m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 03:12
109
Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцжээ.

Шалгалтын явцад  Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат нар нь өөртөө урамшуулал олгосон байжээ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм. 

Дээрх албан тушаалтнуудад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг харьяа дээд байгууллагууд руу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямсүрэнг албан үүргээс нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатын үндсэн цалинг нэг сарын хугацаатай 30 хувиар бууруулж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбатын үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.