m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 03:11
263
Монголоо бэдэрсэн Монголын циркчид

“Дэлхийн цирк Монголд” гэсэн зар хагас сарын өмнөөс гарч эхэлсэн. Энэ тоглолтыг Монголд зохион байгуулж буй Монгол циркийн хөгжлийн төвийнхөн сэтгүүлчидтэй хамтран ажиллах талаар ярьж байсан ч тасалбар нь тоглолт эхлэхээс бараг долоон хоногийн өмнө зарагдаж дуусаад, дахин сунгах тухай ярьж эхэлснээс нүүрээ буруулав.

Тэдний үзүүлсэн бүх үзүүлбэрийг монголчууд чаддаг байсан юм шүү

Дэлхийн арав гаруй орны циркчдийг эх орондоо авчирсан тус хамт олонд зар сурталчилгаа хэрэггүй байгаа нь илт. Долоон өдөр үргэлжилсэн тоглолт нь дүүрэн үзэгчтэй, гадна нь тасалбар авъя гэсэн хүмүүс олон байв. Хамтран ажиллаагүй гэх яриагаа хойш тавиад сэтгүүлч хүний нүдээр харж, мэдэрсэн зүйлээ уншигч олонтой хуваалцах нь зүйн хэрэг гэж шийдлээ. Юуны өмнө энэ тоглолтыг зохион байгуулсан хамт олон тэр дундаа Монгол циркийн хөгжлийн төвийн захирал Н.Эрдэнэд талархах ёстой болов уу. Цирк гэж ийм урлаг байдаг, Монголын циркчид ямар чадвартайг харуулах тоглолтыг тэд мартуулахгүйг хичээж буй учир талархаж байгаа юм.

Сайхан тоглолт үзээд циркийн хаалгаар гарч явахдаа  гунигт бодол тархинд эргэлдэв. Яагаад гунигт бодол төрсөн юм бэ гэж үү. Монголын циркчид хаана байна вэ, циркийн урлаг , ур чадвараараа дэлхийд гайхагддаг монголчууд хаагуур юу хийж яваа билээ гэх бодол намайг “зовоов”. Бид хүүхэд байхдаа монгол циркчдийнхээ гайхам, бахдам сайхан үзүүлбэрийг үзэж, нүд хужирладагсан. Улирлын амралтаар дөрвөн төгрөг бидэнд аав, ээж маань ёс юм шиг өгдөг байлаа. Гурван төгрөгөөр цирк, нэг төгрөгөөр нь кино үздэг бичигдээгүй хууль социализмын үед байсан юм.

Олон нийтийг соронз мэт татаж, хүүхэд багачуудад инээд хөөр бэлэглэсэн олон улсын циркчдийн үзүүлж буй бүх номер Монголд байсан юм. АНУ-ын алиалагчийн ур чадвар сайн ч түүнээс илүү гарах Данзан, Цээеэ, Латив тэдний залгамж халаа Монголд байсан. Агаарын гимнастикийн дүүлэн нисэх үзүүлбэрийг монголчууд хэрхэн үзүүлж байсан  нь одоо ч миний сэтгэлд тод. Морьтны гайхамшиг, хүч тамирын үзүүлбэр, уран нугаралт гээд Монголын циркчид бүгдийг чаддаг, үзүүлдэг байлаа. Гэтэл өнөөдөр бид олон улсын циркчдийг урьж авчраад тэдэнд мөнгө төлж байх. БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнамын циркчид гайхаад барашгүй үзүүлбэр үзүүлээгүй ч монголчуудын цирк үзэхсэн гэх цангааг тайлж чадсан. Тэдний үзүүлсэн бүх үзүүлбэрийг монголчууд чаддаг байсан юм шүү.

Циркийг хувьд шилжүүлснээс хойш шинэ жил, хүүхдийн баяраар зохион байгуулдаг цөөнгүй цэнгээнт тоглолтыг хүүхдүүдийн хамт үзэж байсан. Амьд хөгжимгүй, ашигласан дуу, ая нь үе үе хацаж үзэгчдийн элэг доог болдог юм. Харин олон улсын циркийн тоглолтод Улсын филармонийн хөгжимчид ирж тоглолт, аялгууг хослуулснаар тэртээх 1980, 1990-ээд оны циркчид алтан манежнаа ирэв үү гэж андуурмаар байсныг онцолъё.  Циркийн салшгүй нэг хэсэг нь амьд хөгжим юм гэдгийг энэ тоглолтоос харж болохоор байна.

Циркийнхэн гэх дансанд байгаа хүмүүс, тэдний бэлтгэлээ базаадаг өрөө нь тэр байгууламжийн арав хүрэхгүй хувьд нь л байх юм билээ.

Циркийг хувьчилснаас хойш хэдэнтээ очсон. Менежментийн хувьчлалаар авсан уг газрыг Их аварга Асашёорү Д.Дагвадоржийн ээж удирдаж буй. Эргэн тойронд нь  олон төрлийн хаяг зүүсэн байгуулага бий болжээ. Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Ж.Норовсамбуу гуайтай уулзах гэж очоод циркийн ажилчдын хаалгыг хайгаад ололгүй баахан тойрсон. Баруун мухарт нь байх хаалгыг хүн орж гардаггүй гэж андуурч, тойрч будилжээ. Удаа дараа заалгасны эцэст уулзаж билээ. Бэлтгэл хийдэг өрөө нь бачуухан, хүйтэн. Циркийнхэн гэх дансанд байгаа хүмүүс, тэдний бэлтгэлээ базаадаг өрөө нь тэр байгууламжийн арав хүрэхгүй хувьд нь л байх юм билээ.

Монголчууд цирк үзэхээ байсан, хоосон байлгаж байхаар түрээсэлдэг гэх удирдлагынх нь үгийг би эрс няцаамаар санагдлаа. Жилдээ ганцхан ирэх олон улсын циркийг монголчууд яаж үзэж буйг энэ байгууллагыг удирдаж буй хүмүүс харж байгаа байх. Нэг хэсэг урлаг соёлд мөнгө зарах манатай байсан нь үнэн. Картын ганц нэг талхаа л авахаа боддог байсан цаг үе өнгөрөөд даруй 20 жил болж. Одоо монголчууд эх орноороо бахархах, үндэсний гэсэн бүрийг дээдлэх, хүндлэх тэдэндээ мөнгөө зориулах ухамсартай болсон. Тиймээс ч циркийг олон зуугаараа үзэж, долоон өдөр тоглосон тоглолт үзэгчээр тасрахгүй байх билээ.

Улс орон мөнгөгүй, тарчиг гээд аль нэг салбараа орхигдуулж боломгүй. Бодлогоор дэмжээд авч явах салбарын нэг  нь циркийн урлаг мөнөөс мөн. Гэтэл Монголын төр авьяас чадвартай циркчдээ дэлхийгээр нэг тараачихаад, улсдаа ганцхан циркийн байгууламжаа нэг гэр бүлд менежментийн гэрээ гэх нэрээр хувьчлаад шаардлагаа ч тавьж чадахгүй, тэдний өмнө бөхийгөөд сууж байх.

Одоо монголчууд эх орноороо бахархах, үндэсний гэсэн бүрийг дээдлэх, хүндлэх тэдэндээ мөнгөө зориулах ухамсартай болсон

Дэлхийгээр тарсан циркчид тухайн улсдаа гайхагдан үзэгчдээр тасрахгүй ажиллаж амьдарч байна. Тэгвэл тэд эх орондоо ажиллаж амьдраад, дэлхий тайзнаа тоглолтоо сонирхуулж өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх боломж бий. Гагцхүү төрийн бодлого, сайн менежмент л дутагдсанаас энэ салбарт сэтгэл зүрхээ зориулсан уран бүтээлчид асгасан шагай мэт дэлхийд “тэнэж” явна. Бүр үгүй болчихоос нь өмнө салбартаа анхаарлаа хандуулж ажил хэрэг болгохыг сэтггүүлч миний бие бус олон нийт хүсэж, шаардаж байгааг эрх мэдэлтнүүдэд дуулгая.