m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 23:32
80
Сандал, суудлын "өвчин" сургуульд халдчихлаа

Ичгүүртэй, инээдтэй үйл явдал Монголд их болох юм. Офшор дансандаа их хэмжээний мөнгө хийгээд мартчихдаг УИХ-ын гишүүн, бусдыг авлига өг, тэгэхгүй  бол энэ асуудлыг шийдэхгүй хэмээн гэдийгээд бүр сүрдүүлдэг сайд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын олон гишүүн өөртэй нь хамтрахгүй, хариуцлага алдсан гэдгийг нь тогтоон  халах гэхээр тамгаа аваад зугтчихдаг Засаг дарга нар ичих булчирхайгүй гэдгээ нотлож харуулаад удаж байна.

Эрх мэдэлтэн рүү мөнгө бариад гүйлддэг арчаагүй хүмүүсийн өвчин нийгэмд ямар их халтай юм бэ

Даргын сэнтийд залрахгүй бол ажиллах амьдрах боломжгүй болсон мэт хүмүүс үхэн хатан энэ суудлын төлөө тэмцэлдэн бүр болохгүй бол боодол боодлоор нь мөнгө бариад эрх мэдэлтэн рүү гүйлддэг арчаагүй хүмүүсийн өвчин нийгэмд ямар их халтай юм бэ.

Энэ халдварт өвчин улс төрөөс халиад эрүүл мэндийн салбарт шилжсэн. 2012 оны сонгуулийн дараа юу гээч болсныг олон нийт мартаагүй л байгаа болов уу. Эрүүл мэндийн сайд асан С.Удвал нэг эмнэлгийн даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй ямар их удлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын суудалд тэгтлээ их дурласан Ц.Энхбаяр гэгч эмнэлгийг хэдэн сараар ажлыг нь алдуулж, талцуулан зарим нь нэг нь нударга зөрүүлэх дээрээ тулж байж билээ. Нийт биш гэхэд нэлээд хэсэг нь ийн эсэргүүцээд хамтран ажиллахгүй гээд байгааг нүдээр харж, чихээр сонссон хэрнээ яагаад сандал суудалтайгаа зууралдаад байдаг юм бол.  Хамт олон нь эсэргүүцэн, хүлээн зөвшөөрдөггүй даргын суудалд хэн гээч суугаад, ямар шийдвэр гаргаж, яагаад олон нийт нь эсэргүүцээд байсныг болсон үйл явдлаас эргэн нэг саная.

Энэ орчлонд дарга хийхгүй  дурласан, хүссэн ажлаа хийгээд сайхан амьдрах боломж хязгааргүй гэдгийг тэд олж харах тэнхэлгүй болтлоо зүтгэх юм даа, хөөрхий.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын суудалд түр суусан Ц.Энхбаяр үдэш оройн цагаар шийдвэр гарган, ажлаа хийж байсан хүмүүсийг хууль бусаар  халж солин, салбартаа олон жил ажилласан хүмүүсийг гэнэт халснаас энэ маргаан эхлэлтэй гэдэг. Нэг нэгээр нь дуудан уулзаж үл ойлгогдох зүйл ярьж, яагаад халсан талаар тодорхой баримттай зүйл хэлэхгүй байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн гэдэг. Эрүүл бус энэ мэт шийдвэр хэнд таалагдах билээ. Тэр тусмаа өвчин анагаадаг эмч нарт.

Энэ өвчин улс төрөөс эрүүл мэндийн салбарт цаашлаад боловсролын салбарт халдчихлаа. Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуулийн 2500 хүхэд захирал Ш.Сарантуяа болон 123 багшийн таагүй харилцаанаас болж хичээлдээ явж чадалгүй байсаар III  улирлын амралттай золголоо.

Түмний хүүхдийг сургах хариуцлагатай энэ ажлын цаана Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдийн хувь заяа байгаа гэдгийг сандал ширээтэйгээ зууралдахаас өмнө нэг  удаа ч болов боддог болоосой

Шалтгаан нь бас л хууль бус шийдвэр, удирдах ажилтны таагүй харилцаа, хов живнээс үүдэлтэй. Хамт олон удирдана гэдэг амаргүй. Хүн бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, үйл явдалд өөрийн гэсэн өнцгөөс хандана. Гэсэн  хэдий ч дээд боловсрол эзэмшсэн, нийгэмд төлөвшлөө олсон хүн удирдах, удирдуулах ёс бий гэдгийг хэнээс ч илүү ойлгосон байдаг. Гэтэл хамт олондоо ялгавартай хандан, дарга захирал гэх хүнийг дайрагч, дарангуйлагч гэж ойлгосон хүмүүс олширсноос хүүхэд хүртэл хохирч байх юм. Ш.Сарантуяа гэдэг энэ хүн өмнө нь тус сургуульд ажиллаж байсан. Сонгуулийн салхинд өртөн  ажилгүй болсон гэх  ч эргээд ирэхэд нь хамт олон нь яагаад хүлээж авахгүй байна вэ. Хэрвээ тэр хүн үнэхээр чадвартай,  хамт олноо удирдаж чаддаг байсан бол тэр олон багш нар юунд түүнийг эсэргүүцэх билээ. Нийтээрээ эсэргүүцээд байхад би энэ суудалд заавал үлдэнэ гэж зүтгэхийн цаана ямар эрх ашгийн сонирхол байна вэ. Сурган хүмүүжүүлэх ажил гэдэг жирийн нэгэн хувийн байгууллага бус. Түмний хүүхдийг сургах хариуцлагатай энэ ажлын цаана Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдийн хувь заяа байгаа гэдгийг сандал ширээтэйгээ зууралдахаас өмнө нэг  удаа ч болов боддог болоосой.

Эрх мэдэлд дурлагсад сандал, ширээнээсээ салахгүй байхын төлөө амиа тавих нь холгүй болно. Сайд дарга нараас таатай үг сонсохын төлөө аль байдгаараа хичээж бөхөлзөж, долигононо. Суудалтайгаа л байвал цалингүй ч хамаагүй ажиллая гэх дарга даамлын цаана юу гээч нуугдаж, ямар арга замаар амьдарч буйг шалгаад нэг үзээсэй. Сонгууль дөхөх тусам солиорол дээд цэгтээ хүрч энэ байтугай эрээ цээрээ алдсан үйлдэл гаарна даа. Энэ орчлонд дарга хийхгүй  дурласан, хүссэн ажлаа хийгээд сайхан амьдрах боломж хязгааргүй гэдгийг тэд олж харах тэнхэлгүй болтлоо зүтгэх юм даа, хөөрхий.