m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 04:09
49
Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 30 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. 

Татварын торгууль, алдангийн хариуцлагын заалтыг боловсронгуй болгоно

Татварын ерөнхий хуулиар ногдуулж буй торгууль, алдангийн заалтыг боловсронгуй болгох чиглэлээр Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.

Энэ хууль батлагдвал татвараа үнэн зөв ногдуулсан боловч хугацаанд нь төлөөгүй татвар төлөгчид хүлээлгэх торгуулийн дарамт байхгүй болно. Мөн НӨАТ-ын тухай хуулийн дагуу торгууль, хүү ногдуулж буй хариуцлагын заалтыг Татварын ерөнхий газрын хариуцлагын заалтад нэгтгэснээр татварын зөрчилд ногдуулж буй хариуцлага давхардалгүй, хугацааны хүчин зүйлийг тооцсон ойлгомжтой байдлаар үйлчлэх болно гэж үзэж байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш нийгэм,  эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.

Энэ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ.

Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэж, хорих ял эдэлсэнтэй холбоотой хувь хүнд үүсэх сөрөг үр дагавар буурна гэж үзэж байна.

НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн талаар танилцууллаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын талаар Сангийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн үйл ажиллагааг Төслийн ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд хүлээн авч, ашиглалтад оруулахыг Татварын ерөнхий газрын даргад даалгав.

Засгийн газрын тогтоолын дагуу тус газрын дэргэд “НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх” төслийн нэгж ажиллаж байна.

Энэ систем нь иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр худалдан авалт хийх үедээ урамшууллын сугалаанд оролцох, төлбөрийн картандаа буцаан олголт авах зэрэг боломж олгожээ.

Товч мэдээ

·  “Рашаант дахь улсын нөөцийн агуулах төсөл”-ийн концессын гэрээг “Нейшл трейдинг энд транспорт групп” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

·  Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулах “Засаглалыг дэмжих, төвлөрийг сааруулах” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулах “Бодлогын дүн шинжилгээ, хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргана.

·  Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт санал оруулах тухай асуудлыг дэмжээд саналыг хуулийн төсөлд тусгуулахаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхийг Сангийн сайдад даалгалаа.

·  Богдхан уулсын дархан цаазат газрын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. 

·  Залуучуудын хөгжлийн асуудлаарх үндэсний хорооны дүрмийг баталж, хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг үндэсний хорооны дарга, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд даалгалаа.

·  Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам“-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

·  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго болон хоёрдугаар босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад зөвлөжээ.

·  Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2014 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

·  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгахаар тогтов.

·  АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч сард зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт болон Японы нийгмийн хамгааллын тогтолцоотой танилцах арга хэмжээнд оролцсон дүнг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

·  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг дэмжиж УИХ-ын хуралдаанд нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо