m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:22
233
Х.Дуламсүрэн: "Учрах тавилан" 10-хэсэг

Сарнай Цэлмэгийг уучилжээ. Уучлах ч гэж дээ, цаг хугацаа түүний гомдол цөхрөлийг бага багаар мартагнуулж байв. Гэсэн ч бүр мөсөн сэтгэлээс нь арчигдана гэж үгүй биз.

Цэлмэг “Тэр утсанд ирсэн мессэжүүдийг надтай ямар ч учир холбогдолгүй, надад хайртай дуртай гээд гүйгээд байдаг нэг эмэгтэй бий. Тэр л чи бид хоёрыг хэрэлдүүлэх гэж янз бүрийн юм бичээд байгаа байх. Миний хань, энэ бүхэнд итгэж сэтгэлээ зовоох хэрэггүй. Нэг хүүхдийн сураг гараад байдаг ч би сайн мэдэхгүй, тэр миний хүүхэд биш байхаа”, гэх зэргээр хэдэн өдөр Сарнайн урьд, хойно гарч аргадаж, тайлбарлаж гүйсэн болохоор Сарнай тэгсгээд чимээгүй болжээ.

Гэсэн ч Америкаас ирсэн дуудлага, мессэжийг олж мэдсэн тэрээр нөхрөө Америк руу ямар нэгэн асуудлаар ойрын хэдэн жилдээ явуулахгүй байхаар хатуу шийджээ. Ингэж эхнэртээ баригдсан Цэлмэгийн, Халиунаа Учирал хоёр дээр очих бодол нэг хэсэгтээ талаар болов.

Сарнай ч гэрт суун Цэлмэгийн амрагийн явдлын талаар бодож өөрийгөө зовоохгүйн тулд охиноо яслид, хүүгээ цэцэрлэгт нь өгөөд эртхэн ажилдаа оржээ. Улаанбаатар хотоос зүүн тийш Тэрэлж явах зам дагуу баригдаж байгаа тэдний эмчилгээ, сувиллын газрын барилга ч бараг дуусах шатандаа орж, ирэх хавраас ашиглалтад оруулахаар төлөвлөв. Ажил ид өрнөж, цаг завгүй байгаа болохоор Цэлмэг , Сарнай хоёр элдвийн асуудлаар хоорондоо маргалдаж, муудалцалгүй нэг хэсэгтээ амар тайван амьдарч байв.

Харин энэ үед Америкийн Иллиноус мужид Тэмүүлэнгийн гэрт багахан хэмжээний хүлээн авалт болж байлаа.

Учир нь энэ өдөр Учиралын төрсөн өдөр болж байв. Учирал нэг нас хүрч байгаа баярт өдрөөр нь Тэмүүлэн ойр тойрны найз нөхдүүдээ урьжээ. Мөн Халиунаагийн шинэ танилцсан найзууд ч энэхүү баярт хүрэлцэн ирсэн байв.

Гадаа талбай дээр ширээ засаж, хорхог, боодог хийж идэн, монгол маягаараа баярлаж суугаа тэд, дуулах нь дуулж, уух нь ууж их хөгжилтэй өдрийг өнгөрөөж байв. Аав ээжээ дагаж ирсэн хүүхдүүд ч мөн ногоон талбай дээр хөгжилдөн тоглож байлаа. Зочдын ширээний зүүн дээд хэсэгт суусан Анхаа бүсгүйн хажууд Халиунаа ирж суунгаа, түүнд хандан, 

-Эгчээ таныг энд ирсэнд үнэхээр их баярлалаа. Өнөөдөр ажилтай гэж хэлж байсан болохоор чинь ирэхгүй л байх гэж бодож байсан юм гэхэд, Анхаа,

-Ирэлгүй яах вэ дүү минь, ажлаасаа чөлөө авчихсан гэснээ, Тэмүүлэнгийн өвөр дээр сууж байсан Учирал руу харан “энэ хөөрхөн хүүхэд том болсноо тунхаглан зарлаж байхад эгч нь ирэхгүй байж яаж болох билээ" гээд угийн нүүрэмгий хээгүй зангаараа тас, тас хөхрөн инээв. Халиунаа,

-Танд үнэхээр их баярласан шүү ажилд оруулж өгсөнд, одоо ажилдаа овоо гаршиж, бас нэлээн дадлагажиж байгаа. Тантай нэг уулзахсан гэсэн бодол байсан ч цаг зав болохгүй байсаар өдий хүрлээ гэхэд , Анхаа 

-Тэр яах вэ, ажлаа гайгүй сайн хийж байвал болох нь тэр. Бид чинь бие биендээ тэр зэргийн тус хүргэлгүй яах вэ. Өөр хэрэгтэй юм байвал эгчдээ хэлж байгаарай, эгч нь чадах чинээгээрээ л туслахыг бодно гэхэд Халиунаа,

-Цаашдаа хэлний бэрхшээл жаахан гарч магадгүй юм шиг санагдсан. Тийм болохоор энэ өвөлдөө ажлаа хийж байгаад, ирэх зунаас сургуульд орж хэлээ сайн сурдаг юм билүү гэсэн бодол байгаа гэсэнд, Анхаа,

-Тэр ч тийм шүү, “хэлтэй бол, хөлтэй гэж” англи хэлэндээ гаргууд сайн байх юм бол үүнээс ч илүү боломжтой аятайхан ажил зөндөө, гэснээ за тэр ч яахав яваандаа болох асуудал гээд нүдээ онийлгон жигтэй харцаар Тэмүүлэн лүү ирмэснээ, Халиунаагийн чихэнд “ингэхэд Тэмүүлэн та хоёр ямаршуу байна даа. Цаадах чинь чамд их сайн юм шиг байна лээ шүү дээ, хүүхдэд чинь хэзээний аав нь юм шиг л хандах юм. Миний дүү арай л, хатуурхаад байгаа юм уу, за тэгээд залуу улсын явдлыг ч би юугаа мэдэх вэ, сууж амьдрахаар болсон ч юм билүү, хэрэв цаадах чинь болмооргүй бол манай нөхрийн найз гайгүй баян эхнэргүй Америк нөхөр бий шүү, монгол гайгүй хүүхэн байна уу л гээд байсан ” гэж хэлээд инээд алдахад, Халиунаа "хүн сонсчихоогүй байгаа" гэсэн байртай ийш,тийш харснаа,

-Бид хоёрт тийм юм байхгүй ээ. Та мэдэж байгаа шүү дээ намайг, би өөр хүнд хайртай, тэр нь Тэмүүлэнгийн найз. Удахгүй энд ирэх биз. Тэгээд ч Тэмүүлэн надад тохирох хүн биш, харин хөөрхий чадлаараа л тус болж байгаа түүнд нь талархаад ч барамгүй сууна. Бид хоёр нэг байранд байгаа ч тус, тусынхаа амьдралаар амьдарч байгаа харин тэр Америк залуугийнхаа талаар дараа ярья гэж бараг шивгэнэх шахам түүнд хэллээ. Анхаа,

-Тийм бол яах вэ дээ, өөрсдөө мэдэж байгаа биз, эгч нь зүгээр л асуусан юм, гээд санаа зовсон байдалтай чимээгүй болоход Халиунаа,

-За та хоол унд сайн идэж уугаарай, дүү нь тэд нар дээр оччихоод ирье гээд цаана сууж байгаа Тэмүүлэн Учирал хоёр луу явлаа.

Өдөржин бужигнасан хүмүүс орой бүрий болохын алдад гэр, гэрийн зүг хөдөлцгөөлөө. Учирал ч төрсөн өдрийн зөндөө их бэлэгтэй болж. Халиунаа хүүгийнхээ бэлгүүдийг өрөөнд нь оруулаад, өглөөнөөс хойш хүн, хүний өвөр дамжиж явсан хүүгээ эртхэн унтуулахаар орон дээр нь тавин бүүвэйллээ. Хүү ч ядарсан бололтой төд удалгүй унтав.

Халиунаа зочдын үлдээсэн аяга тавгийг хураан, ойр зуурыг нь цэвэрлэн зогсож байтал уусан шар айргандаа жоохон халамцсан Тэмүүлэн Халиунаагийн хажууд ирж юу ч дуугаралгүй хэсэг зогссоноо, тэснэ, тэснэ гэхэд энэ удаа яаж тэсэх билээ гэсэн байртай Халиунаагийн араас нь тэврэн авч хүзүүн дээр нь үнслээ.

Халиунаа Тэмүүлэнг гэнэт ийм зан гаргасанд гайхан цочирдсон ч, бараг жил шахуу эр хүнтэй ойртон янаглаж амжаагүй бие сэтгэл нь, түүний ичингүйрэл, дургүйцлийн өмнө хүчгүйдэж яах учраа олохгүй, дэмий л гайхан алмайрч, Тэмүүлэнгийн хүсэл тачаалд захирагдан зөрүүлэн үнсэж эхлээ.

Тэдний аль алинд нь юм хэлэх шаардлага байсангүй. Олон сараар тэвчин хязгаарлаж байсан бие сэтгэл нь тэдний өмнөөс тачаадан ярилцаж байв.

Тэд үнсэлдэн тэврэлдсээр Тэмүүлэнгийн өрөөнд орцгоолоо. Нүд, хамар, уруул, хүзүү, хөх гээд хаа сайгүй үнсэн үнгэх Тэмүүлэнгийн оргилуун дур хүсэлд Халиунаагийн бие шатах гэж буй мэт оволзон дүрэлзэж, өөрийн мэдэлгүй хүсэл тачаалын гал руу шурган орлоо.

Эргээсээ хальж урсах усны урсгал мэт юунд ч захирагдахаа болсон тэдний шунал тачаал дээд цэгтээ хүрэхийн алдад шөнийн жаргал цэнгэлд нь дараа болохгүйг хичээх мэт хөшигний цаана гэрэлтэн гийгүүлж байсан саран авхай ч бүүдийн алсалсаар чимээгүйхэн холдож үзэгдэв .