m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 01:19
341
Зөвлөгөө-4 Хөхний өмөн өвчин үүсэх шалтгаан, эрсдэл

MASS.MN сайтын хамт олон Монгол Улсын Хүний гавьяат эмч, доктор, Клиникийн профессор, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч Р.Асайтай хамтран ажиллаж байна. 

Хөхний өвчин өмөн гэж юу вэ, нийтлэг тохиолддог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тогтмол зөвлөгөө өгөх юм.

Маш өндөр эрсдэл

• Өмнө нь хөхний өмөнгөөр өвчилж байсан

Нилээд өндөр эрсдэл

• Нас ахихад хөхний өмөнгийн эрсдэл нэмэгддэг. Жишээлбэл: 20 настай эмэгтэйчүүд 40- 50 настай эмэгтэйчүүдтэй харьцуулахад маш бага эрсдэлтэй байдаг. Ойролцоогоор хөхний өмөнгийн 77%- нь 50- иас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.

• Төрсөн эх болон эгч нар нь хөхний өмөнгөөр өвчилж байсан эмэгтэйчүүд нилээд өндөр эрсдэлтэй байх ба цэвэршихээс өмнө, хөхний өмөнгөөр өвчлөх магадалалтай.

• Хөхний өмөнгийн генийг тээгчид (BRCA 1 буюу BRCA 2)

• Хөхний хоргүй эмгэгүүдээр өвчилж байсан эмэгтэйчүүд

• Өмнө нь өндгөвч, умай болон бүдүүн гэдэсний өмөнгөөр өвчилж байсан эмэгтэйчүүд

Дунд зэргийн эрсдэл

• Анхны сарын тэмдгийн эрт үзэгдэл: Тухайлбал 12 ба түүнээс бага насанд үзэгдэх.

• Орой цэвэршилт: 55 ба түүнээс дээш насанд цэвэрших.

• Огт төрөөгүй буюу анхны хожуу төрөлт: Огт төрөөгүй эмэгтэй ба анхны хүүхдээ 30 ба түүнээс дээш насанд төрүүлэх.

• Ойр төрлийн хамаатан нь хөхний өмөнгөөр өвчилж байсан эмэгтэйчүүд, гэхдээ энэ эрсдэл холын төрлийн хувьд бага нөлөөлдөг.

• Маш том хэмжээний хөхний уйланхайнууд

• Даавар засах эмчилгээ: 5 ба түүнээс дээш жил даавар эмчилгээ хийлгэсэн цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд хөхний өмөнгийн эрсдэл нэмэгдэх магадлалтай.

• Жирэмслэхээс хамгаалах бэлдмэлүүд. Эдгээр бэлдмэл үүд нь ууж байх үед хөхний өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг ба хэрэглэхээ зогсоосноос хойш 10 жил болоод эрсдэлгүй болдог.

• Илүүдэл жин. Ялангуяа бүсэлхий орчмоороо таргалсан эмэгтэйчүүд.

• Өөх тос ихтэй хоол өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлдэг

• Архи, дарс тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний өмөнгийн эрсдэлтэй байдаг

Эрсдэлтэй болох нь нотлогдоогүй хүчин зүйлс

• Кофейны төрлийн зүйл хэрэглэх

• Хөхний даруулга өмсөх

• Суганд түрхэж цацдаг хөлрөлтийн эсрэг үнэртнүүд

• Хөх томруулах эмчилгээнүүд

Эдгээрээс нас, хүйс, болон генийн эрсдлийн хүчин зүйлсийг өөрчлөх боломжгүй юм. Харин биеийн жин, хоололт,дааварын эрсдлүүдийг өөрчилж эрсдлийг бууруулж болдог.Бид ийнхүү хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдлийн хүчин зүйлсийн талаар танд товчхон ойлголт өгөхийг зорьсон юм. Гэвч зарим судлаачид хөхний бүх өмөнгийн зөвхөн 25 хувь нь дээр дурдсан эрсдэлүүдтэй холбоотой болохын тогтоосон ба үлдсэн 75 хувийн нь шалтгааныг олоогүй байна.

Хөхний өмөнгөөс хамгаалах хүчин зүйлс

1. Тамоксифен сэргийлэлт

Тамоксифенийг хөхний өмөнгийн өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ашиглах ба эмчийн заавраар хэрэглэнэ. Шинээр үүсч болох хөхний өмөнгийн эрсдлийг 50 хувь хүртэл бууруулах үр дүнтэй. Энэ эмийг эмчийн зөвлөснөөр түүний хяналтан доор хэрэглэнэ.

2. Мэс заслын урьдчилан сэргийлэлт

Өмөнгийн хэт өндөр эрсдэл бүхий эмэгтэйчүүдэд маш ховор тохиолдолд эмч нарын шийдвэрийн дагуу хоёр талын хөх тайрах мэс засал хийдэг. Зарим судлаачид үүнийг хөхний өмөнгөөс 90% хүртэл хамгаалах үр дүнтэй гэжээ.

3. Фолийн хүчлийн сэргийлэлт

Фолийн хүчил нь нөхөн үржихүйн насны ба цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн аль алинд хөхний өмөнгөөс хамгаалах нөлөө үзүүлдэг болох нь эрдэмтдийн судалгаанаас тодорхой болсон байна. Фолийн хүчлийн хамгаалах үйлчилгээ нь ялангуяа В 6, В 12 амин дэмүүд ба метионинээр дамжуулан тогтмол хэрэглэхэд илүү үр дүнтэй гэжээ. Энд сануулан хэлэхэд фолийн хүчил поливитаминүүдэд ихээхэн агуулагдаж байдаг.

4.Загасны тос

Олонхи эрдэмтэдийн судалгаагаар загасны тос хөхний өмөнгийн эрсдлийг бууруулдаг болохыг баталжээ. Харин амьтны гаралтай өөх тос эрсдэлийг нэмэгдүүлдэг.

5.Тараг

Хөхний болон бүдүүн гэдэсний өмөнгөөс сэргийлэхэд тараг ууж байх нь үр дүнтэй болох нь тогтоогдсон.

6.Нарны гэрэл

Нарны гэрлийн тогтмол үйлчилгээ нь хөхний өмөнгийн эрсдэлийг бууруулдаг ажээ.

7. Харанхуйд унтах.

Хөхний өмөнгийн эсийг үхүүлдэг мелатонин дааврын ялгаралын хэмжээ шөнийн 02 цагт дээд цэгтээ хүрдэг байна. Харин энэ нь нүдний торлог бүрхүүлд гэрэл тусаагүй нөхцөлд явагддаг байна. Иймд шөнө өрөөнийхөө гэрлийг унтраах, гадны болон гудамжнаас тусах гэрлийг хааж харанхуйлж унтах нь зүйтэй юм.

8. Аминдэм А,С,Е ба хооллох дэглэмүүд

Өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарал тавьж тос ихтэй өөхлөг хоол аль болох бага идэх, аминдэм (A,C,E г.м.)-ээр баялаг ногоотой хоол ба жимсний төрлийг ахиу хэрэглэж занших нь хөхний өмөнгийн эрсдэлийг бууруулахад тус нэмэртэй. Зарим

судалгаагаар өөх тостой хоол их хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрсдэл бага хэрэглэдэг эмэгтэйчүүдээс 2,4 -2,9 дахин их байна. Аминдэм С ба А хөхний өмөн үүсэхээс хамгаалах нилээд өндөр үзүүлэлттэй юм.

9. Биеийн дасгал ба чийрэгжүүлэлт

Тогтмол дасгал хийдэг идэвхитэй эмэгтэйчүүд хөхний өмөнгөөр бага өвчилдөг байна. Түүнчлэн тогтмол дасгал хийж чийрэгжих нь олон архаг өвчинүүд болон зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин, яс зөөлрөх ба бүдүүн гэдэсний

хавдар, умайн хавдараас сэргийлэх сайн талтай. Долоо хоногт тогтмол 4 цаг чийрэгжүүлэх дасгал хийдэг эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл идэвхигүй эмэгтэйч үүдээс 50 хувь бага болох нь судалгаагаар батлагджээ. Харин энэ үзүүлэлт долоо хоногт гурван цаг тогтмол дасгал хийдэг эмэгтэйчүүдийн хувьд 30 хувьтай байжээ.

Тогтмол хийх дасгалд, гимнастик, гүйж харайх, нийтийн бүжиг хийх буюу бүжгийн дугуйланд оролцох, тогтмол алхалт хийх, усанд сэлэх зэрэг орно.

10. Жимс, ногоо

Жимс, ногоо өргөнөөр хэрэглэдэг эмэгтэйчүүдийг бага хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний өмөнгийн эрсдэл доогуур байна. Тухайлбал Америкийн Харвардийн их сургууль ба Грекийн Афины Анагаах Ухааны Их Сургуулийнхан хамтарч хөхний өмөнтэй 820 эмэгтэй, хяналтын эрүүл 1548 эмэгтэйд хийсэн судалгаагаар жимс, ногоо ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл, жимс ногоо бага хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 35% бага тохиолджээ. Харин жимс ногоо байнга хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл зөвхөн хаяа нэг хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 46% доогуур гарсан байна. Ургамалын тос  хөхний өмөнгийн эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг ажээ. Ургамалын тосыг хоолонд өдөрт нэг буюу огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл нь, хоолонд өдөрт нэгээс дээш удаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийнхээс 25% их гарчээ. Ургамалын тосны хамгаалах хүчин зүйл бүх насныханд ижил боловч ялангуяа цэвэрших насны эмэгтэйчүүдэд хүчтэй илэрдэг байна.

Маргарины тос хөхний өмөнгийн эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бол масло ба хөхний өмөнгийн эрсдэлийн хоорондын холбоо энэ удаа тогтоогдоогүй байна. Мөн үнээний сүү хөхний өмөнгийн эрсдлийг бууруулдаг тухай Австралийн эрдэмтэд бичжээ.

11. Иодын уусмал

Иодын уусмалыг амьдралд бидний хэлж заншсанаар мастопати буюу хөхний ширхэгт-хөндийт өөрчлөлтүүдийн үед элбэг хэрэглэдэг. Энэ талаар Канадын эрдэмтэд гайхамшигт үр дүнд хүрчээ. Тэд хөхний хязгаарлагдмал ширхэгт хөндийт

(мастопати) өөрчлөлт бүхий 200 эмэгтэйг йодын уусмалаар эмчилж, үр дүнг нь хоёр сар ба хоёр жилийн дараа шалгахад дээрх эмгэг 100 хувь үгүй болсон байна. Тэдний зөвлөснөөр йодын уусмал хөхний өмөнгөөс хамгаалах хүчин зүйл болдог гэжээ. Тэд кальци, кали, йодаар бэлдсэн уусмал (люголын уусмал)-ын 5 -10 дуслыг (миллиграм) нэг стакан жүржийн ундаанд хийж өдөрт нэг удаа уухыг зөвлөж байна. Мөн зарим өвчтөнүүд өдөрт нэг дусал хэрэглэж үр дүнд хүрчээ.

Анхааруулга: Иодын уусмалыг хэрэглэхээс өмнө (ялангуяа бамбай булчирхайн өөрчлөлттэй бол) эмчээсээ зөвлөлгөө авах шаардлагатай бөгөөд ариутгалын зориулалттай йодыг хэрэглэж болохгүй.

12. Жирэмслэлт

Анхны хүүхдээ залуу (30-аас доош) насандаа олж нэг ба түүнээс дээш жирэмсэлж, хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл 35-аас дээш насанд анхны хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин бага байна. Түүнчлэн хүүхдээ удаан, нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хөхүүлсэн эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн эрсдэл буурдаг байна.