m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 23:29
67
З.Энхболд Свердловск мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Оросын Холбооны Улсын Свердловск мужийн  Хууль Тогтоох Хурлын орлогч дарга Анатолий Петрович тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Свердловск мужийн Хууль Тогтоох Хурлын орлогч дарга Анатолий Петрович болон бусад төлөөлөгчийг Монгол Улсад айлчилж, “Mining Mongolia 2015” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаад талархал илэрхийллээ. ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ бодит агуулгаар баяжуулах нь чухал болохыг онцлов. Мөн манай хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж, зохих хэмжээнд байгаа гэж бид үздэг. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал хэсэг бөгөөд цаашид улам бүр бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Анатолий Петрович УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийлээд Свердловск мужийн Хууль Тогтоох Хурлын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг тэмдэглээд, 2015 оны тавдугаар сард Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.