m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 00:57
410
Л.Амгалан: Улсдаа танигдсан томоохон үйлдвэрлэгч болохыг мөрөөддөг

Булган аймагт ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ганц компани байдаг нь “Булган кашмер”. Гол түүхий эдээ Улаанбаатараас татдаг тус компанийн гол тулгамдсан асуудал нь ажлын байр гэнэ. Тогтвор суурьшилтай ажлын байртай болчихвол цаашдаа илүү олон хүнийг ажлын байраар хангаж чадна хэмээн удирдлага нь ярьж байна. “Булган кашмер” ХХК-ийн захирал Л.Амгалантай ярилцлаа.

Яагаад заавал сүлжмэл, ноосон эдлэлийн үйлдвэр байгуулъя гэж зорьсон  бэ?

Булган аймагт ноос ноолуур, сүлжмэл эдлэлийн үйлдвэр, үйлчилгээний газар байдаггүй учраас зах зээлдээ илүү дөхөм гэдэг утгаараа энэ үйлдвэрээ байгуулсан. Тэгээд 2012 оны 11-р сард нэг сүлжигч, нэг кительчин, нэг борлуулагчтайгаар гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мэдээж анх эхэлж байх үед маш хүнд байсан. Мөнгө санхүү, борлуулалт, хамгийн чухал нь болох мэргэжлийн хүн байхгүй зэрэг олон асуудал тулгарч байсан. 2013 оноос Орхон аймгийн МСҮТ, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч таван хүнийг сургаж ажилд авсан. Ингэснээр манай үйлдвэр одоо найман хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна даа.

Булган аймагт энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин ховор гэсэн үг үү?

Тийм. Өөр бусад аймгуудад бол зар тавиад л маргааш нь хүн ирчихдэг бол манай аймгийн хувьд тийм зүйл байдаггүй. Тиймээс боловсон хүчнээ сайн нөөцөлж байя гэж бодоод аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах гэсэн боловч аймгийн МСҮТ-д мэргэжлийн багш байхгүй байсан. Тийм учраас Орхон аймггийн Хөдөлмөрийн хэлтэст хандахад маш сайхнаар хүлээж авсан.

Одоо ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

Анх цамц, өмд, ороолт, малгай зэрэг бүтээгдэхүүн гаргадаг байсан бол одоо бүтээгдэхүүний төрөл ч нэмэгдэж, чанар нь илүү сайжирсан. Нэг сүлжигч өдөрт гурав, нийт гурван сүлжигчийн есөн бүтээгдэхүүн өдөрт гараас гарч байна гэсэн үг.

Гол түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

Түүхий эд, материалын хувьд цэвэр ноос ноолуур, хувьтай ноос ноолуур, сарлагийн хөөвөр зэргийг ашигладаг. Улаанбаатар хотоос буюу “Монгол нэхмэл”, “Говь”, “Гоёо” зэрэг компаниудаас татаж авдаг.

Борлуулалтаа хаагуур хийдэг вэ?

Аймгийн иргэд захиалгаар их хийлгэдэг, мөн Булган аймгийн сумдуудад зардаг.

Жижиг дунд үйлдвэрлэгчдийн гол асуудал бол тав тухтай ажлын байр байдаг шүү дээ. Танайх өөрийн гэсэн ажлын байртай юу?

Том үйлдвэрлэгч биш болохоор одоогоор ажлын байраа түрээсэлдэг. Гэхдээ одоо энэ байрнаасаа удахгүй гарах шаардлагатай болчихоод байгаа. Тиймээс бидний гол тулгамдаад буй асуудал ажлын байр болчихоод байна. Манай аймгийн хувьд нэг жижиг өрөөний түрээс сардаа 250-350 мянган төгрөг. Энэ нь бараг нэг хүнийг давхар цалинжуулж байна л гэсэн үг. Ажилчдынхаа цалинг бодохдоо хийснээр нь тооцдог. Нэг ширхэг бүтээгдэхүүний үнэлэлт 3500 төгрөг байдаг, тэгээд хээ хуар нэмэгдээд загвар нь хүндрээд ирвэл үнэлгээ нь нэмэгддэг. Китель нь 1500-2500 төгрөг байдаг.

Цаашдаа үйл ажиллагаагаа илүү өргөтгөх бодол бий юү?

Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс зохих хэмжээний зээлд хамрагдаж, үйлдвэрээ өргөжүүлэх тал дээр санал тавьж байсан. Бидний зүгээс ч энэ дагуу хөөцөлдөж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ хамгийн гол тулгамдаад буй асуудал бол ажлын байр. Уг нь орон нутгийн зүгээс дэмждэг ч цаад зээлийн байгууллага дээр очоод гацчихдаг. Гэсэн ч энэ бидний гол тулгамдаад байгаа асуудал учраас нэн даруй шийдэх талаас нь хөөцөлдөж байна даа.

     

Аливаа бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа маш чухал байдаг шүү дээ. Тэгвэл танайх энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

Бидний хувьд гол түүхий эд болох ноос, ноолуураа малчдын гар дээрээс аваад өөрсдөө боловсруулаад хийнэ гэвэл чадахгүй. Тийм учраас бэлэн болчихсон түүхий эд гаднаас худалдаж авч байгаа болохоор одоогоор хэрэглэгчдээс гомдол, санал бидэнд ирээгүй байна. Нэг удаа хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” номинацид нь шалгарч байсан.

Загвар, дизайнаа хэрхэн гаргадаг вэ?

Багш нараараа заалгаж сурсан, мөн би өөрөө загвар дизайнаа гаргадаг. Гол нь загвараас гадна утасны чанар дээр анхаарах хэрэгтэй. Утасны чанарт сайн анхаарч, улам сайжруулж байхгүй бол худалдан авалт буурна гэсэн үг.

Аймгийн иргэдийн худалдан авах чадвар хэр байдаг вэ?

Ноос, ноолууран эдлэлийн үйлдвэрлэл улирлын чанартай ажил шүү дээ. Наймдугаар сараас тавдугаар сар хүртэл хамгийн их гүйлгээтэй байдаг. Хоёр сарын хугацаанд ор тас үйлдвэрлэл зогсчихгүй, бага зэргийн захиалгатай байдаг. Яг ид оргил үедээ бол бидний орлого 18-19 сая төгрөгт эргэлддэг. Цаашдаа захиалга тааруу сардаа ч үйл ажиллагаагаа зогсоохгүй ажиллах нь бидний бас нэгэн гол зорилго болоод байна даа.

 “Масс агентлаг”-ийн зүгээс танай аймгийг, тэр дундаа танай үйлдвэрийг зорьж ирээд үнэ төлбөргүй сурталчлаад өгье гэсэн нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?

Маш сайхан санагдаж байна. Өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагаар ингэж сурталчлуулж үзээгүй. Тиймээс танай агентлагийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

  • "Булган кашер" ХХК-ийн захирал  Л.Амгалан 99348758

Сэтгүүлч Д.Тэмүүлэн