m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:06
81
Эрх зүйн өнөөгийн байдлын талаар хэлэлцжээ

ХСИС-ийн ЭЗНЭС-ийн Эрх зүй онолын тэнхимээс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Эрх зүйн процесс онол, практик” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.

Тус хуралд Удирдлагын академи, Орхон их сургуулийн эрдэмтэн багш нар болон шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон ба хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох, цаашид анхаарах асуудлын талаар  илтгэл хэлэлцүүлжээ.

Удирдлагын академийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, Улсын Ерөнхий Прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой зарим асуудлыг харьцуулан судлах нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрүүгийн процессын тулгамдсан асуудлууд, харьцуулсан эрх зүйн үүднээс шинжлэн дүгнэх нь зэрэг сэдвүүдээр хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаар эрх зүйн процессын онол, арга зүй, практикийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрх зүйн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэ санаа, шинэ онол-арга зүйг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар хууль зүйн салбарын эрдэмтэн багш, судлаачид болон практик байгууллагын ажилтнууд мөн санал бодлоо солилцжээ.

Энэхүү хурал нь эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй өнөө үед “Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай” болон бусад хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө уг хурлыг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын үзэл бодол, санал шүүмжлэлийг өрнүүлж хэлэлцүүлснээрээ  чухал ач холбогдолтой болсон ба цаашид хурлаар хэлэлцүүлсэн болон ирүүлсэн бүх илтгэлээр эмхэтгэл гаргаж, нийтийн хүртээл болгох ажээ.