m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 02:11
101
Жилийн дараа аймгийнхаа хэрэгцээний 75 хувийг хангадаг болно

Сүхбаатар аймагт иж бүрэн хэвлэх үйлдвэр байдаггүйгээс энэ төрлийн хэрэгцээ гарвал заавал нийслэл хотыг зорих шаардлагатай байсан байна. Тэгвэл шинэ оны босгон дээр нийслэлд амьдран, ажил үйлчилгээ явуулж байсан иргэн М.Батхүрэл хамгийн сүүлийн үеийн офсет хэвлэлийн “Наранбулаг Сүхбаатар принтинг” үйлдвэрээ байгуулжээ. Байгуулагдаад удаагүй ч их зорилгыг өмнөө тавьсан тус үйлдвэрийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл онцоллоо.

Үйлдвэрийн дарга М.Батхүрэл

-Та үйлдвэрээ бидэнд танилцуулахгүй юу?

-2015 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа манай үйлдвэр нь Сүхбаатар аймаг дахь сүүлийн үеийн офсет хэвлэлийн анхны үйлдвэр юм. Бид хэвлэлийн иж бүрэн үйлчилгээг нэг цэгээс бүх хүмүүст хүргэнэ гэсэн зорилготой ажиллаж байна.

-Танай үйлдвэр хэчнээн төгрөгний хөрөнгөөр боссон бэ. Үйлдвэрээ байгуулахдаа зээл авсан уу?

-Манай үйлдвэр нь 150-170 сая төгрөгний хувийн хөрөнгө оруулалтаар боссон. Гэхдээ цаашдаа өргөжүүлэхэд зээл тусламж мэдээж шаардлагатай.

-Танай үйлдвэрийн ирээдүй хэрхэн дүрслэгдэж байна. Түүхий эд ээ хаанаас авч байгаа вэ?​

-Ирээдүй их сайхнаар харагдаж байгаа. Өөрийнхөө аймаг болон зүүн бүсийн аймгуудаа энэ төрлийн үйлчилгээгээр хангах бодолтой байгаа ч одоохондоо аймгийнхаа хэмжээний захиалгыг аваад явж байна. Түүхий эдээ одоохондоо Улаанбаатар хотоос татаж байгаа ч яваандаа Улиастайгаар нээгдсэн шинэ боомтоор болон Замын-үүд, Эрээнээс татна. Тэгвэл материалын хувьд өртөг багасна гэж бодож байгаа.​

-Хүн ам харьцангуй цөөтөй орон нутагт үйлдвэрлэл явуулахад хэр их бэрхшээл гарч байна вэ?

-Бэрхшээл саад байлгүй яахав. Тоног төхөөрөмж авчирч угсрах, ажилтнууд маань мэргэжлийн биш зөвхөн богино хугацааны сургалтанд хамрагдсан учраас мэдэхгүй зүйл их гарна. Орон нутгаасаа таван ажилтанг 45 хоногоос гурван сар хүртэлх хугацаанд бэлтгэсэн. Материалын зардал их өндөр тусч байна гэх мэтийн бэрхшээлүүд байгаа ч яваандаа жигдрэх байхаа. Мөн барьцаа хөрөнгө, бичиг баримтын асуудал дээр их бэрхшээл тулгарч байна. Манайх одоо түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Урсгал зардалд ойролцоогоор 4-5 сая төгрөг гарч байгаа. Гэхдээ аймгийнхаа хэрэглээний 75 хувийг хангадаг болчихвол жилийн дараа манай үйлдвэр хөл дээрээ тогтож, үйл ажиллагаа нь жигдэрнэ.

-Захиалга хэр их ирж байна вэ. Үйлдвэр маань жигдрээд ирэхээр ийм ажил хийнэ дээ гэсэн бодол байдаг уу?

-Захиалга одоогийн байдлаар бага ирж байгаа. Тэгэхдээ төрийн болон хувийн хэвшил, хувь хүний хэвлэлтийн хэрэгцээ шаардлага их байдаг учраас ерөнхийдөө захиалга ихсэх нөхцөл байгаа гэж үзэж байгаа. 

Миний хамгийн гол зорилго бол тоног төхөөрөмжөө шинэчилж сайжруулах юм. Одоо байгаа тоног төхөөрөмжөө японоос оруулж ирсэн. Тэгэхдээ ихэнх нь хүчин чадлын хувьд сайн хэдий ч хуучирч байна.

Ахлах машинист хийдэг. А.Түмэнжаргал

Хэвлэх үйлдвэр чинь дээр үед тугалга хийж өрдөг байсан. Одоо бол компьютерээр эх хувиа гаргаад, калькаа төмөр дээрээ буулгаж, машиндаа угсраад, цаасаа хийгээд, резин хаймарт будаг өгөөд дамжиж гардаг. Яг хэлэхэд ойлгомжгүй ч ерөнхий шат дамжлага нь ийм л зарчмаар явагддаг.  Манай машин цагт 8000 хуудас хэвлэх хүчин чадалтай.

Машин ажиллаж байгаа үед байнга хянаж байх хэрэгтэй. Хэвлэх үйлдвэрийн хамгийн гол зүйл нь цаас байдаг. Цаас нь хэт хуурай биш бага зэргийн чийгтэй байх ёстой учраас сэрүүн газар хадгалах хэрэгтэй байдаг. Тийм учраас том үйлдвэрүүд зориулалтын том складтай байдаг. Харин манай үйлдвэр жижигхэн учраас цаасаа бага багаар авч хадгалдаг. Хэрэв цаас хуурай болчихвол хэвлэх машин гацаад явдаггүй. 

-Өнгө будаг хорыг нь яаж тааруулдаг вэ. Машинууд бүгд автомат компьютерт тохируулгаа хийдэг үү?​

-Тэрийг машинист хийдэг. Цэнхэр, хар, шар, улаан гэсэн үндсэн дөрвөн өнгөнөөс бүх өнгө гардаг учраас  ажиллаж байгаа хүн л өнгөний тохиргоогоо хийнэ.

Том машин автоматаар тохируулгаа хийдэг бол жижиг машинд бүх өнгөө гараар тохируулж өгдөг. Жоохон л өнгөө алдвал фокус муутай зураг шиг гардаг учраас маш нарийн ажиллах шаардлагатай байдаг. Эхлээд нэг хувь гаргаад инженертээ шалгуулаад "хэвлэж болно" гэвэл хэвлэж эхлэдэг. Нэг л алдаа хийвэл 8000 ширхэг цаас хог болж хаягдана.