m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 04:06
247
Хорих 401, 411 дүгээр ангийг худалдана

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдах шийдвэр гарчээ.

Дуудлага худалдааг 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг Төвлөрсөн хорих ангийг барих ажилд зарцуулах аж. ШШГЕГ-ын харьяа хорих 401, 411 дүгээр анги нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай бөгөөд нийт 5.3 га газарт байрлах 29 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөөс бүрдэнэ. Тус хорих ангиуд нь 1958 онд ашиглалтад орсон. Дуудлага худалдааны үнийн доод үнэ есөн тэрбум 700 сая төгрөгөөс эхлэх юм байна. 

Тус хорих ангиудын байгууламж цэвэр усны шугамд холбогдоогүй, бохир усны шугамд холбогдсон бөгөөд өөрсдийн гүний худгаас цэвэр усны хэрэгцээгээ хангадаг, дулааны дотоод эх үүсвэртэй аж.