m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:15
32
Газар өмчлүүлэх асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсан байна.

Уг асуулгад "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.2-т заасны дагуу Танд дараах асуулгыг тавьж байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын” гэснийг “иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх” гэж 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д Засгийн газар жил бүр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлана гэж заасан.

2012 оны эхний байдлаар улсын хэмжээнд 28288 га газрыг 256 гаруй мянган иргэн өмчилж авсан гэсэн мэдээллээс харахад манай улсын нийт хүн амын дөнгөж 9.2 хувь нь газраа өмчилж авсан байна. Мөн тэр үед нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хүн амын 8.0 орчим хувь нь л газраа өмчилж авсан гэсэн мэдээлэл байсан.

Дэлхийн хэмжээнд ихэнх улс орон атга шороо, алга дарам газрыг ч байгаль орчинд ээлтэй байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулж улс орноо хөгжүүлэн иргэдийнхээ амьжиргааны чанарыг дээшлүүлсээр байгаа билээ.

Монгол улсын иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацааг 2008, 2012 онд хоёр удаа сунгаж, одоогоор 2018 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгдөх юм.

2013 онд УИХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө баталж нийслэлийн суурьшлын бүсийг шинэчлэн төлөвлөхөөр болсон.

Гэр бүлийн зориулалтаар иргэн бүрт газрыг өмчлүүлэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан нийгмийн дэд бүтэц болон инженерийн шугам сүлжээг хамтад нь төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна.

Сүүлийн үед нийслэлийн зарим дүүрэг, хороодод олон жил суурьшсан газрыг нь иргэдэд өмчлүүлэхгүйгээр аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх зохисгүй, шудрага бус үйлдэл их гарч байгаад бухимдсан иргэдийн өргөдөл, гомдол олноор ирсээр байна.

Иймд Улаанбаатар хотод 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэд нь удаан хугацаагаар оршин сууж байгаа оршин суурьшлын бүсийн газрыг уг иргэдэд нь өмчлүүлэхгүйгээр, аж ахуйн нэгжид илт давуу эрх олгон эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын талаарх мэдээллийг гаргаж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна.

Түүнчлэн газар өмчлөл, нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах зэрэг ажлын явцтай холбогдуулж доорх мэдээллийг ирүүлэхийг хүсч байна.

  1. Монгол улсын 2012, 2013, 2014 оны байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон Монгол улсын газрын нэгдмэл сангийн байдлын талаарх мэдээлэл.

  2. Улаанбаатар хотод 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэдэд өмчлүүлсэн болон аж ахуйн нэгжид эзэмшүүлэх шийдвэр гаргаж ашиглуулж буй газрын хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр).

  3. 2012 оны наймдугаар сараас хойш иргэд удаан хугацаагаар оршин сууж байгаа газрыг аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)

  4. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар аж ахуйн нэгжид (төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар) Монгол улсын газар нутгийн хэдэн хувьд түрээсээр, дунд болон урт хугацаагаар гэрээгээр эзэмшүүлж байгаа газартай холбогдсон мэдээлэл, хувь хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)

  5. Монгол улсын иргэн өмчилсөн газраа аж ахуйн нэгжид худалдсан газартай холбогдсон мэдээлэл, хувь, хэмжээ. ( аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар).

  6. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан хороодын тоо. Энэ хөтөлбөр нь хэзээ дуусах, цаашид дахин төлөвлөлтөнд оруулахаар төлөвлөж буй гэр хорооллын тоо, түүнчлэн хотын гэр хорооллыг хэдэн он гэхэд дахин төлөвлөж дэд бүтэцжүүлж дуусахтай холбогдсон мэдээлэл.

  7. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны тоо болон орон сууцанд орсон өрхийн тоо, санхүүжилтийн нийт хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр). Мөн дахин төлөвлөлт хэрэгжиж буй гэр хороололд өмчилсөн газраа үнэлж орон сууцаар худалдаж авах төлбөрт оруулан тооцож байгаа иргэд, орон сууц барьж байгаа аж ахуйн нэгж хоёрын хооронд худалдааны нөхцөлийн талаар гарч буй маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эдгээр иргэдэд худалдааны сайн нөхцлийг бий болгохын тулд тухайн гэр хороололд орон сууц барихад хэд хэдэн аж ахуйн нэгжийг өрсөлдүүлэх боломжтой эсэх талаар.

  8. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан өрхийн тоо, энэ санхүүжилтийн эргэн төлөлтөнд ямар нэг эрсдэл үүсэх талаарх төсөөлөл байгаа эсэх (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).

  9. 2012, 2013, 2014 оны орон сууцны зах зээлийн дундаж үнэ цаашдын үнийн талаарх төсөөлөл, борлуулсан, борлогдоогүй орон сууцны тоо (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).

  10. 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан, улсын төсвөөс санхүүждэг байгууллагад ажилладаг иргэд, өрхийн тоо, үүнээс гадна улсын төсвөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг тухайн төсвийн байгууллага нь хариуцаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ үйлдэл нь хууль эрх зүйн ямар үндэслэлтэй талаар.

Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье. “ гэжээ.