m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:38
66
Ч.Батсүх: Улиастай сумын зургаан баг хөгжлийн төвтэй болно

Завхан аймгийн Улиастай сумын иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэсэн санал гомдол ихээр ирдэг байсан. Иймд тус сумын Засаг даргын санаачилгаар шинээр хөгжлийн цогц төв байгуулах ажил өнгөрсөн оноос эхлэн өрнөжээ. Энэ талаар Улиастай сумын Засаг даргын орлогч Ч.Батсүхээс тодрууллаа.

-Багийн иргэдийн хөгжлийн төвийг шинэчилэн байгуулснаар иргэдийн цаг зав хэмнэхээс гадна төрийн бүх үйлчилгээг нэг дор авах боломж бүрдэж байгаа гэсэн. Тэгвэл хөгжлийн төв дотор хэдэн төрийн бус байгууллага ажиллаж байна вэ?

-Улиастай сумын төрөөс үйлчилгээ үзүүлж буй засаг, захиргааны хамгийн анхан шатны нэгжийн барилга байгууламж бол их давчуу, жижиг хэрнээ нэг дор цогцлоогүй байсан. Тиймээс Улиастай сумын Засаг даргын санаачилгаар зургаан багаа иргэдийн хөгжлийн цогц төвтэй болгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд өнгөрсөн онд Богдын гол, Чигэстэй багийн иргэдийн хөгжлийн төвийг барьж байгуулсан юм. Энэхүү төв маань өрхийн эмнэлгийн стандартад нийцэхүйц долоон өрөөтэй, мөн багийн Засаг даргын ажлын алба, иргэдийн хурлын төлөөлөгч, тухайн багт хэв журам сахиулдаг багийн байцаагч, цагдаа зэрэг иргэдэд зайлшгүй шаардлагатай байдаг байгууллагууд ажиллаж байна. Дээрээс нь үсчин, халуун ус, саун, бие бялдаржуулах төв ажиллаж байгаа юм.

Ирэх он гэхэд зургаан багаа бүгдийг нь хөгжлийн төвтэй болгохоор зорилт тавиад ажиллаж байна.

-Хэчнээн төгрөгийн төсвөөр бүтсэн бэ?

-Өнгөрсөн оны хувьд Аймгийн хөгжлийн сангаас Богдын гол багийн иргэдийн хөгжлийн төвийг 300 сая төгрөг, Чигэстэй багийн төвийг 380 сая төгрөгийн төсвөөр баригдсан. Үүнийг орон нутгийн компани худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерт шалгарч хийсэн.

-Багийн иргэдийн хөгжлийн төвд иргэдийн төлөөлөгчдийн хурал хийх заал танхим бий юу. Өмнө нь энэ тал дээр их асуудалтай байсан гэсэн?

-Багийн хөгжлийн төв нь багийн иргэдийн нийтийн хурлаа хийдэг заал танхимтай байх ёстой байдаг. Бид өмнө нь сургуулиудын заалыг түрээслэх, эсвэл зуны улиралд хуучин төвийнхөө гадаа хуралдаж зөвлөлддөг байсан бол шинэ төвдөө хурал зөвлөгөөн зохион байгуулах танхимыг байгуулж өгснөөр энэ бүх асуудал шийдэгдсэн гэж үзэж болно. Мөн хурал зөвлөгөөнгүй үеэр тухайн багийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын клубуудыг ажиллуулдаг. Жишээлбэл, шатар, даам, бие бялдаржуулах төв гэх мэт.