m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 02:22
219
Шаг.Цэнд-Аюуш: Юуг хараад инээж байгаагаар нь хүнийг таньж болдог

“Ярилцах цаг” булан инээдмийн баярыг  тохиолдуулан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Шагдайн Цэнд-Аюушийг уншигч танаа уулзуулж байна. 1960-аад оны дундуур шүлэг бичих дуртай жаахан хүү утга зохиол гэдэг том ертөнцийн  босгоор алхаж, үзэг “агссан” цэрэг болсон тэрээр энэ албанд хагас зуун жил зүтгэж явна.    

-Сайхан хаваржиж байна уу, Цэнд-Аюуш гуай.Танд инээдмийн баярын мэнд хүргэе. Та бол бусдад инээд бэлэглэхийн төлөө тархиа “шатааж” ирсэн хүмүүсийн нэг. Энэ өдөр  танд юу бодогддог вэ?

-Инээдмийн баярыг  1969 оноос тэмдэглэж эхэлсэн юм шүү дээ, Монголын Зохиолчдын хорооноос. Өмнө нь хүн хуурдаг өдөр байлаа. “Ах аа, таны бүс чинь алдуурчихаж” гээд эргээд харахаар нь “Дөрвөн сарын нэгээн” гээд зугтчихна.

Харин тэр шийдвэр гарснаас хойш  Зохиолчдын хороон дээр баяр тэмдэглэдэг, түүнд нь зохиолчид, зарим жүжигчид оролцдог. Ерөнхийд нь бол Д.Даржаа гуай хариуцдаг байлаа. Баярын нээлтэд Д.Даржаа гуай нэг том хар хавтас сугавчлан тайзан дээр гараад “Өнөөдөр инээдмийн баяр тэмдэглэх гэтэл зохиолчдын зарим нь  ирсэнгүй. Тиймээс хойшлуулъя” гэдэг. Тэгэхтэй зэрэг хүмүүс “Өө” гэнэ, тэгэхээр нь “Дөрвөн сарын нэгээн” гээд л тоглолтоо эхэлдэг байсан юм. Тэр үед би  үзэгч явснаас тайзан дээр гарч байгаагүй. Тэгээд ч удалгүй  инээдмийн баярыг тэмдэглэхээ больж  унтарсан. Ер нь бол инээд гэдэг хүн жаргалтай байгаагийн бэлгэ тэмдэг. Ухаантай байгаагийн бэлгэ тэмдэг. Тэдгээрийн илэрхийлэл. Гэхдээ энэ өдөр утга учиргүй тачигнатал инээх тухай хэлж байгаа юм биш. Тиймээс Инээдмийн баярыг хүний ухааны баярын өдөр, цэцэн цэлмэгийн баярын өдөр, хөгжил цэнгэл дүүрэн өдөр гэж үзэж болох юм. Би энэ өдрийг ингэж л хүлээж авдаг.

-Сүүлийн үед та чимээгүй байх шиг.  Ямар уран бүтээл туурвиж байна?

-Тэтгэвэртээ гарснаас хойш гэртээ сууж байгаа ч зүгээр байхгүй байна. Оны өмнөхөн “Улбар инээдмийн шугуй” шинэ номоо гаргасан.Түүнээс хойш кино, жүжгийн зохиол дээр сууж байна. Энэ миний ажлын өрөө /компьютерийн ширээгээ заав/. Харин ийшээ ороод ирэхээр гэр /өрөөний булан дахь ширээнээс нааш буйдан хүртэлх бяцхан зайг хэлэв/. Энэ хооронд  өдөр өнгөрдөг юм. Харин тэр сандлын харалдаа ханын цаасны зураас жаахан сэжигтэй. Улс хоорондын маргаантай бүс шиг юм уу даа. Яагаад гэвэл сандал хойшоо, урагшаа холхиж  гэр, ажлын өрөө хоёр солигдоод  байдаг юм. Би нэг иймэрхүү янзтай суудаг хүн дээ /Зохиолч ийнхүү хошигнож, бид хэсэг  инээлдэв/. Саяхнаас  миний хамгийн том ач хүү бэлтгэл ангид орж, би хамт бэлтгэл ангийн сурагч болчихоод байж байна.

-Утга зохиол гэдэг том айл, агуу ертөнц. Энэ айлын босгоор алхсанаас хойш та хэддэх жилдээ бүтээж туурвихад өөрийгөө зориулж байна?

-Би 1961 онд  дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа  шүлэг бичиж эхэлсэн. Долдугаар ангиа төгсөөд 1964 онд Политехникумд орсон. Дараа жил нь анхны шүлгээ сонинд хэвлүүлж явлаа. Тэгэхээр 1965-2015 он гээд тооцоход 50 жил  уран бүтээлийн ажил хийсэн байна.Тэр дотроос шог зохиол голдуу бичиж дээ.

-Яаж яваад шог зохиолтой гүнзгий нөхөрлөчихөв?

-Тийшээ ордог маань хоёр янз. Намайг  зургадугаар ангид байхад манай ангийнхан  ахмад дайчинтай уулзалт хийсэн юм. Багш “Чи ном их уншдаг. Энэ хүнд өгөх сайхан ном олоод ир” гээд дэлгүүр рүү явууллаа. Би Туркийн шог зохиолч Азиз Несисний “Хэрвээ би эмэгтэй байсан бол” номыг авчирч,хүнд өгөхөөсөө өмнө нөгөөхөө эргүүлж тойруулж үзээд жигтэйхэн их инээсэн юм. Тэгээд дараа нь багшдаа “Хүн урьж авчирчихаад инээгээд байсан” гэж загнууллаа. Гэхдээ би тэр номыг уншсанаас хойш шог зохиол  гоё  юм байна гэж ойлгож авсан. Хятадын шог ярианууд, Польшийн шог зохиолчийн “Сүрлэн дарга” өгүүллэгийн номыг уншиж, тэр төрлийн ном зохиолд дурлах болсон. Тэгж байтал “Хөдөлмөр” сонинд миний гурван шүлэг гарч, тэрийг “Тоншуул” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан Б.Жамд гэдэг зохиолч олж үзээд “Цэнд-Аюуш гэж ямар хүн байна” гэж хүнээс асуугаад “Аан нэг хүүхэд байдаг юм” гэсэн хариу сонсч “Тэр хүүхдийг олоод ирээч” гэснээр очиж уулзсан. Б.Жамд зохиолч “Манай дээр залуу алиа шогчдын клуб” байгуулагдаж байгаа. Чи тэрэнд явахгүй юм уу. Чиний шүлэг, өгүүлэг хөгжилтэй, инээдмийн өнгө аястай юм байна” гэсэн. Тэр үеэс “Тоншуул” сэтгүүлд миний бичсэн шүлэг, өгүүллэг өнжөөд нэг гардаг. Сүүлдээ түүгээрээ дагнан оролдсоор шог зохиолч нэртэй болсон.

-Тэр үеийн “Тоншуул”-д ямар хүмүүс ажиллаж байв?

-Хүчтэй баг ажиллаж байсан. Намайг 1974 онд Багшийн дээд сургуулийн  Монгол хэл-Уран зохиолын ангийг төгсөөд очиход Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач А.Гүр-Сэд,  Д.Пүрэвдорж найрагчийн “Гэмгүй хүн хараад Иштавхай гэдэг Гэмтэй хүн хараад Ий-Тавхай гэдэг” гэсэн нөхөрсөг элэглэлээ зориулж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Иштавхай, яруу найрагч Ж.Шагдар, Төрийн соёрхолт, шог зохиолч Ц.Доржготов, шог зохиолч М.Гүрсэд нар ид бүтээж, туувиж явсан үе. Манай “Тоншуул” сэтгүүлийн хамт олон бүгдээрээ  Соёлын гавьяат зүтгэлтэн болсон, үнэхээр хүчтэй баг, сайн уран бүтээлчид. Тэр дотроос Ж.Шагдар найрагч л гавьяат болоогүй. Яагаад гэвэл дөнгөж 50 гаруйхан насандаа бурхны оронд одсон. Албан газрууд ханан дээрээ гавьяатуудынхаа зургийг өлгөдөг болсон цагт бол “Тоншуул” сэтгүүл хамт олныхоо зургийг өлгөхөөр байгаа юм.

-Та нарын үзгээ хурцалж явсан цаг үе  социалист нийгэм байсан.Гэтэл хошин шогчид гэдэг билэг танхай хүмүүс. Дээр нь намын төв хэвлэл   “Үнэн” сонины  харъяа “Тоншуул”-д ажиллаж,  цаг үетэйгээ хөл нийлүүлэхэд хэцүү байсан байх. Ямар зарчмаар ажиллаж байв?

-Нийгэм хатуу байсан ч бид  их сахилгагүйтнэ ээ. “Үнэн” сонин бол өөрөө  намын төв хэвлэл, дэг журам нь хатуу. “Тоншуул” сэтгүүл  түүнд наалдсан дэлүү гэсэн үг. Гэхдээ “Тоншуул”-ийн хамт олон задгай сэтгэлгээтэй, дүрэм журамд баригдах  дургүй. Баригддаг юм нь үнэн л байсан. Тэр үнэнийг яаж уран яруу, хошин шог инээдмийн аргаар гаргах вэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй уран бүтээлчид байсан. Элгэнд наадсан дэлүү  гэснээс дэлүү хүний биед чухал  хэрэгтэй, эрүүл мэндэд  хортой зүйлүүдийг шүүж байдаг эрхтэн. “Тоншуул” тухайн үедээ тийм л үүрэг гүйцэтгэж байсан.

-1990-ээд оноос эхлэн ардчиллын далбаан дор  хэн дуртай нь  юу ч хамаагүй хэлж ярьдаг болсон. “Тоншуул” алга болж, шог зохиолчид ч  цөөрч, нүдээ олсон шүүмжлэл хумигдаж, тэр байтугай утга зохиол дахь шүүмж-судлал хүртэл бараагүй болсонд танд юу  бодогддог вэ? 

-Социализмын үед шог зохиолчдод эр зориг хэрэгтэй байсан бол  зах зээлд ороод хүн чанар хэрэгтэй болсон. Яагаад социализмын үед эр зориг хэрэгтэй болов гэвэл, тухайн үед бусдыг байгаагаар нь бичээд гаргачих, ил хэлчих хүн цөөхөн байлаа. Би хурал цуглаанд шууд хэлж чаддаггүй дотогшоо хүн байгаа юм. Харин үзгээ барьж, юмаа бичихээрээ түүндээ татагдаж хэлэх гэснээ ил гаргаад биччихдэг. Гарсан хойно нь арай жаахан зөөлрүүлдэг байж гэсэн бодол төрдөг. Зах зээлийн үед яагаад эр зоригоос илүүтэй хүн чанар хэрэгтэй болов гэвэл хүн болгон амандаа орсныг хэлдэг болж. Зарим нь голтой зүйл хэлдэг бол санаанд багтамгүй юмыг үнэн болгож хэлж байгаа нь ч байна. Тиймээс шог зохиолчдоос илүү шүүмжлэгч бий болсон. Харин судсыг нь бариад үзвэл, жинхэнэ сэтгэлээсээ, хүний мөстэй хэлж байгаа нь хэр олон бол гэж эргэлзмээр.  Тэгэхээр өнөө цагт шог зохиолч цөөрсөн биш харин ч олон болсон юм биш үү. Хүн болгон шог зохиол бичдэг, зохиодог, тоглодог, тийм л болж. Гэхдээ захиргаадалтын үед амьдарч байсан шог зохиолчдын үүргийг гүйцэтгэж чадахгүй байх шиг. Тухайн үеийн “Тоншуул” сэтгүүл, тэнд ажиллаж байсан хүмүүс, түүнд бүтээлээ хэвлүүлж байсан хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж байв гэвэл ерөөс сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан юм. “Тоншуул”-аас өөрөөр, тийм дархан эрхтэйгээр тухайн нийгмийг шүүмжилж байсан тийм сонин, сэтгүүл тэр үед байгаагүй. Одоо сөрөг хүчний намууд, янз бүрийн ТББ, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл гээд олон байгууллага байна. Эд чинь бидний үед байгаагүй. “Галавлит” гэдэг газартай, тэр нь бидний бичсэнийг шалгадаг, жаахан эгзэгтэй юм байвал хасаад хаячихдаг, бүх хэвлэл нэг өнгөтэй, дуу хоолой нь ч тийм байсан. Түүнээс сөрж, тухайн үеийнхээ тогтолцоо элдэв юмыг шүүмжилдэг нь “Тоншуул” байсан юм. Тийм учраас би “Тоншуул” сэтгүүл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг байсан гэж хэлэх дуртай.

-Ингэхэд та “Тоншуул”-аас гадна олон сонин хэвлэлд ажилласан. Дураараа, түрүүн хэлсэнчлэн дархан эрхтэй шүүмжилж чадаж байсан уу?  

-“Улаан дөл”, “Хүмүүжил-жигшил”, “Матар”, “Тоншуул” зэргээр малгайгаа сольж ирсэн энэ сэтгүүлд би 16 жил тогтвортой ажилласан.  Гэтэл ардчилал эхэлж, сэтгүүл маань гарахаа байсан. Өмнөх нийгэм нь ч дуртай байгаагүй. Ингээд байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэдэг шиг би нэлээн олон газрыг дамжсан, “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, Монголын радио гээд. Нэг газар орохоор нөгөөх нь улсынх байхаа болиод хувьд шилждэг, эсвэл дампуурчихдаг. Тийм байдлаар цөөнгүй сонин дамжсан. Шог зохиолч сонин хэвлэлд яаж ажиллаж байв гэвэл “Тоншуул”-даа бол усандаа байгаа жараахай шиг л байсан. Яагаад гэвэл бичдэг төрөл нь тэр. Бусад сонинд ажиллахад тэрэнд арай хүрэхгүй. Гэхдээ илүү зовж зүдрээд байсан юм байхгүй, зохиол бичих ур чадвар өөрт байж байгаа юм хойно. Харин надаар хэн  нэгнийг магтсан шүлэг бичүүлсэнд орвол шог юм бичүүлвэл арай дээр бичнэ шүү дээ.

-Тэгвэл өнөөдөр  амьдарч буй нийгмээсээ  та ямар хошин шогийг олж харж, мэдэрч  байна?

-Өглөө сонин харахад, орой телевизийн суваг эргүүлэхэд дүүрэн хошин шог. Гудамжинд гарахад, автобусанд суухад ч тэр чигээрээ хошин шог байна шүү дээ. Улстөрчдийн уриа лоозон, амлалтууд хошин шог. Нийгэм даяараа ярьж, бичиж, тэмцэж байна. Ямар ч үр дүн алга. Мэдээллийн үнэ цэнэ байхгүй болчихож. Жишээ нь, Монголын говьд аялж яваа хүн тааралдахад түүнд  шанага ус өгвөл  их баярлана. Тэр хэрэгцээгээ олсон байна шүү дээ. Одоо шавартай нуур руу хүн чичиж байгаатай адил байна. Ууя гэхнээ ууж болохгүй. Шавартай, шорвог, бохир, тэгсэн атлаа ус байж байдаг. Мэдээллийн ийм илүүдэл, бохирдол, хий сүржин хөдөлгөөнүүд, түүгээрээ хоол олж идэж, албан тушаал ахих гэсэн оролдлогууд, энэ бүхэн өнөөдрийн инээдэм. Хэрэгтэй газраа, хэрэгтэй цагтаа хэрэгтэй мэдээлэл хүнд чухлаас биш замбараагүй мэдээлэл хор  болдог. Зах зээлийн үеийг би шүүмжилж л байсан. Учир нь юу вэ гэвэл, ямар ч замбараа алга. Ийм замбараагүй юмыг ардчилсан төр ч гэсэн хянаж чаддаггүй юм байна. Хэчнээн ардчилсан төр байгаад нэмэргүй байхгүй юу.

-Энэ хорыг яаж саармагжуулж алга болгох вэ. Би саяхан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцаж байгаад энэ тухай асуухад манайхан өөрсдөө эхлээд цэвэрших ёстой гэж байсан. Таны олж харсан арга зам юу бол?

-Цэгцрэх л хэрэгтэй дээ. Биднийг дунд сургуульд суралцаж байхад Брауны хөдөлгөөн гэж физик, химийн хичээл дээр үздэг байлаа. Тэр бол усан дотор бэх асгахад тал тал тийшээ нүүж байгаад тодорхой нэг цэгт очиж дүрс  үүсгэж хэвийн байдалд ордог үзэгдэл. Үүнийг аяндаа цэгцрэх зүй тогтол гэж байгаа юм. Аливаа юм аяндаа цэгцэрч байвал тогтвортой байдаг. Гаднаас нь ямар нэгэн хүчээр үйлчлэхгүй бол тэр хэвээрээ байж байдаг. Одоо манайх шиг нэг Засгийн газар гарч ирээд, эсвэл нэг тэмцэгч гарч ирээд өмнөхөө татаж унагаад, дараачийнх нь бас тийм маягаар яваад байвал хэзээ ч тогтвортой байдалд орохгүй. Тэгэхээр үүнд Д.Сүхбаатар жанжны хэлсэнчлэн хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

-Таны хэлээд байгаа тогтвортой байдлын санаа нь   хэрвээ  сонгууль болж, Их хурал, Засгийн газар байгуулагдвал дараачийн сонгууль хүртэл ямар ч муу үйл хийсэн түүнийг нь тэвчих хэрэгтэй гэсэн үг үү. Тэгэхээр хариуцлага юу болох вэ?

-Хийсэн муу үйлийг нь тэвчих хэрэгтэй. Хийсэн муу үйл нь сонгосон хүмүүсийн үйлийн үр шүү дээ. Яагаад гэвэл, тэднийг бид сонгочихсон. Тэрийгээ мах ясандаа ортол амсах хэрэгтэй. Үйлийн үрээ эдэлж, яс махандаа хүртэл  ойлгочихвол  дараа, дараагийн сонгууль хариуцлагатай болно шүү дээ. Сонгож буй хүмүүс нь хариуцлагатай болчихвол сонгогдож байгаа хүн ч  бас хариуцлагатай болно. Би ингэж л боддог.

-Ингэхэд та зохиол бүтээлээсээ болж үзэл суртлаар  “арга хэмжээдүүлж” байв уу?

-Гайгүй шүү. Харин ч би азтай хүн. Нэг удаа Зохиолчдын хорооноос зарласан уралдаанд”Хэцүү амьтан” өгүүллэгээрээ түрүүлж 1000 төгрөгөөр шагнуулсны дараа “Утга зохиол”сонинд тэр бүтээл маань биш өөр өгүүллэг гарсан. Гайхаад асуутал “Хэвлэл, утга зохиол хянах газар тэр өгүүллэгийг гаргахыг хориглосон. Тэгээд өөр өгүүллэг нийтэллээ. Чамд 1000 төгрөгөө өгчихсөн, буцааж авалтай биш, өөр арга алга” гэсэн. Хэрэв 1000 төгрөгөө аваагүй байсан бол өгөхгүй, өөр хүний өгүүллэг гарах байсан ч юм уу, хэн мэдлээ. Тэрнээс өөрөөр гайгүй дээ, ер нь би өгүүллэгээ бичихдээ олон талаас боддог. Ингэж асуувал тэгж хариулах юм шүү гэж хэдэн янзаар боддог байсан болохоор тэр байх.

-Бүтээж туурвих нөр их хөдөлмөрт та амьдралынхаа хагас зуун жилийг зориулсан байна. Энэ хүртэл уншигчдын гар дээр хэчнээн ном тавив?

-Хамгийн анхных нь “Хуримын дараах өглөө” нэртэй шог өгүүллэгийн ном 1980 онд гарсан. Сүүлийн үеийнх гэвэл оны өмнөхөн гаргасан “Улбар инээдмийн шугуй” юм. Анхны номоо гаргаснаас хойш 35 жил болж байна. Өнөөдрийг хүртэл 30 гаруй ном хэвлүүлсэн гэхээр жилд бараг нэг ном гаргажээ. Тэр дотор шог шүлэг цөөхөн, өгүүллэг олон.  Манайд малын тооллого гэж байдаг  ч улсаас ямар өгүүллэгийн тооллого явуулах биш, би ч сайн дураараа тоолсонгүй. Барагцаалвал 300 орчим юм бий. Оны өмнөхөн хэвлүүлсэн шинэ номд бол 55 өгүүллэг орсон.

-Таны 2010 онд онд “Алтан Өд” хүртсэн “Дэлхийгээс урвагч” бүтээл өвөрмөц бичлэгтэй сонин ном байна лээ. Хошин шог зохиолын ямар төрөл жанрт багтдаг юм бэ?

-Хошин шог зохиол маш олон төрөл жанртай. Сүүлийн үед хошин гэж нэг юм байдаг шиг ойлгоод байх болж. Инээдэмд үндэслэсэн шог, егөө гээд олон юм бий. Манайд олон янзаар ялгаж тайлбарладаг. Инээдмийн өнгө, түүнийг бүтээсэн аргачлалаар нь ангилна. Бусад төрөл жанртай холилдсон юм ч байх. Чиний асуугаад байгаа “Дэлхийгээс урвагч” ном бол фантастик коммент буюу уран зөгнөлт, инээдмийн зохиол. Сүүлийн үед дэлхий нийтэд ихээхэн газар авч байгаа төрөл. Өмнө нь манайд зөгнөлт зохиол гэж байсан.Инээдмийн зохиол гэж байсан. тэр хоёрыг хосолж бичсэн төрөл байхгүй. Тиймээс туршиж, бас зориглож бичсэн юм.

-Шог зохиол гэдэг дэлхийн улс түмнүүдийн өвөрмөц онцлогийг шингээсэн нандин зүйл. Монголын гэж өмчилж болох тэр онцлог нь юу вэ?

-Монгол  хошин шогийн сэтгэлгээгээр баян орон. Юунд инээж байна түүгээр нь хүнийг хэмжиж болно гэж үг бий. Тэр үүднээс нь авч үзвэл монголчууд ухаантай ард түмэн. Монголчуудын хууч, өнгөрсөнд бүтээсэн түүхийг авч үзвэл ёгт үлгэр, егөө  элбэг. Бадарчны шог маш олон.Хөдөөгийнхөн бол ярихдаа ихэнхдээ егнө шүү. Сэтгэлгээ нь тийм мундаг.Өвгөчүүлийн хэлж байгаа үг гүн бас олон утгатай.

-Танай удам, нутаг хошуунд хошин шогч хэр олон байв?

- Аавын аавыг хэлэмгий хүн байсан гэж нутгийнхан хэлдэг юм билээ. Манай аав, ээж Завхан аймгийн Яруу сумын уугуул. Хөдөө байхдаа малчин  хотод ирээд ажилчин болсон хүмүүс. Би айлын хоёр хүүгийн бага, бас удмаасаа зохиолч болсон ганц хүн нь.

-Танай хүүхдүүд шог зохиол оролдож байна уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Бага хүү жаахан юм бичиж, уралдаанд түрүүлж, ном гаргаж байснаа оюутан болоод хаячихлаа. Дунд хүү бол зураач, шог зураг зурна. Харин таван настай ач хүү маань эмээгээрээ үлгэр яриулж, өөрөө бас зохиож ярих дуртай. Тийм болохоор нь би  горьдлого тавьж байгаа /инээв/.

-Та уншигчидтайгаа уран бүтээлээрээ байнга уулздаг ч хэвлэлээр тэр болгон ярьдаггүй. Манай сониноор дамжуулж юу хэлэх вэ?

-Бүгдээрээ инээж яваарай.