m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 02:18
345
Их говийн рашааныг “Ингэн тагш” компани үйлдвэрлэж байна

Монгол Улсын тэмээн сүргийн гуравны хоёр нь Өмнөговь аймагт байдаг билээ. Энэ ч утгаараа говийн айл өрхийн амьжиргааны эх үүсгэвэр нь тэмээн сүрэг. Говийнхон ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг.  Тэр дундаас ядаргаа, гэдэс дотор, хаван зэрэгт гойд сайн хэмээн ингэний хоормог, сүүгээ шимтэн хэрэглэдэг аж.

Ингэний сүү, ааруул, хоормог, тараг зэрэг бүтээгдэхүүнийг дан ганц говь нутгийн зон олон хэрэглэдэг байсныг 2009 оноос өөрчлөхийг хичээн Ц.Цогцолмаа, Л.Хүрэлбаатар нар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд амьдран, цехээ байгуулжээ.

Ядаргаа, гэдэс дотор, хаван зэрэгт гойд сайн хэмээн ингэний хоормог, сүүгээ шимтэн хэрэглэдэг 

Тэд өөрсдийн хөрөнгөөр “Ингэн тагш” ХХК байгуулж, анхандаа жижиг хэмжээний цех ажиллуулж эхэлсэн байна. 2011 онд аймгаас зээл тусламж аван цехээ өргөтгөн хоногт нэг тонн ингэний сүү боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Анхандаа бэрхшээл тулгарч байсан ч говь нутагтаа жишиг болохуйц баялаг бүтээгч болохыг зорьж уйгагүй ажилласаар өнөөдрийг хүрчээ. Энэ ч утгаараа Мандал-Овоо сумынхаа 230 гаруй малчдаас сардаа 4-5 тонн, жилдээ 40-50 тонн ингэний сүүг авч одоогийн байдлаар 12 төрлийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын томоохон супермаркетуудад худалдаалж байна. Тус үйлдвэр байгууллагдаад таван жилийн хугацаанд иргэдийн дунд амт чанар болон бүтээгдэхүүний ашиг шимтэй байдлаар танигдахаас гадна өр зээлээ барагдуулж дууссан гэнэ.

Говь нутагтаа жишиг болохуйц баялаг бүтээгч болохыг зорьж уйгагүй ажилласаар өнөөдрийг хүрчээ

Одоогийн байдлаар бүтээгдэхүүнээ хагас автомат ажиллагаагаар хийж байгаа бөгөөд ирэх жилээс гаднын хөрөнгө оруулалт татан үйлдвэрээ өргөтгөн бүрэн автомат үйлдвэр болгон ингэний сүүн бүтээгдэхүүний экспортод гаргахаар зорьж буйгаа “Ингэн тагш” ХХК-ийн захирал Ц.Цогцолмаа дурдав.

“Ингэн тагш” компанийн хувьд малчдаас ирсэн хоормогийг дөрвөн тоннын багтаамжтай хөргөх саванд юүлж, 300 литрийн тогоо руу хоолойгоор дамжуулан 100 градуст буцалгадаг байна. Ингээд буцалгасан хоормогоо хүйтэн усанд хөргөн тослогийг тохируулан авч савлахад бэлэн болдог. Ингэний тараг, иогурт хийх тохиолдолд буцалгасан хоормогоо тараг бүрэх хэмжээнд хасах 42 градуст хөргөн, миксердэж, 50 градусын халуун камерт таван цаг байлгадаг юм.

Жилдээ 40-50 тонн ингэний сүүг авч одоогийн байдлаар 12 төрлийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын томоохон супермаркетуудад худалдаалж байна

Ингээд малчдын нийлүүлсэн хоормогийг боловсруулан аарц, ааруул, тараг, хоормог, ариутгасан сүү зэрэг бүтээгдэхүүн гаргадаг байна. Янз бүрээр савлаж, боосон бүтээгдэхүүнийг 4-8 градуст хадгалж чадвал хадгалалтын хугацаа уртасдаг бөгөөд их говийн рашаан хэмээн нэрлэгддэг ингэний бүтээгдэхүүн нь дотор цайруулах, химийн хордлого тайлах, элэг цэвэрлэх, сахарын хэмжээ бууруулдаг болохыг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байна. 

Бүрэн автомат үйлдвэр болгон ингэний сүүн бүтээгдэхүүний экспортод гаргахаар зорьж буйгаа “Ингэн тагш” ХХК-ийн захирал Ц.Цогцолмаа дурдав

Өмнөговь  аймаг Мандал-Овоо сум "Ингэн тагш" ХХК холбогдох утас: 99716821, 98610172