m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:41
765
Амьд явах эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан байдаг

Амьд явах эрх

Хүн бүр амьд явах........ эрхтэй.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1-ын 3 дугаар зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор  харилцах ёстой бөгөөд хүний эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг,  улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал,  эд хөрөнгө, язгуур угсаа, болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр баталгаатай эдлүүлэх ёстой.

Монгол Улсын иргэн амьд  явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Монгол Улсын Үндсэн  хуулийн Арванзургадугаар зүйлийн  1 дэх хэсэг

Хүний хамгийн үнэ цэнэтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм. Учир нь энэ эрх  зөрчигдсөнөөр бусад бүх эрх зөрчигдөх, дуусгавар болох эрсдэлийг  дагуулдаг.  Тиймээс  амьд явах эрх бол байгаль дэлхийгээс хүн гэгч оюун ухаант бодгальд заяасан цорын ганц эрхэм дээд эрх юм. Олон улсын түвшинд амьд явах эрхийн хамгаалалтыг явцуу, өргөн хоёр утгаар тайлбарладаг.

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна

Явцуу утгаар:

Хүний амь насыг дур зоргын халдлагаас хамгаалах, хүний амь насыг аврахын тул хийж болох зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт бөгөөд хүний амь насны эсрэг халдлагаас төр хамгаалах үүрэгтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэ эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээг авсан юм. Гэхдээ  ийнхүү хуульчилснаар амьд явах эрх бүрэн хамгаалагддаггүй учраас төрийн бодлого,  төрийн байгууллагын үйл ажиллагаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байх ба төрөөс амьд явах эрхийг хангахуйц хууль зүй, нийгэм, эдийн засгийн болон бусад үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал юм.

 Амьд явах эрх бол байгаль дэлхийгээс хүн гэгч оюун ухаант бодгальд заяасан цорын ганц эрхэм дээд эрх юм

Төрийн байгууллага, албан тушаалтнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дараах үндсэн чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлнэ.

  1. Гэмт  хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ  хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох.
  2. Гэмт хэргийн шалтгаан  нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга  хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх.
  3. Давтан  гэмт хэрэг үйлдэхээс  сэргийлэх зорилгоор хорих ял эдлээд суллагдсан хүнд энэ хуульд заасан журмын дагуу захиргааны хяналт тогтоох.
  4. Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон  аж ахуйн нэгж,  байгууллагыг өмчийн хэлбэр  харгалзахгүй татан оролцуулах.
  5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон  хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах,  сургалт зохион байгуулах.

Өргөн утгаар:

 Хүний амьд явах , амьдрах наад захын хэрэгцээг хангахад чиглэсэн хоол хүнс, хувцас, орон  байр,  аюулгүй орчин зэргийг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм.

Амьд явах эрхийг хангахтай холбоотой төрийн үүргийг  зөвхөн гэмт хэргээс  урьдчилан  сэргийлэх арга хэмжээгээр  хязгаарлахгүй

Тиймээс амьд явах эрхийг хангахтай холбоотой төрийн үүргийг  зөвхөн гэмт хэргээс  урьдчилан  сэргийлэх арга хэмжээгээр  хязгаарлахгүй бөгөөд  хүний зарим  эрхийг  төрөөс хэрхэн хангаж байгаагаас  хүний амьд явах  эрхийн баталгааг үнэлдэг. Жишээ нь:

  • Эрүү шүүлтээс ангид байх эрх
  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны тэнцэл хамгаалуулах эрх
  • Эрүүл мэндээ  хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх
  • Хөдөлмөрийн  аятай нөхцөлөөр хангуулах эрх
  • Халдашгүй, чөлөөтэй байх эрх.

Эдгээр эрхийг  хангахад төрийн тогтолцоо,  бодлого, үйл ажиллагаа нь чиглэсэн байх учиртай.  Учир нь хүний эрх нь  түгээмэл, салшгүй, хуваагдашгүй шинжтэй бөгөөд нэг эрхийн зөрчил нөгөө эрхэд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг.