m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 01:31
62
Төрийн түшээд иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Б.Цогтбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нарын бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. УИХ, ЗГ-ын гишүүд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ажлын чиг үүрэгтээ тусгах, сум орон нутгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудалтай танилцах зорилгоор ийнхүү орон нутагт ажиллаж байгаа юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж болон өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн салбарын сайдууд өөрсдийн мэдээллийг өглөө. Алтанбулаг сумын шалган нэвтрүүлэх боомт дээр дунд оврын автобусыг хилээр нэвтрэхэд олгодог эрхийн бичиг дууссанаас болж багагүй бухимдлыг үүсгээд байгаа. Энэ байдалтай УИХ, ЗГ-ын гишүүд газар дээр нь танилцлаа. Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь энэ байдлыг хурдан түргэн хугацаанд наашлуулж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Шаамар сумын ногоочид Хятадаас орж ирсэн лууван маш хямд байгаагаас борлуулт хүндэрсэн тухай асуудал тавьсныг шийдвэрлэж ажиллана гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. Үүний тулд Хятадаас орж ирж байгаа лууванд татвар ноогдуулж шийдэх ёстой гэв. Сүхбаатар сумын ард иргэдээс сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, ард иргэд нь УИХ-ын гишүүн, аймаг, сумын Засаг даргаа сонгодог болох, сонгуулийг хар машинаар өгдөггүй болох, иргэдийн сонгоогүй хүнийг гишүүн болгохгүй байх, намаас квотоор гардагийг болиулах, сонгогчийн тоотой харьцуулж квотыг тогтоож өгөх, хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх, тэтгэврийн нэмэгдэл тэнцвэргүй байгаа, аймгийн төвийн суманд газар нутаг байдаггүй, ажлын байр дутагдалтай, одон медалийн асуудал задгайрсан, хөдөө хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ муутай, залуучуудын иргэний боловсролд анхаарах хэрэгтэй байна гэдэг саналуудыг заримыг нь олон удаагийн давтамжтайгаар гаргалаа. Иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн ажил хэрэг болгохоо УИХ-ын гишүүн С.Бямбацогт илэрхийлжээ.