m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 05:04
117
Өвөрхангайн багш, дасгалжуулагчдын чадваржуулах сургалт боллоо

Өвөрхангай аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлөөс жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд тохиодог “Спорт, хөгжил, энхтайван, олимпизм” олон улсын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн багш дасгалжуулагч, арга зүйчдийн дунд чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. Боловсрол, соёлын газартай хамтран байгуулсан уг сургалтад аймгийн 37 цэцэрлэг, 29 сургуулийн 76 багш дасгалжуулагч оролцсон юм. Тэд спортын ба уран сайхны гимнастикийн заавал хийж гүйцэтгэх хөтөлбөр дасгалууд болон олимпийн боловсрол олгох сургалтад хамрагдлаа.

“Чадваржуулах сургалт хоёр дахь жилдээ зохиогдож байна. Ноднин зөвхөн Арвайхээр хотын хэмжээнд зохиогдож байсан бол өнөө жилээс хүрээгээ тэлж, аймгийн ихэнх цэцэрлэг, сургуулийг хамарч чадлаа. Уг арга хэмжээний үргэлжлэл болгон тавдугаар сарын 22-нд аймгийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулна. Цаашлаад бид спортын энэ төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээн болон Хүүхдийн спортын наадамд оролцох зорилго тавьж байна” хэмээн “Монреаль” олимпийн зөвлөлийн захирал Б.Чанцалдулам өгүүлэв.

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш, Э.Батмөнх нар урилгаар оролцон, багш дасгалжуулагч, арга зүйчдэд олимпийн боловсрол олгож, Арвайхээр хотын IV сургууль, I, V, IV, VI цэцэрлэгүүд дээр байгуулагдсан олимпийн булан, танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр спорт, олимпизмийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Б.Цэрмаа (Хархорин, II сургууль), И.Уртнасан (Арвайхээр, Цэцэрлэг бага сургуулийн цогцолбор) нарыг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор, Ц.Отгонбямба (Арвайхээр, I сургууль), Т.Азбилэг (Арвайхээр, I цэцэрлэг), Б.Наранцэцэг (Арвайхээр, IV цэцэрлэг) нарыг дурсгалын алтан медалиар шагнаж, урамшууллаа.