m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 05:22
74
С.Эрдэнэ: Төсөв барсан хэрэггүй зүйл бид хийхгүй

НХХ-ийн сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган удахгүй эхлэх гэж байна. Чуулганаар нийгмийн хамгааллын чиглэлийн олон чухал хууль хэлэлцэх төлөвтэй байна. Хамтын тэтгэврийн хуулийг өргөн мэдүүлсэн, ямар зүйл заалттай хууль батлагдах талаар иргэд хүлээлттэй байна?

-Хаврын чуулганд ач холбогдол өгч байна. Нэн тэргүүнд их төрийн шинэчлэлд төрөөс  баримтлах бодлого, Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Ахмад настан гэдэг бол нийгмийн чухал бүлэг шүү дээ. Түүнээс гадна Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүчирхийллээс хамгаалах тухай хууль гээд олон чухал хуулийг өргөн барьж хэлэлцэх гэж байна. Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнд тооцох хариуцлагын асуудал нийгмийн чухал асуудлын нэг болоод байна.

Зарим нэг хүний хэлж байгаа шиг үр өгөөжгүй ажил хийж, төсөв мөнгө барсан зүйл бид хийхгүй. Үүнийг баталгаатай хэлж чадна

-Эрүүл мэндийн цахим карттай болох талаар та мэдээлэл хийсэн. Олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Иргэний үнэмлэхийг ухаалаг, хаана ч ашиглах боломжтой гэж сурталчилж байсан ч хуучнаасаа дээрдсэн зүйл алга. Эрүл мэндийн цахим картыг үүнтэй адил гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна?

-Эрүүл мэндийн цахим карт ухаалаг гэхээсээ илүү иргэндлээ маш чухал хэрэгтэй баримт бичиг байх болно. Даатгуулагчийн мэдээллээ авах бааз болохоосоо гадна санхүү, төлбөрийн мэдээллийн хэрэгсэл байх юм.

-Иргэд маань хэзээ цахим карттай болох юм бэ?

-Хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоогоор 30 гаруй тусгай журам боловсруулж байгаа. Зарим журам нь Засгийн газраас батлагдах учиртай. Юутай ч долдугаар сарын 1 гэхэд хууль хэрэгжиж эхлэхэд дагаж мөрдөх бүх дүрэм, журам батлагдаад бэлэн болсон байна.

Эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авахад нь туслах гол мэдээллийн бааз болох учир чухал ач холбогдолтой.

-Зарим иргэн цахим картыг  үнэтэй тараах юм байна гэсэн мэдээлэл авсан байна. Ер нь энэ картыг хэдэн төгрөг төлж иргэн авах юм бэ. Эсвэл нэг удаа үнэгүй тараах юм уу?

-Энэ асуудал журмаар зохицуулагдана. Одоогоор журам нь гараагүй болохоор хэлэх боломжгүй юм. Зарим нэг хүний хэлж байгаа шиг үр өгөөжгүй ажил хийж, төсөв мөнгө барсан зүйл бид хийхгүй. Үүнийг баталгаатай хэлж чадна. Эрүүл мэндийн цахим карт гэдэг арилжааны хэрэгсэл бус эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авахад нь туслах гол мэдээллийн бааз болох учир чухал ач холбогдолтой.

-Танд баярлалаа. ажилд нь амжилт хүсье.