m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 04:26
84
Х.Баделхан Замын-Үүдийн бүтээн байгуулалттай танилцлаа

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй авто зам, дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын байгууламжуудтай тус тус танилцлаа.

Монгол улсын Засгийн газар 2011 онд БНХАУ-аас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд энэ  хүрээнд хэрэгжүүлж буй томоохон таван төслийн нэг нь Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл юм. Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн гүйцэтгэгчээр “Chaina camc engineering” ХХК ажиллаж байна. Тус компани  2012 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ажлаа эхлүүлж, 2015 онд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтаар Замын-Үүд чөлөөт бүсийн 900 га талбайн 278.62 га буюу 30.9 хувь  нь дэд бүтцэд бүрэн хамрагдах бөгөөд тус сумын дэд бүтэц болох дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ бүрэн шинэчлэгдэх юм.

Одоогийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангах 90 мВт-ыг хүчин чадалтай дулааны станц, дулаан дамжуулах төв тавыг барьж, байгуулжээ. Харин Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг дулаанаар хангах 90 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, долоон  ширхэг дулаан дамжуулах төв болон холбогдох шугам сүлжээг барьж байгуулсан байна.

Түүнчлэн чөлөөт бүсийн гол гудамж болох 5.4 км зам, хорооллын чанартай гол гудамж 6.9 км, чөлөөт бүсийг боомт хооронд холбосон 6 эгнээ бүхий 1.25 км, нийт 13.6 км авто замуудын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Цахилгаан хангамжийн хувьд Замын-Үүд сумын 10/10кВ-ийн дэд станцыг өргөтгөж,  чөлөөт бүсэд 2х16 мВт хүчин чадалтай дэд өртөө барьж, 10/04 кВ-йн 16 ширхэг дэд өртөө, 10кВ-ын хувиарлах байгууламж хоёрыг  барьж ашиглалтад оруулахаар  ажиллаж байгаа юм.  

Бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны III  улирал гэхэд ашиглалтад оруулах  төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэж байгаа аж.