m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 23:21
449
С.Болормаа: Содура бол жинхэнэ уран бүтээл

-Урлагийн гэр бүлд өссөн хүүхэд урлагийн хүн болох нь элбэг байдаг. Гэр бүлээрээ урлагийн ертөнцөд амьдарна гэдэг сайхан байх?

-Ээж маань тайзан дээр бүжиглэж байхад хэвлийд нь би байсан гэж бодоход би их эртнээс урлагийн хэмнэлд автаж эхэлсэн байгаа юм. Багаасааа театрын ертөнцөд амьдарч түүнийг гайхаж, хайрлаж өссөн учраас жүжигчний мэргэжилд дурласан байх. Намайг жүжигчин болно гэхэд аав минь хүнд хэцүү мэргэжил гээд огт зөвшөөрдөггүй байсан нь намайг хайрласандаа л тэр байх. Харин ээжийнхээ дэмжлэгээр хүссэн мэргэжлээ сонгосон доо.

-Та өөрийн бичсэн зохиол, хийсэн киногоороо хүмүүст ямар нэг санаа хэлэх гэж зорьж байгаагаас гадна жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй олон оюутанд өөрийн сурч мэдсэн зүйлээ зааж сургаж байна. Уран бүтээлч хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Шавь нарын тоо нэмэгдсээр байна. Багшийгаа баярлуулж олон газар мэргэжлээрээ ажиллацгааж байгаа. Хүмүүст, шавь нартаа ч хэлдэг нэг зүйл бий. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх ёстой. Хамгийн гол нь үнэн байх хэрэгтэй. Мөн аливаа нэг зүйлд эмзэглэж хандаасай гэж хүсдэг. Тэгж өөрийгөө өөрчилж, хөгжүүлж, шинэчилж байвал уран бүтээлийн чанар сайжирна гэж боддог.

-Үзэгчдэдээ хүргэсэн кинонууд тань үүнийг баталж нэгийг бодогдуулсан, сэтгэлд эмзэглэл төрүүлсэн зохиолтой байсан. Харин таны шинэ уран бүтээл болох “Содура” киногоор яриагаа үргэлжлүүлвэл?

-“Содура” бол цаг зуурын кино биш жинхэнэ уран бүтээл гэж хэлмээр байна. Нэг жилийн турш судалгаа хийж дахин нэг жилийн турш зураг авалт хийнэ гэдэг хэр баргийн баг хамт олон хийж чадах зүйл биш. Зориг, тэвчээр гаргаж холыг хол гэлгүй, хүйтнийг хүйтэн гэлгүй дөрвөн улирал дамнан ажилласан “UBS” телевизийн уран бүтээлчид, кино багийнхандаа талархаж байна. Энэ кино группт орж ажилласнаар олон зүйлийг ойлгож, мэдэрч авлаа. Бидний дэргэд зэрэгцэн амьдарч байгаа тэр нэгэн ертөнц, үндэстэн ястны гайхалтай түүх, онцлогийг олж хараасай гэж бодож байна. Мөн би амьдралдаа тийм гайхалтай байгалийн тогтоц, үзэмжийг олж харж байсангүй. Фото зурагнаас л хардаг тэр гайхамшигт зохицлыг би нүдээрээ харсан. Үзэгчид маань тэр мэдрэмжийг “Содура” киноноос мэдрэх болно. Миний хувьд удганы дүрд тоглосон. Тэр утгаараа уран бүтээлчийн хувьд хувь хүний хувьд ч ойлгож мэдэрсэн зүйл олон байсан.

-Удган эхийн дүрд тоглосон хүн ямар шашин шүтдэг, хэр сүсэг бишрэлтэй бол гэдэг нь сонирхол татаж байна?

-Бидний багад шашин шүтлэгийг хориглодог байлаа. Харин ардчилал гарч, хүмүүсийн үзэл бодол чөлөөтэй болохтой зэрэгцэн шашин шүтлэг арай нээлттэй болсон. Тэр үеэс амьдрал, үр хүүхдээ даатгаж сүсэглэдэг болсон юм. Харин бөө мөргөлийг ихэвчлэн хар буруу юм хийдэг гэсэн бодолтой байлаа. Тэгтэл “Содура” кинонд тоглоод тэнгэрээ шүтэх нь байгалиа хайрлан биширч байгаа хэрэг юм гэдгийг ойлгосон. Хүн байгалийн холбооны учир, уул усаа дээдлэн хайрлах эргээд тэднийхээ сүр хүчинд мөргөж байгаа нь жинхэнэ сүсэг юм байна гэж ойлгосон. Одоо би тэнгэр шүтлэгтэй.

-Тайгын амьдрал дунд байж уран бүтээлээ хийсэн болохоор цаатан хүмүүсийн талаар сайн мэддэг болсон байх. Дүрээ судлахын тулд жинхэнэ удган хүнтэй уулзаж үзэв үү?

-Анх тайгад жинхэнэ удгантай уулзъя гээд кино багийнхантайгаа хамт зорьж очсон юм. Ер нь бөө удган гэхээр нүдний харцнаас эхлээд үйл хөдлөл бүхэн нь хурц, бусдаас өөр хүн байдаг гэсэн төсөөлөл бидэнд буучихаж дээ. Харин тэр айлд очоод, онго шүтээнийг нь хараад тэр бодол маань өөрчлөгдсөн.

-Та кино жүжигчин, найруулагч, зохиолч бас багш гээд олон мэргэжилтэй юм. КУДС-ийн оюутнууд таны шавь нар. Жил бүр хэдэн арваараа төгсөж байгаа залуу жүжигчид ажиллах зах зээл манай улсад байна уу?

-Багш болохоосоо өмнө би ч гэсэн ийм их жүжигчин байхад яасан олон оюутан төгсдөг юм бэ гэж боддог байлаа. Харин одоо урлагийн боловсрол хүнд илүүдэхгүй гэж боддог болсон. Амьдрал дээр гарахад 40 хүүхэдтэй ангиас хоёр л жүжигчин тодордог. Гэхдээ хүүхдүүд урлагийн хүн болъё гээд ирэхэд сонголтыг нь шүүмжилж буцаах эрх байхгүй. Тэр дундаа урлагийн боловсролтой иргэн олшрох тусам нийгэмд сайн сайхан энерги түгнэ.

-Жинхэнэ урлагийн бүтээл туурвиж түүнд л амьдралаа зориулмаар байдаг. Гэвч хааяа ахуйн асуудлаас болж зөвхөн мөнгөний төлөө ажиллах үед уран бүтээлч хүнд ямар мэдрэмж төрөх вэ?

-Хүн дандаа романтик сэтгэхүйгээр амьдарна гэж байхгүй. Сэтгэл зүрхээ тэжээх гэж сайхан урлагийн бүтээлд нойр хоолгүй зүтгэх ч үе байна. Би ганцхан урлагийн төлөө гэж зүтгэж байгаад жинхэнэ асуудалд орж байсан түүхтэй. Тэр үед залуу байж, зоригтой ч байж. “Торлогдсон хайр” гэдэг нэртэй кино хийлээ, тоймгүй их хүн үзлээ. Амжилтандаа зоригжоод их хэмжээний зээл авч хоёр дахь киногоо хийгээд бүтэлгүйтсэн. Ёстой модоо барьтлаа дампуурч, аргагүйн эрхэнд Солонгос явж бүтэн жил хар ажил хийж өрөө дарсан даа. Энэ бүхнээс олон зүйлийг ухаарч ойлгосон. Гэхдээ эргэж ирээд дахиад л урлагтаа ордог юм билээ. Уран бүтээлч хүн зөвхөн мөнгө олох гэж уран бүтээл хийж болохгүй гэж би боддог.    

- Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Үзэгчиддээ баярлалаа. “Содура” киноноос хүн гэдэг амьтны мөн чанар, амьдралын утга учир, байгалийн гайхамшиг, цаатнуудын ахуй, заншил гээд олон зүйлийг олж харна гэдэгт итгэлтэй байна.