m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 05:50
109
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн" орон даяар эхэллээ

БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүллээ. Энэ талаар өнөөдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар мэдээлэл өглөө.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол "Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс   доройтож, нийслэлд агаар, хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зөв гарц бол байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгож мод тарих юм. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн нэг сая мод тарьж, ургуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох, модыг зөвхөн тарих биш ургуулах, насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах,   бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлж байна” гэлээ.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр   сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр  сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх ажээ. Эхний үе шатанд   нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Иргэд эхлээд хашаа, хороондоо, боломжгүй бол баг хорооныхоо бичил цэцэрлэгт , цэцэлэгт хүрээлэнд мод тарих боломжтой бол аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн төгөл бий болгох газраа Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги, сум дүүргийн Засаг даргаас авна. Харин тарьц, суулгацыг мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр тарьц, суулгац нийлүүлэхийг зорьж байгаа гэдгээ сайд Д.Оюунхорол дуулгалаа.