m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 02:29
74
Хятадын хямд ган дэлхийг бүрхэж байна

Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос 7.0 хувь руу буусан ч ган төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийн бусад улс орныг нийлүүлсэнтэй адил байна. Энэхүү урвуу хамаарал нь өнөөдөр дэлхийн төмрийн зах зээл дээр хүчтэй доргилт үүсгэж байгаа аж. Хятадын эдийн засаг 1991 оноос хойш хамгийн бага төвшинд очсон ч Хятадын ган төмөр нь дотоодын зах зээлд бус, дэлхийд экспортлогдож байна. Хятадын ган төмрийн хэтийдсэн нийлүүлэлт АНУ-аас  Европын  холбоо хүртэл, Хойд Солонгост ч ноцтой асуудал үүсгэж байна. Гангийн хэрэглээгээр дэлхийд хоёрт ордог АНУ-д төмрийн гол үйлдвэрүүд гаалийн татварыг нэмэхийг Конгрессоос шаардахаар болжээ. Латин Америкийн гангийн холбооноос мэдэгдэж буйгаар, тус тив дэх Хятадын гангийн импорт энэ онд 75 хувиар өсчээ. Энэ нөхцөл байдал төмрийн зах зээл дээр тэнцвэргүй байдал үүсгэж байна хэмээн холбооны тэргүүн  Рафаэль Рубио мэдэгдлээ. “Дэлхийн хэрэглээнээс давсан үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгдээд байна. Үүний гол буруутан нь Хятад. Учир нь тэд дотооддоо хэрэглэдэггүй ган төмрөө гадаадад нийлүүлэхийн тулд зохиомол үнээр өрсөлдөж байна” хэмээн Рубио ярилаа.

Хятад улс ган төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийн бусад улс орныг нийлүүлсэнтэй адил байна

Дэлхий даяар гангийн үйлдвэрлэл 3.5 хувиар өссөн бол эрэлт хэрэгцээ нь дөнгөж хоёр хувиар өсчээ. Дэлхийн хэрэглээ багасч, Хятадын экспорт нэмэгдсэнээр энэ гажиг үүсээд байна. Энэ оны нэгдүгээр сард Азийн аварга улсын экспорт 2014 оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өсчээ. Өнгөрсөн онд хятадууд 82 сая тн ган экспортлосон бол энэ онд энэ үзүүлэлтээ давуулан биелүүлэх төлөвтэй байна. XXI зуунд нэг улс орон дангаараа ийм их ган төмөр экспортлож байгаагүй билээ. Үүн дээр Хятад дахь төмрийн хэрэглээ 2014 онд 1.1 хувиар (дэлхийн дунджийн хагас), энэ онд 0.8 хувиар өссөнийг нэмж тооцвол Хятад дахь төмрийн үйлдвэрлэл хэрээс хэтэрсэн нь харагдана.

Дэлхийн худалдаа наймааны дүрмээр, шинэ зах зээл олохын тулд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн өртгөөс нь доогуур үнээр худалдахыг хориглодог. Үүнийг демпингийн бодлого гэдэг. Хятадууд демпингийн бодлого явуулаагүй хэмээн няцааж байгаа ч экспортоо эрчимтэй нэмэгдүүлсээр байгаа юм. Хятадын ган төмрийн улсын холбоо дээрх буруутгалыг үгүйсгэж “Гадаадын улс орнууд өөрсдийн хомсдолоо нуухын тулд халхавчилсан протекционист (дотоо­дын бүтээгдэхүүнээ хамгаа­лахын тулд ижил төрлийн гадаадын бүтээгдэхүүнийг хязгаарлах, гаалийн татварыг нь нэмэх бодлого) бодлого явуулж байна” хэмээн мэдэгджээ. Иймэрхүү ялгаа, зөрчлийг Дэлхийн худалдааны байгууллага (WTO) шийдэх үүрэгтэй байдаг. ДХБ тухайн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дахь үнэ гадаад дахь үнээс дээгүүр байгаа эсэх, мөн үүнээс болж үйлдвэрлэлд хор хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоодог ажээ. 

Хятадын экспортын ган төмрийн үнийн асуудлаар 12 гомдол Дэлхийн худал­дааны байгууллагад ирээд байна

2014 онд Өмнөд Солонгосын Hyundai Steel болон Dongkuk Steel компани Хятадын гангийн гаалийн татварыг 18-33 хувиар нэмэхийг ДХБ-аас шаарджээ. “Хятадуудын төмрийн үнийн талаарх маргаан 18 сар үргэлжилж байна. Энэ  хооронд олон үйлдвэр, компанид нөхөж болшгүй хохирол учраад байна” хэмээн Латин Америкийн гангийн холбооны тэргүүн Рубио онцоллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л АНУ-ын Steel Corp компани 756 ажилтнаа халжээ. Европын төмрийн үйлдвэрлэлийн лидерүүд гуравдугаар сарын дундуур Европын холбооны Худалдааны газрын дарга Сесилиа Малмстрёмтэй уулзаж Хятадын төмрийн экспортын гаалийн татварыг нэмэх асуудлаар ярилцсан байна.