m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 23:18
2031
Төлийн дуу цангинасан малчны хотонд өнгөрүүлсэн нэг өдөр

Малчны хотон дахь өглөө үүрээр эхэлдэг аж. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Борын хөндий гэх газар  малчин Ё.Баасанжав гуайнх хаваржиж байна. Тэрбээр хүүхэд байхаасаа нийслэлд ажиллаж, амьдарч яваад 15 жилийн өмнө эхнэрийн хамт хөдөө гарчээ. Эхнэр Ё.Цэцгээ нь унаган хотын хүн учраас мал дээр гараад мэдэхгүй чадахгүй зүйл зөндөө их байсан ч хичээнгүй шаргуу хөдөлмөрийн үрээр 15 жилийн хугацаанд мал маллах арга ухаанаас чамгүй сайн суралцжээ. 

Өвөл бол малчдын биеэ тэнхрүүлж амарч авдаг ганц улирал. Хавар болж мал төллөх үе малчдын хамгийн завгүй бөгөөд хүч шаардсан улирал байдаг аж. Мэдээж зундаа идээ цагаагаа хураах, намартаа өвлийн бэлтгэл, хадлан хадаж өвс тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо бууцнаас нь салгаж цэвэрлэх гээд ажил мундахгүй. Тийм ч учраас энэ айлын эзэн Баасанжав гуай хотын биднийхээр бол шөнө дунд, эднийхээр бол өглөөгүүр гараад явчихсан байлаа. Үүр цайхтай зэрэгцэн ажил нь ундрах малчны хотонд ирсэн сэтгүүлч би унтаж хэвтэхээс санаа зовон хувцаслаад гарлаа. Баасанжав гуай малын хашаагаа эргэн, шинэ төрсөн хурга, ишигнийхээ хүзүүнд нь өнгө өнгийн оосрыг эхтэй нь ижилсүүлэн зүүж өгөөд илүү гэртээ оруулж тавилаа.

-Ингэж хүзүүнд нь юм уядаг нь яаж байгаа юм бол?

-Олон ижил амьтныг чинь ялгахгүй. Буруу ишиг, хурга хөхүүлэх гэвэл эд чинь ухаантай амьтад халгаахгүй шүү дээ. Ялангуяа ямаа ямар янгууч, голомтгой гэж санана. Хонь харьцангуй гайгүй. Малын тэвээрэг тааруу жил хурга, ишгээ нэг бүрчлэн барьж хөхүүлэхгүй бол хажиглаад хавьтуулахгүй шүү. Тийм болохоор аль ямаанаас гарсан ишиг гэдгийг нь ялгахын тулд ингэж эхтэй нь ижлээр нь тэмдэг тавьж уядаг юм.

-Ихэр төл хэр их гарч байна?

-Ер нь сүүлийн жилд тувт л ихэрлэж байгаа. Мал онд сайн орсон, идэх юм сайтай бол ихэр байхад муу юм байхгүй ч малын  жилбэ муутай үед ихэр төл хоол нь хүрэлцэхгүй эхээ ч ядраагаад өөрсдөө ч мал болохгүй хэцүү байдаг юм. Тэгэхдээ энэ жил харьцангуй ихэрлэх нь бага, эх малын жилбэ ч сайн байна.

-Энэ жил танайх хэчнээн төл авч байна?

-Дөрвөн хошуу малаас 600 орчим төл хүлээн авна. Ихэнх нь бог мал байгаа. Одоогоор 70 гаран хувь нь төллөөд байна.

-Мал төллөх үед малчин хүний гол анхаарах зүйл нь юу байдаг вэ?

-Гол нь хашаа хороогоо сайн цэвэрлэж, төл малаа нэг бүрчлэн сайн хөхүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дунд нь дөхүүлээд хаячихаар ялангуяа ямаа ишгээ хажиглаад өнөөх нь энд тэнд эхийгээ хайж гүйгээд олигтой хөхөж чадахгүй байдаг юм. Шөнө босож хотоо хэд хэд эргэнэ. Яг л хөхүүл хүүхэдтэй эх шиг л байна шүү дээ. Дулаартал бас хоёр сар нойргүй л зүтгэнэ дээ. Ишиг хүйтнийг тэсвэрлэхдээ муу, өсч том болтлоо туйлын их арчилгаа шаардана. Харин хурга бол төрсөн цагаасаа эхлэн, эхийн нөмөр нөлөөлөгт бойждог, эзнээрээ төдийлөн арчлуулалгүй төвөггүй өсөж, торнидог хэмээн Баасанжав гуай хэлж өгсөн юм. Нээрээ ч хонь хургаа нэг их хажиглаад байхгүй хөхүүлж, хурга нь ч ишиг шиг энд тэнд очиж "сахилгагүйтээд" байхгүй эхийгээ даган тайван хэвтэж харагдана.

Удалгүй нар мандаж өглөө болохтой зэрэгцэн малаа хашаанаас нь гарган, төлийг нь эх нэг бүрд нь тавьж өгч заримыг нь барьж байж хөхүүллээ. Ямаа их ямбатай амьтан гэж үнэн бололтой. Ишгээ ганц нэг үнэрлээд л болж өгвөл хөхүүлэхгүй байх санаатай юм гээч. Ишиг нь тэр хооронд "төөрөөд", аль таарсан хонь ямааны дор очин тонгочоод мөргүүлж, өшиглүүлсээр майлан ийш тийшээ гүйх. Энэ үед өнөө хүзүүнд нь зүүсэн уяагаар нь таньж эхийг нь барьж хөхүүлж байлаа. Ишиг, хургаа хөхүүлж дуусаад илүү гэртээ оруулах гэж бас хөөрхөн дажин болох юм. Өнөөдүүл чинь гэдэс нь жаахан цадаад ирэхтэй зэрэг энд тэндгүй гүйж харайгаад баригдахгүй. Бууцан дунд эцэж унатлаа элдэж, хөөж арай гэж бүгдийг нь цуглуулж дуусаад хонь ямаагаа бэлчээрт гаргалаа.

Хэсэгхэн зуур амрангаа гэрт орж цайлсны дараа дахин гарч хашааныхаа ялгадсыг цэвэрлэж, нойтон бууцаа гаргаж зөөлөө. Энэ ч бас яггүй хүч шаардсан ажил байлаа. Миний хувьд бүр ядарч хамаг тэнхээ алдраад , болдогсон бол хэвтээд өгмөөр л байлаа. Цэцэгээ эгч намайг гэрт орж амар, үс толгой чинь нил бууц болчихно гэж хэлсэн ч "Хоёр хөгшин тасралтгүй хөдлөж байхад би яаж хэвтээд өгөх вэ дээ" гээд нэрлэхсэндээ хажууд нь дэм болж л байсан юм. 

Хороогоо цэвэрлэж, үхрийн баасаа зөөж дуусаад Баасанжав гуай худаг руу явж, харин Цэцэгээ эгч хоол унд хийж, гэрийн ажлаа амжуулаад өглөө барьж уясан хэдэн ямаагаа самнахаар гарлаа.

Ямаа самнах гэдэг ч бас яггүй ажил бололтой. Эднийх хүн бүл муутай болохоор өдөрт цөөн цөөнөөр нь хэдэн ямаа самнадаг гэнэ. Малчид ноолуурын үнэ буухаас өмнө амжуулах гэж өдөр шөнөгүй ямаагаа самнадаг гэх боловч хоёр хөгшин гэнэт хүйтэрвэл ялангуяа тэнхэрч амжаагүй эх ямаа даарчихна гээд нэг яаран самнадаггүй байна. 

Өдөр яах ийхийн зуургүй өдөрч нэг мэдэхэд орой мал хотлох цаг болж майлалдсаар хотондоо ирэх чимээнээр хашаанд байсан хурга, ишиг зэрэг зэрэг майлалдан ёстой нөгөө "хонины найр" гээч шиг л юм боллоо. Ингээд л унтан унтатлаа хурга ишгээ эхэд нь тавьж өгөх, хөхөхгүйг нь барьж хөхүүлээд, цадаагүйг нь угжиж хооллох зэргээр сөхөрч унатлаа ийш тийш гүйсээр оройн хоолтойгоо золголоо. Орой харанхуй болохоос урьтаж хурга, ишгээ хурааж пүнзэнд оруулах гэж бас л бөөн хөөцөлдөөн, майлаан болсны эцэст сая нэг ажил дуусч гэртээ орж ирцгээсэн юм. Би ч ядарч унах шахаж байхад гэрийн эзэн Баасанжав гуай зурагтаа асаан мэдээллийн хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн үзэнгээ улс орны байдал, төр засгийн бодлого гээд олон зүйлийг дүгнэн ярьж байлаа. Харин Цэцэгээ эгч маань "Hot news", "Инфо" сэтгүүлийн шинэхэн дугаар гарган үгийн сүлжээ бөглөж суухыг хараад "Ямар ч ядардаггүй юм бэ дээ" гэж би гайхан бодож хэвтсэн юм. 

Унтахын өмнө гэрийн эзэн Баасанжав гуай гарч хотоо эргэнгээ "За шөнө 5-7 хонь, ямаа төллөх бололтой" хэмээхэд нь "Та яаж мэдэж байгаа юм бэ?" гэж хэрэгт дурлан намайг асуухад

-Хөдөлгөөн нь удаашраад, сүргийнхээ сүүлийг бариад ер нь харахад андашгүй гэлээ.

Ийнхүү малчны хотон дахь нэг өдөр өнгөрлөө. Энэ бол ганц энэ айлынх ч биш ердөөсөө хаврын цагт малчин бүрийн хот нэг иймэрхүү дүр зурагтай байх аж.

Энэ жил Өвөрхангай аймагт 17925 малтай өрхийн 4111515 малыг өвөлжүүлж, хаваржуулж байгаа  бөгөөд өөрийн аймгийн сум хооронд 685 өрхийн 217.4 мянган мал,  өөр аймгийн нутагт  105 өрхийн 67.6 мянган мал, отрын бүс нутагт 30 өрхийн 17.4 мянган мал тус тус өвөлжсөн байна. Аймгийн нийт нутгаар цасгүй дулаан өвөлжиж хавартай золгосон бөгөөд хоёрдугаар сарын сүүлээр багахан цас унаж газрын хөрсийг чийглэж өгсөн байна. 2015 онд аймгийн хэмжээнд 1630.0 мянган төл хүлээж авах тооцоо гарч байгаа ба одоогоор нийт малын 20.7 хувь төллөсөн. Үүний 99.1 хувь нь онд мэнд орж байгаа нь энэ жил эх мал тарга хүч алдаагүй онд орсон тул жилбэ сайтай төллөж байгаатай холбоотой байна.