m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 01:11
170
С.Ламбаа: Шинэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн ахлагч С.Ламбаатай ярилцлаа.



-Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдэн батлагдсан. Ямар учраас энэ хуулийг шинэчилж байгаа вэ?

-Монгол Улс 1994 оноос хойш бүх нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож, 2014 оны эцсийн байдлаар гэхэд нийт хүн амын 94 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байна. Олон удаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хэдий ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт даатгуулагчийн өгөх үнэлэмж доогуур, даатгуулагчийн хүртэх тусламж, үйлчилгээний хүрээ хязгаарлагдмал, иргэд хувиасаа нэмж өндөр төлбөр төлдөг байдал үргэлжилсээр байна. Тийм учраас даатгуулагчийн эрх ашгийг дээдлэх зарчмыг үндэс болгож даатгалын үндэсний зөвлөлийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ худалдан авах чадавхитай бие даасан даатгалын байгууллагыг байгуулах, даатгуулагчид учирч байгаа санхүүгийн эрсдлийг аль болох бүрэн хуваалцдаг тогтолцоонд шилжих зорилгоор энэ хуулийг шинэчлэн найруулсан. Анх 2010 онд өргөн баригдаж байсан энэ хууль өмнөх болон энэ удаагийн чуулганаар дамжин хэлэлцэгдэж 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдлаа.

-Энэ хуулийн онцлогийг хамгийн товчоор тодорхойлбол?

-Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах, эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байдлаар даатгуулагчид үзүүлэх, түүнтэй холбогдсон бүхий л харилцааг аль болох төрөөс хараат бус байдлаар зохицуулж бие даасан байдлыг нь нь хангах нөхцлийг бүрдүүлсэн.

-Эрүүл мэндийн даатгал албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн 2 төрөлтэй болсон. Хуучин ч ийм байгаагүй билүү?

-Хуучин заавал даатгал, сайн дурын даатгал гэж хоёр төрөлтөй байсан. Заавал гэдэг хуулийн нэр томьёо болж чадахгүй байсан учраас “Албан журмын” гэсэн төрөл болгож тодотгож өгсөн. Ингэснээр Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээж байна гэсэн үг. Албан журмын даатгалд хамрагдсан иргэддээ үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл, багц болон эмийн хөнгөлөлтийг маш тодорхой заасан. Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээг авах шаардлага гарахад төдбөрийг иргэн 100 хувь хариуцдаг. Энэ тохиолдолд тухайн иргэн зардлын эрсдэлд орохгүйн тулд тусгай зөвшөөрөл бүхий хувийн өмчийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж сайн дурын үндсэн дээр эрүүл мэндийн нэмэлт даатгал хийж болохоор хуульчиллаа. Ер нь аливаа даатгал эрсдэлээс хамгаалахад л утга учир нь оршиж байгаа шүү дээ.

-Энэ хуульд даатгуулагчийн эрхийг нэлээн тодорхой болгож, өргөтгөсөн гэж байсан. Уншигчдад үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Тийм. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас шатлал дотор нь харьяалал харгалзахгүй сонгож үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн төлсөн шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахимаар хяналт тавих, илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах эрхтэй болсон.

-Гэрээ байгуулсан даатгалын байгууллага, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэдгийг тодруулахгүй юу?

-Өнөөдөр эрүүл мэндийн даатгал Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтцэд ажиллаж байгаа. Энэ хуулиар 2016 оны 1 дүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага /агентлаг/ шинээр байгуулагдана. Энэ байгууллага эрүүл мэндийн даатгалын санг Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу захиран зарцуулж хяналтаа тавина. Өөрөөр хэлбэл өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ хийж даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээнд холбогдох зардлыг шилжүүлж гүйцэтгэлд нь хяналт тавих юм. Өмчийн бүх хэлбэрийн гэхээр төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай ямар нэг ялгаваргүйгээр гэрээ байгуулна гэсэн үг: Одоо тарифын хувьд ялгавартай байгаа шүү дээ.

-Даатгалын байгууллага ямар ажил хариуцах вэ?

-Энэ хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулах, даатгалын сан болон мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, Үндэсний зөвлөл болон бусад эрх бүхий этгээдийг холбогдох мэдээллээр хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүн, өртөг зардал, шимтгэлийн хувь хэмжээг тогтооход шаардлагатай тооцоо, судалгааг мөн хийнэ. Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах товлолт хугацааг тэдэнд тухай бүр урьдчилан мэдэгдэх гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөрөнгийн зарцуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ч хяналт тавина. Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг байгуулагдах хүртэлх хугацаанд түүний чиг үүргийг одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ.

-Хуучин хуулиар ажил хийдэг хүмүүсийн даатгалын шимтгэл сард 4 хувь, түүний хоёр хувийг даатгуулагч, нөгөө хоёр хувийг ажил олгогч төлдөг байсан. Харин төр даатгуулагчийн төлбөрт сард 670 төгрөг төлдөг байсан. Энэ шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн үү?

-Даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайлбал, Таны хэлээд байгаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн /ажил хийдэг хүмүүс/ сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувь байхаар хуульчилсан. Үүнийг жил бүр Засгийн газрын саналын дагуу Үндэсний зөвлөл тогтооно. Насанд хүрээгүй хүүхэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэгээс доошгүй хувиар, бусад даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёроос доошгүй хувиар жил бүр тогтоохоор заасан. Одоо манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192.000 төгрөг байгаа. Үүний нэг, хоёр хувиар тухайн хуульд заасан хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр төлнө гэсэн үг. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэнэ.

-Даатгуулагч өөрийн даатгалын мөнгөнөөс бусдад шилжүүлэн хэрэглэж болох тухай заалтыг иргэд талархалтай хүлээж авсан байна. Ямар тохиолдолд шилжүүлж болох юм бэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч, түүнчлэн эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах эрхтэй болсон. Тухайн жилийн даатгалын сангийн эх үүсвэрээс шалтгаалж нэг хүнд ноогдох даатгалын мөнгө янз бүр байдаг. Одоо нэг хүн даатгалын сангийн 1.800.000 төгрөгөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Үүнийхээ тодорхой хувийг дээрхи хуулийн заалтад нийцүүлэн зарцуулж болно гэсэн үг.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хэр зэрэг өөрчлөлт орсон бэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад тодорхой өөрчлөлт орсон. Тухайлбал, өрх, сумын эрүүл мэндийн төвийн гэрээр үйлчлэх үйлчилгээ, тодорхой эмчилгээ, оношилгоо, шинжилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хорт хавдрын хөнөвчлөх тусламж үйлчилгээ, /Өмнө нь зөвхөн Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хамрагдаж байсан юм/ өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр нэмж оруулсан.

-Эрүүл мэндийн даатгалаас зарим эмэнд хөнгөлөлт үзүүлдэг. Үүнд өөрчлөлт орсон уу?

-Даатгуулагчид зөвхөн өрх, багийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг өргөтгөж аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад нэгэн адил үнийн хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан.

Одоо дэлхийн хандлага хүнийг өвчилсөн хойно нь эмчлэх бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд голлон анхаардаг боллоо.

-Энэ хандлагатай эрүүл мэндийн даатгалын хууль хэр зэрэг уялдсан бол?

-Даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлдэг байсан бол цаашид даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах зардлыг даатгалын сангаас гаргахаар болсон. Тухайлбал эрүүл мэндийн байгууллага тодорхой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан оношлогоо эмчилгээ хийхэд эрүүл мэндийн даатгалаас зардал гаргах юм. Үүнтэй холбогдуулан энэ үзлэгт хамрагдах нь иргэний үүрэг болж байгаа. Бас даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулахад анхаарч урьдчилан мэдэгдэж зохион байгуулалтын арга хэмжээ авахаар хуульчилсан.

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх үүрэг нэлээн нэмэгдсэн байсан. Одоо ч Үндэсний салбар зөвлөл гэж байгаа. Зарчмын өөрчлөлт орсон уу?

-Даатгуулагч, ажил олгогчид Үндэсний зөвлөлөөр буюу өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж өгсөн. Үндэсний зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлж тус тус гурван хүн, Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тус бүр нэг хүн байна. Хуучин Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл байсныг даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл болгож өөрчилсөн. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөнө. Үндэсний зөвлөл нь ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.

-Хүн бүр цахим карттай болно, төлбөрөө цахим картаараа хийнэ гэж яриад байх юм?

-Буруу ойлголт явж байна. Даатгуулагч цахим картаараа төлбөр хийхгүй. Хуулийн дагуу даатгуулагч бүрт олгох цахим карт тухайн хүнийг эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэнэ. Ийм карттай даатгуулагч хаана ч явсан эмнэлгийн тусламжийг даатгалын зардлаар авч болно. Даатгалын цахим картыг нэвтрүүлснээр мэдээллийн цахим сан бий болж эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагад тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэх боломж бүрдэнэ. Цахим мэдээллийн сан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын жагсаалт, байршил, шатлал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний тоо, чанарын баталгаажилтын талаарх мэдээллийг агуулна.

-Эрүүл мэндийн даатгалын болон эрсдэлийн сангийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нь даатгуулагч, ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хуулийн дагуу Хүний хөгжил сангаас төлсөн төлбөр, төрөөс төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс олгох хөрөнгө, сангийн чөлөөт үлдэгдлийн хүү, эрсдэлийн нөөцийг хадгалуулсны хүү, алданги болон бусад эх үүсвэрээс бүрдэнэ. Энэ сангийн орлогыг бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлдөг. Сая эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас тусгаарласан. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын шимтгэл, алдангийг цуглуулах, төвлөрүүлэх үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэж, төвлөрүүлсэн хөрөнгийг долоо хоног бүр эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэх юм. Хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлогын 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр байгуулна. Эрсдэлийн сангийн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү болон даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, түүнчлэн эдийн засаг, санхүүгийн хүндрэлийн улмаас үүсэх эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх замаар сангийн тогтвортой байдлыг хангахад зарцуулна.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэдийгээс хэрэгжих вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийн зүйл, хэсэг, заалтыг дагаж мөрдөх тусгай хугацааг тогтоосон. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-нийн өдрөөс дагаж мөрдөнө. Харин эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ, төлөх журмыг заасан хуулийн 8.1 дэх хэсэг, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч шимтгэлээ өөрөө хариуцан төлөхөөр заасан хуулийн 8.2.4 дахь заалт, шинээр бий болох эрүүл мэндийн даатгалын байгууллагатай холбогдсон заалт буюу хуулийн 15.1 дэх хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус дагаж мөрдөхөөр заасан.

-Баярлалаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс