m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 02:11
190
Хил, Гаалийн байгууллагын уулзалт боллоо

Дэлхийн Гаалийн байгууллагаас 2015 оныг “Хилийн нэгдсэн менежментийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд “Хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулъя” хилийн хяналтын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газраас санаачлан  Зүүн бүсэд  зохион байгууллаа.

Дэлхийн улс орнуудын Гаалийн байгууллага бүр хил дээрх үйл ажиллагаагаа илүү түргэн шуурхай болгон сайжруулах, үүний тулд хамтарч ажилладаг хилийн хяналтын байгууллага болон хөрш орны Гаалийн байгууллагуудтай хамтын ажиллгаагаа улам өргөжүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг зорилт болгон ажиллаж буй гэнэ.

Хэдийгээр хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг, эрх хэмжээ харилцан адилгүй ч хилийн хяналтын байгууллагууд хамтран ажилласнаар “Хилийн нэгдсэн мененжмент”-ийн давуу талууд болох хилийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж сайжрах, үйл ажиллагааны давхардал багасах, өртөг зардал хэмнэх, хамтын ажиллагааны зохистой оролцоог бий болгох, тээврийн зардал багасах, мэдээлэл солилцоо өргөжих болон хилийн үйл ажиллагаанд оролцогчдын уялдаа холбоо сайжрах зэрэг үр дүнтэй.

Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаа олон нийтэд сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн холбогдолтой дүрэм журмыг ил тод, ойлгомжтой, нэг мөр байдлаар хэрэглэх, гаалиар үйлчлүүлэгч байгууллага, бизнесийн хүрээнийхэний саналыг дүрэм журамдаа тусгуулах, гааль бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Гаалийн байгууллагаас цаашид ч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг дурдсан байна.

Хилийн хяналтын байгууллагын удирдлагууд уулзалтаар хил дээр болж бүтэж байгаа зүйл ярихаасаа илүүтэйгээр хүндрэлтэй байгаа асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэн ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн нь энэхүү уулзалтын гол ач холбогдол боллоо.