m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 23:26
91
“Эврика” эрдэм шинжилгээний их хурал эхэллээ

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал хүрээгээ тэлж их хурал болон өргөжиж байна. Энэ жил “Эврика” эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд өчигдөр нэгдүгээр үе шат явагдаж, их дээд сургуулиуд шалгаруулалтаа эхлүүлжээ.

Монгол Улсын бүх их, дээд сургууль, коллеж /салбар сургуулиуд/-ын залуу багш, оюутнууд оролцох боломжтой үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний их хурал нь судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

“Эврика” эрдэм шинжилгээний их хурал нь эдийн засаг, бизнес, хууль эрх зүй, экологи, ХАА, анагаах ухаан зэрэг арав гаруй салбарын хүрээнд зохион байгуулагдана. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хурлаар шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшинд байршина. Мөн шилдэг оролцогчдод үндсэний хэмжээний ивээн тэтгэгч арван байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Энэхүү хурлын хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монголын их, дээд сургуулиудын консерциум ажиллаж байна. Нэгдсэн хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулагдана. Энэхүү эрдэм, шинжилгээний хурал 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.