m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 03:23
59
Д.Тэрбишдагва: Өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэж байж хуралдах ёстой байсан

“Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Энэ жилийн Эдийн засгийн чуулган Монгол Улс болоод гадаадын хөрөнгө оруулагчид хооронд итгэлцэл бий болгох зорилгоор явагдаж байгаа. Мөн манай улсад итгэлцэл байхгүйн улмаас Оюутолгойн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа гэлээ. Мөн дотоодод өрнөж байгаа үйл явдлаас сөрөг талыг олж хардаг хүмүүс олон байгаа учир бүр зүйлийг саарсан мэтээр ярьж байна гээд хөрөнгө оруулагчид Монгол улсад харилцан ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй.  Энэ жилийн Эдийн засгийн чуулган Монгол Улс дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үр дүн гаргана гэж итгэж байна" гээд чуулган нээснийг албан ёсоор зарлаж амжилт хүслээ.

Үүний дараа нийтлэлч Б.Батбаяр манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. Тэрбээр өнгөрөгч 2011, 2012 онуудад түүхий эдийн үнэ өсч валютын урсгал нэмэгдсэн зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлттэй гарахад нөлөөлж үүнийг нь төр засгаас эдийн засаг сайн байна хэмээн андуурч байсан гэсэн юм. Харин одоо буцаад хэвийн байдалдаа хүрч байгааг нь хямрал гэж хараад байна гээд товчхондоо бол Монгол улс сансарт гарчихаад буцаж бууж байна гэлээ. Тэрбээр мөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ард түмнийг ухамсарлуулахаас ажлаа эхлэх нь буруу, учир нь энэ бол урт хугацаа шаарддаг ажил, харин үүний оронд татвар төлж улсын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байдаг хувийн хэвшлүүдийг сэргээхээс ажлаа эхлэх хэрэгтэй гэсэн байр суурийг өөрийн илтгэлдээ дурьдлаа.

Энэ үеэр чуулганд оролцогчдоос энэ жилийн чуулганы үр дүнг хэрхэн харж байгааг сонирхсон юм.

Ч.Ганхуяг: Бид баялгийг бүтээх ёстой

-Би бол их өөдрөг хүн. Аливаа асуудлыг болж бүтэж байгаа талаас нь харах гэж хичээдэг. Өнөөдөр Ерөнхий сайдын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь итгэл найдварыг улам батжуулж байна. Эдийн засаг хамгийн доод түвшиндээ хүрсэн хэдий ч эргээд өндийх алхамууд хийгдэж байна. Энэ форумын дараа залгуулаад ирэх ням гаригт Ерөнхий сайд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, олон улсын харилцааны талаар гаргасан томоохон шийдвэр ахицын талаар телевизээр шууд ард түмэнд хандаж мэдээлэл хийнэ гэдгээ зарласан. Тэрийг хүн болгон харж хүлээж байна. Өнөөдөр бидний өнөөгийн энэ байдалд хүргэсэн нөхцөлдөө дүгнэлт хийх гэж нийгмээрээ оролдож байгаа нь Баабар гуайн хэлсэн үгнээс харагдаж байна. Бид хэлж байгаа үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага үүрдэг. Төрийг үймүүлдэг хоосон толгойтой, “хар хэрээнүүд” гэж нэрлэсэн ийм хүмүүсийн хар жагсаалтыг гаргаж байгаад дараагийн сонгуулиар эдийн засаг нийгмийг савлуулж тоглодог байдлыг зогсооё.

Бид баялгийг бүтээх ёстой, түүнийгээ зөв зохистой зарцуулах ёстой. Бэлэн мөнгөөр тараах биш  баялгийг хуримтлуулж түүнээс үүсэн орлогоор ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Орж ирж байгаа уул уурхайн баялгийг заримыг нь мөнгөөр хадгалж, заримаар нь хөрөнгө оруулалт хийж, заримыг нь дэд бүтэцдээ хийж, заримыг нь эрүүл мэндийн тогтолцоо, боловсрол, сайн багш нарт зориулснаар өөрсдийн ирээдүй хойчдоо гуравхан саяуулаа ч гэсэн гучин сая ард түмэнтэй өрсөлдөх чадвартай суурийг бий болгох ёстой.

Түүнчлэн энэ жилийн чуулганы илүү үр дүнтэй болоосой, илүү төвлөрч яриасай, бодлого тогтоож шийдвэр гаргаж байгаа хүмүүс илүү их оролцоосой гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэж байж хуралдах ёстой байсан

-Энэ жилийн форум итгэлцэл гэсэн нэрийн дор явагдаж байна. Сая Ерөнхий сайд болон Б.Батбаяр нарын итгэлийн сонслоо. Аль аль илтгэл дээр Монголчууд өөрсдөө буруутай, гадаадынхны зөв юм шиг санаанууд хэлж байна. Миний харж байгаагаар бол итгэлцэл хоёр тал дээр явагдах ёстой. Итгэлцэл гэдэг үгийг их болгоомжтой хэлэх ёстой. Итгэж байна гээд хоорондоо тохиролцож байна уу, зөвшилцөж байна уу эсвэл бие биенийгээ шүүмжилж түүний засч залруулаад итгээд урагшаа хамтдаа явж байна уу гэдгийг харах ёстой. Энэ форум бол их сүр дуулиантайгаар явагддаг. Өнгөрсөн жилийн форумууд дээр маш олон зүйлүүд яригдаж байсан. Гэтэл бидний алдаа бол нэг зүйлийг гоё ярьж байгаад хаячихдаг. Аливаа ажил бол гүйцэтгэлийн хяналт шалгалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл хийсэн ажла үнэлж дүгнээд дараагийн ажлаа төлөвлөж хийх ёстой. Тийм учраас өнгөрсөн жилийн форумаар юу юу яригдсан, түүнээс нь ямар асуудлыг нь шийдсэн, юуг нь шийдэж чадаагүй гэдгээ эхлээд ярилцах ёстой. Өнгөрсөн жилийн форум үнэхээр үр дүнтэй болсон бол өнөөдөр хямралын асуудал яригдах уу үгүй юу гэдгийг бодох ёстой. Тийм учраас форум эхлэхдээ өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа нэг бүрчлэн дүгнэж байж дараа нь хуралдах ёстой байсан гэж бодож байна.

 Эдийн засгийн чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.