m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 05:02
392
Зөвлөгөө-3 Хөхний талаар эмэгтэйчүүдэд зөвлөх нь

 

MASS.MN сайтын хамт олон Монгол Улсын Хүний гавьяат эмч, доктор, Клиникийн профессор, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч Р.Асайтай хамтран ажиллаж байна. 

Хөхний өвчин өмөн гэж юу вэ, нийтлэг тохиолддог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тогтмол зөвлөгөө өгөх юм.

Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдлийн хүчин зүйлс

А. Нөхөн үржихүй ба дааврын хүчин зүйлс

1. Дотоод дааврын нөлөө

Хөхний өмөнгөөр өвчлөх эрсдэл эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд 100 дахин илүү байна. Эмэгтэйчүүдийн хүйсний энэ эрсдэл нь дараах хүчин зүйлүүдтэй холбоотой нэмэгддэг.

• Анхны сарын тэмдгийн эрт үзэгдэл (12 нас ба түүнээс бага)

Анхны сарын тэмдэг нь 12 ба түүнээс доош насанд ирсэн  эмэгтэйчүүдийг сарын тэмдэг нь 13 ба түүнээс дээш насанд ирсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний өмөнгийн эрсдэл өндөр байдаг.

• Анхны хожуу жирэмслэлт, гэр бүлгүй, жирэмслээгүй (хүүхэд хөхүүлээгүй) 35 ба түүнээс дээш насанд анхны жирэмсэлт нь болсон эмэгтэйчүүд болон огт жирэмслээгүй, гэрлэж байгаагүй эмэгтэйчүүдийн хувьд хөхний өмөнгийн эрсдэл өндөрт тооцогддог.

• 55 нас ба түүнээс дээш насны хожуу цэвэршилт. Өндгөвчний урт хугацааны үйл ажиллагаа хөхний өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

1. Гадаад дааврын нөлөө

• Жирэмслэхээс сэргийлэх дааврууд.

 Жирэмслэхээс сэргийлэх даавруудын өмөнгийн эрсдэл ялангуяа 35-аас доош насны залуу эмэгтэйчүүдэд өндөр байдаг. Эдгээр даавруудыг 5 жил буюу түүнээс урт хугацаагаар хэрэглэхгүй байх нь оновчтой.

• Даавар эмчилгээ

Даавар эмчилгээг 5 ба түүнээс дээш жил хэрэглэсэн тохиолдолд өмөнгийн эрсдэл 50% нэмэгддэг байна.

• Үр хөндөлт

Амьдралдаа нэг ба түүнээс олон үр хөндүүлсэн залуу эмэгтэйчүүдийн өмөнгийн эрсдэл нь, үр хөндүүлж байгаагүй, нэг ба түүнээс олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс 50% -иар их байдаг.

Б. Хоол хүнсний хүчин зүйлс

• Тослог ихтэй, өөхтэй хоол. Амьтны гаралтай өөх тос хөхний өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг байхад ургамалын гаралтай тос ба загасны тос хөхний өмөнгийн эрсдлийг бууруулж, хамгаалах нөлөө үзүүлдэг.

• Махтай хоол

Үхэр, хонь, гахай, тугалын мах эрсдлийг нэмэгдүүлдэг байхад, шувуу болон загасны мах тийм нөлөө багатай.

• Архи, дарс

Өдөр бүр хоёр удаа хэрэглэх нь хөхний өмөнгийн эрсдлийг 25 хувиар   нэмэгдүүлдэг ажээ.

В. Биеийн тогтоц

• Биеийн илүүдэлтэй жин ба хэт таргалалт. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн хувьд илүү жин ба таргалалт хөхний өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг бол харин нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хувьд бууруулдаг юм.

Г. Нас

Хөхний өмөн 30-аас доош насанд маш ховор бол 40 наснаас хойш эрс нэмэгддэг.

Д. Нийгмийн орчин

Нийгэм хангамжийн өндөр түвшинд байгаа эмэгтэйчүүд, хөдөөгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний өмөнгийн өндөр эрсдэлтэй юм.

Ж. Удамшил

Төрсөн эх болон эгч нарын аль нэг нь хөхний өмөнгөөр өвчилж байсан эмэгтэйчүүдэд хөхний өмөнгийн эрсдэл нэмэгддэг. Зарим судлаачид хөхний өмөнгийн 5% -нь удамшилийн гаралтай гэжээ.

З. Тамхи

Тамхийг 30 ба түүнээс дээш жил татсан эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 60 дахин илүү байдаг. Судалгаагаар янжуур тамхийг өдрийн 10 ширхэгээр 5 жил татсан эмэгтэйчүүдэд өмөнгийн эрсдэл нэмэгдсэн байна.

И. Антибиотик

Судалгаагаар антибиотикуудыг өргөн хэрэглэх нь хөхний өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Хөхний эрсдлийн хүчин зүйлсийн нөлөөлөх зэрэглэл хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдлийн хүчин зүйлсийг гурван зэрэглэлд хуваажээ.