m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 23:42
494
Д.Батсүх: “Солиороод” эхлэхээр Ромбу гаригтай холбоо барьчихдаг юм

Инээдмийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч хэн нэгэндээ баяр хөөр бэлэглэн, хөгжин баясацгаадаг. Монголын  циркийн алтан манежнаа алиа хошин дүрээрээ бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон, хошин урлагт өөрийн гэсэн дүрээ мөнхөлсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Батсүхтэй бурхны оронд одохоос нь өмнө 2010 оны наймдугаар сард  хийсэн ярилцлагаа сонирхуулж байна. Энэ нь  түүний сүүлчийн ярилцлага байсан юм.
 

“Бачка, Бачка, Батсүх Батсүх” гэж дуулж, бүжиглэдэг Монгол Улсын гавьяат жүжигчин, “погдгор” Б.Батсүхийг танихгүй хүн үгүй.Түүнийг олон жил тайзан дээр хараагүй үзэгчид хаана явааг нь сонирхон, бие нь ямар байгааг асууж сурагласаар байна. Олон уншигчдын хүсэлтийн дагуу түүнийг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байхад нь уулзаж ярилцлаа.

-Тантай нүүр тулж уулзаж байгаагүй ч хэзээний танил мэт санагдлаа. Элгээ хөштөл инээх баяр баясгаланг олон хүнд та өгсөн дөө?

-Тийм гэж үү. Олон нийтийн дэмээр л монголчууддаа танил болжээ би.

-Ингэхэд та нас хэд хүрч байна аа. Хэзээний л хүүхэд шиг дуулж бүжиглэдэг байсан. Огт өөрчлөгдөөгүй байх чинь?

-Нэг мэдэхэд л 54 настай болжээ. Хоёр зээтэй, өвөө болсон шүү дээ, Бачка ах нь. Би өөрчлөгдөөд унжийх ёстой байсан гэж үү.

-Тийм биш л дээ. Таны бие тааруу байгаа гэж эртнээс дуулсан болоод л ингэж асуусан юм?

-Өө би өвчнөөс айж, санаагаар унадаг хүн биш. Үхэх цаг нь болсон бол түүнийг хэзээ ч, хэн ч эсэргүүцэж чадахгүй шүү дээ.

-Таны юу өвдөөд ойр ойрхон эмнэлэгт хэвтээд байгаа юм бэ. Хошин урлагийнхан жилийн өмнө сандралдаад, Бачка ахын бие муудлаа гээд явж байхад  нь тааралдаж байсан?

-Ах нь элэг муутай л даа. Хааяа цус алдана, бөөлжинө. Тэрнээс өөр зовиур шаналгаа алга л байна.

-Цус алдаж эхэлвэл хүндэрсэн гэж үздэг юм билээ. Та сэтгэлийн тэнхээтэй учир энэ өвчнөө тоохгүй байгаа юм байна. Ямар ч  өөрчлөлтэй байгааг тань хараад бахархаж байна?

-Тийм шүү. Хүн өвчнийг сэтгэлийн хүчээр давдаг гэдэгт би итгэдэг. Элэг нь өвдсөнийг мэдээд  хүмүүс санаагаар унаад, шууд үхлийн талаар бодож эхэлдэг. Би огт тийм зүйл боддоггүй. Эдгэнэ, олон жил амьдарна л гэж боддог. Хөнгөн шингэн, царай харлаагүй л байгаа биз дээ.

-Харин тийм байна. Гадаадад эмчлүүлж байсан чинь нөлөөлсөн юм болов уу?

Элэг нь өвдсөнийг мэдээд  хүмүүс санаагаар унаад, шууд үхлийн талаар бодож эхэлдэг.

-Гадаадад эмчлүүлж шальсан зүйл байхгүй. Гурван жилийн өмнө бие өвдөж эхэлсэн. Тэр үед Хөх хотод эмчилгээ хийлгэсэн нь  үр дүнгээ өгсөн байхаа, одоо хүртэл үхэхгүй байгааг бодоход. Эмэгтэйчүүд царай чинь сайхан байна, тураагүй байна гээд байгаа. Чи ч  бас намайг тэгж хэллээ.(инээв) Ах нь наргиж л байхгүй юу даа. Би ер нь хамаагүй ярьчихдаг хүн шүү.

-Тэр тусмаа зүгээр шүү дээ. Тантай уулзах санаатай олон сар эхнэртэй чинь ярьсан. Та хоёр байнга л хөдөө гадаа явчихсан байх юм. Эрүүл мэндээ бодсон хэрэг үү?

-Ах нь тэнээд сурсан хүн тэр зангаа тавихгүй юм байнаа. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг үг байдаг даа. Тоглолт энэ тэр гэж байнга явсаар байгаад сурчихсан юм билээ. Хотын ойролцоо байдаг ах дүү дээрээ очиж амарч яваад ирлээ. Хөдөө нутаг их сайхан байдаг юм.

-Ингэхэд та гар утасгүй юм уу даа?

-Хүний сонирхол гэж нэг юм байнаа. Би бөгж, гинж, цаг энэ тэр огт хэрэглэдэггүй. Нэг л тээртэй хэцүү байдаг юм. Түүн шигээ гар утас хэрэглэдэггүй. Харин эмнэлэгт хэвтэж байгаа болохоор ар гэрийнхэндээ юм захих гэж зээ охиныхоо утсыг аваад ирсэн. Одоо утас хэрэглэдэг болноо. Их хэрэгтэй юм байна лээ.

-Тайзан дээр гаралгүй их удсан байх аа. Хамгийн сүүлд хэзээ уран бүтээл хийсэн бэ?

-Удаж байнаа. Гурван жилийн өмнө Хөх хотод эмчлүүлж байхдаа Одон телевизийн сар шинийн нэвтрүүлэгт оролцсон. Тус телевизийнхэн “Инээдтэй үдэш” гэдэг нэвтрүүлэг хийдэг юм. Тэр нэвтрүүлгийн анхны дугаар  2001 онд гарч байхад нь бас оролцож байлаа.

-Та ингэхэд цирктэй яаж яваад холбогдсон юм бэ. Тэгээд хүн бүрийн сонирхоод байдаггүй алиалагчийг яагаад сонгосон юм бэ?

- Би нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуульд сурч байсан юм. Намайг сурагч байхад  циркийн сургуульд хүүхэд шалгаж авна гэсэн зар сонинд гардаг юм байна. Ааваасаа шалгуулж болох уу гэж асуухад  зөвшөөрөөгүй. Учир нь намайг барилгын инженер болгох хүсэлтэй байсан юм билээ. Гэтэл хавар нь дахиад зар ирэхээр нь манай ангийнхан бүгдээрээ шалгуулах боллоо. Доргисон хүүхдүүд бөөндөө очоод шалгуултал манай ангиас хоёр хүүхэд тэнцсэний нэг нь би байсан юм. Циркийн сургуульдаа явж байтал Оросын циркийн дунд сургуульд сургах хүүхдээ бидний дундаас сонгосон. Аз дайраад циркийн бэлтгэл ангиас хоёр хүүхэд тэнцсэн. Ингээд л би цирк гэдэг том айлд эргэж буцалтгүй орсон түүхтэй хүн. Алиалагч, акробатын ангийг дүүргэсэн.

-Акробат аа. Та чинь акробатын үзүүлбэр тоглодог байсан хэрэг үү. Үүнийг чинь харин мэдэхгүй юм байна?

Ингээд л би цирк гэдэг том айлд эргэж буцалтгүй орсон түүхтэй хүн. Алиалагч, акробатын ангийг дүүргэсэн.

-Яагаад болохгүй гэж. Би чинь хамгийн хүнд агаарын палётыг тоглодог байлаа. Алиалагч нараас Цээеэ ах бид хоёр л ийм үзүүлбэрийг үзүүлсэн байдаг юм.

- Цээеэ гэснээс Монголын урдаа барьдаг алиалагч нартай та хамт ажиллаж байсан. Ялангуяа С.Данзан, Б.Содном гуай нар бараг урлагийн сургууль төгсөөгүй байх. Гэхдээ ямар чадварлаг байсныг одоо ч ахмадууд дурсан ярьдаг юм билээ?

-Хэлээд яахав. Байгалиас заяасан авьяастан гэдэг тийм л байдаг. Би их азтай хүн. С.Данзан, Б.Содном гуай болон Цээеэ, Энхээ, Латив гээд л үе үеийн алдартай алиалагч нартай хамтарч ажиллаж байсан хүн. Тэднээс маш их зүйл сурдаг байж дээ.

-Уран бүтээлч хүнд анхны багш байдаг. Таны багш хэн гэдэг хүн байдаг вэ?

-Яг дагнаж, намайг хариуцсан багш гэж байхгүй л дээ. Гэхдээ би багш гэж хүндэтгэн дээдэлдэг хүний нэг бол Ардын жүжигчин Л.Нацаг агсныг гэж боддог. Л.Ванган гуайн дүү юм шүү дээ. Энэ хүн Монголд циркийн урлаг үүсэн хөгжихөд маш их хувь нэмэр оруулж, Ардын цирк байгуулж байсан хүн. Үнэхээр мундаг хүн байлаа. Мөн найруулагч н.Доржпалам, “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын дүрд тоглодог Л.Лхасүрэн, Д.Намдаг гуай гээд олон сайхан хүмүүсээс амьдралын ухааныг сурсан.

-“Мөнгөн буйл” киноны эсгийд өлгийдүүлж өнждөг залуу  таны анхны киноны дүр байх аа?

-Тиймээ. Циркийн хүн анх  удаа кинонд тоглож байгаа нь тэр. Сайн хүмүүсийн ачаар тэр дүрийг гаргасан гэж би боддог. Халуун зунаар эсгийнд өлгийдүүлэх тийм ч амар байгаагүй л юм. Хөөрхий муу М.Дорлигжав ах “Гоогоо минээ хө” гээд дуулаад л. Их сайхан кино болсон.

-Хүн инээлгэх  нь уйлуулахаас ч хэцүү байдаг. Та хүн инээлгэхийн тулд юун дээрээ анхаардаг вэ?

-Инээд их олон янз байдаг. Баярлах, гомдох, уурлах гээд олон инээд байна шүү дээ. Хүн хажууд яваа нэгнийгээ унахад инээдэг. Үнэндээ тэр хүний хөл гар нь өвдөж байгааг мэдсэн хэрнээ инээгээд байдаг.  Хүн болгоны дотоод ертөнц өөр байдаг учир тухайн үзүүлбэрийнхээ ситуацын сайн мэдэрч, донж, хэр хэмжээг нь тааруулахаас гадна жүжигчний ур чадвар сайн байх хэрэгтэй байдаг юм. Биднийг залуу байхад долоо хоногийн нэг өдөр театр, чуулга,циркийнхэн бүгд нэг нэгнийхээ тоглолтыг үздэг байлаа. Энэ их зөв зүйтэй арга хэмжээ байсан гэж би одоо боддог юм. Жүжигчид бие биенийхээ тоглолтыг үзээд хэн ямар байгааг харж, зөвлөж, өөрийгөө хаана ямар түвшинд байгааг мэддэг. Энэ ажлыг сэргээхэд болохгүй зүйл байхгүй.

-Таны талаар нэг хэсэг таагүй мэдээлэл хэвлэлүүд их бичлээ?

-Бичиж л байг. Хэрэгтэй байдаг юм байлгүй.

-Бор дарсанд дурлаад, бүр архинд ороод, эхнэр нь хаясан гээд л?

-Миний эхнэр 32 жил ханилахдаа хэзээ ч намайг хаяж байгаагүй юм шүү. Хэзээ ч. Намайг өгсөж, уруудах аль ч үед хамт л байсан. Архины хувьд би уусаан.

-Хэтрүүлж хэрэглээд, эрүүл мэнддээ нөлөөлтөл уугаад байх юм монголчууд. Хэмжээгээ мэдэж хэрэглэх ёстой бус уу?

-Хэн тэр архийг тохируулж хэрэглэж байсан юм бэ. Энэ архи гэдэг чинь өөрөө согтууруулж, солиоруулдаг зүйл. Дэд бүтэц нь хөгжихөд хэрэглээ нь дагаад хөгждөг гэдэг биз дээ. Архи үйлдвэрлээд, технологио сайжруулаад байхад хэрэглэгчид нь нэмэгдээд, бас  хөгжөөд байгаа биз дээ.

-Та тэгээд одоо хэр зэрэг “солиорч” байна даа?

-Өө үе үе солиорноо бас.  Солиорсон үедээ дэлхийгээс тасраад, ромбо гаригтай холбоо барьчихна шүү дээ.(инээв)

-Наадмын өмнөхөн “Хөх чоно “дүрээрээ олонд танигдсан Б.Дамдин, “Равсал панз” Б.Магсаржав гуай гавьяат  жүжигчин боллоо. Ядруухан л амьдардаг бололтой. Та хэдэн настайдаа гавьяат  жүжигчин болж байсан бэ. Зарим хүнд өгөхгүй дэндүү оройтуулаад байх шиг санагдах юм?

-Харин тиймээ. Асуудал байдаг л байх. Хийдгээ хийсэн хүнд өгөх л хэрэгтэй. Зарим нэг нь ядруухан амьдардаг бололтой. Би 39 настайдаа энэ хүндтэй шагналыг авч байсан. Аавынхаа үлдээсэн байранд амьдарч байна. Тэндээ хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байна гэж би хэлэхгүй. Хоёр биш тав зургаа идэж гэж л хэлнэ дээ би. Сэтгэл санаа минь сайхан , үр хүүхэд, хань ижил маань эрүүл саруул байна.

-Та алтан манежаа санаж байна уу. Циркээрээ очдог биз дээ?

-Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоотой байлгүй яахав. Харин циркээр тэр бүр очоод байдаггүй ээ. Саяхнаас л  сар шинийн ул боовны эзэн болсон. Өөрөөр холбоотой зүйл алга даа. Ажил амьдарлын маань 22 жил тэнд өнгөрсөн болохоор сайн сайхан олон дурсамжууд бий. Манай циркийнхэн гадаадад  ажиллах болж. Гайхалтай сайхан авьяастай хүмүүс байдаг байж дээ. Хөдөө орон нутгаар байнга явна. Зүлгэн дээр л циркээ тоглоно доо. Өвөл цагт л клубт тоглолтоо хийдэг байлаа. Нэг явахаараа 45 хоног, зарим үед түүнээс ч олон хоног явах нь бий.

-Циркийг одоо “Аса” группийнхэн авсан. Зарах гэж байна, өрөнд өгөх гэж байна гэсэн мэдээлэл үе үе гарах юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Циркийн талаар санаа зовох зүйл алга. Өөрөөсөө хамааралгүй зүйлд сонирхож, анхаарал тавьж  явдаггүй.

-Урлагийнхан уран бүтээлийн үдэшлэг гэж хийдэг дээ. Та ингэхэд тийм үдэшлэг, тайлан тоглолт хийж байсан билүү?

-Хошин урлагийг авч яваа  дүү нартайгаа нийлээд тоглолт хийж байсан. Циркэд байхдаа нэг удаа хийж байсан юм байна. Одоо юм хийе гэсэн санаа байв ч сачий хүрэхгүй юм даа. Түүнээс гадна тайз хүнийг голдог юм байна шүү. Хөгшрөөд хурд, хүчээс гадна гоо сайхан энэ тэр гээд олон зүйл нөлөөлж тайзандаа гологдох юм. Гэхдээ юм хийнэ гэж санаж л явдаг . Ах нь дэндүү олон юм ярьчихсан уу.

-Зүгээр ээ. Манай залуус архинд хэт дурлаад байх шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Эдгэнэ, олон жил амьдарна л гэж боддог. Хөнгөн шингэн, царай харлаагүй л байгаа биз дээ.

- Архи ууж, амьдарлаа алдая гэж хэн бодох юм бэ. Хүн хамаг байдгаа зориулаад ажиллаад л байдаг ажиллаад л байдаг. Гэтэл авч байгаа цалин нь тал хуушуурын мөнгө өгөөд байхаар архи ууж л таараа шүү дээ. Хүний эхнэр гоёо палааж өмсөөд л, гэтэл эхнэртээ палавка ч авч өгч чадахгүй байхаар хэн ч гэсэн санаагаар унана шүү дээ. Сайхан морь унасан залуус давхилдаад байхаар муу ч гэсэн илжиг унахыг хүн хүснэ биз дээ. Залуус архиуугаад байгааг зөв гэж байгаа юм биш шүү. Архи уу  ч гэж байгаа юм биш . Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг би мэдэрч байна. Хүн бүхэн эрүүл саруул байж, өөдрөг сэтгэлтэй, өөдөө харж амьдарч яваарай гэж хүсье дээ. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэж монголчууд ярьдаг байсныг санаж яваарай.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд эрүүлд энхийг хүсье.