m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 03:49
69
Ц.Мөнхтөр:А.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 30 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл өглөө.  

Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталжээ. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, энэ оны хоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон байна.  Яамд, агентлагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн нийт 592 саналыг нарийвчилсан төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн байна. Эдгээр саналуудаас давхардсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөтөлбөртэй шууд уялдаагүй саналуудыг агуулгын хувьд нийцүүлэн заримыг нь хассан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөнд 220 орчим санал, үйл ажиллагааг тусгажээ.   

Түүнчлэн хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталжээ. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо ноосны чанар, боловсруулах үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000, хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор  журамд заасан байна.  

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Төрийн өмчийн хорооны дарга А.Нанзаддоржийг ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бэ?

- А.Нанзаддорж нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн даргыг Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулснаар томилно.

- Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн даргадаа Лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авч өгсөн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?

- Энэхүү мэдээлэл өнөөдрөөс хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа учир өчигдрийн хуралдаанаар яригдаагүй.  

- Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Ямар шийдвэр гарсан бэ?

- Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн асуудлыг хэлэлцээгүй. Учир нь энэхүү асуудлыг дахин судлах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан.