжиж явсаар өнгөрсөн жил зориулалтын байранд орчихлоо. Усны саваа өөрсдөө хийдэг болсон. Удахгүй том баллон, жүүснийхээ савыг хийдэг болно. Цаашлаад Сүхбаатар аймгийнхаа цэвэр усны хэрэглээг 100% хангах нь бидний эрхэм зорилго болоод байгаа.

Тэтгэвэртээ гарсан ч хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 35 жил ажиллаж байгаагаас "Нутаг шим" усны үйлдвэрээ анх байгуулахад гар бие оролцон, эндээ 15 дахь жилдээ ажиллаж буй тус үйлдвэрийн технологич 

-Та ус цэвэршүүлж, боловсруулах технологи ажиллагааныхаа талаар тайлбарлаж өгөөч?

-Үйлдвэрээс нэг км хүрэхгүй газар байх гүний худгаасаа усаа татаж, нийт зургаан дамжлага шүүлтүүрээр усаа шүүдэг. Ер нь усны үйлдвэрүүдэд механик шүүлтүүр гэж байдаггүй. Харин манайх хадан цагаан, элс, бавуу, нүүрс гэсэн давхар механик шүүлтүүрээр шүүсний эцэст хамгийн сүүлийн үеийн нано филтерээр дамжин савалгаанд ордог.

-Механик шүүлтүүр юугаараа ялгаатай байдаг вэ?

-Механик шүүлтүүр нь усыг цэнгэгжүүлэх, тунгалаг байлгах, гадны том биет, хольцыг ялгах тал дээр илүү нөлөөтэй байдаг.