m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 04:26
59
Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Булган аймаг дахь хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр хуулийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж байгаа асуудал юу вэ?, Бодит амьдрал дээр аль нь буухгүй байна?, Яаж хамтарч ажиллах вэ?, Юуг анхаарч засах вэ? гэдэг чиглэлээр түлхүү ярилцлаа. Тус зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Сум дундын VI шүүх, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын алба, Онцгой байдлын газар гэх хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагууд болон сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид оролцож нийт 150 гаруй хүн оролцов. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан “Архигүй Булган” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгыг агуулснаар энэ удаагийн зөвлөгөөн онцлог болж байна.
Өнгөрсөн оны үзүүлэлтээр онц хүнд гэмт хэргийн тоо 6,2%-иар өссөн нь энэ талын гэмт хэрэг цаашдаа өсөх хандлагатай байгааг харуулж байна гэж аймгийн Прокурорын газраас мэдээлсэн бол аймгийн Цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү эрчимтэй болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин ой бүхий сумдын Засаг дарга нар ойн тухай хуулийн хэрэгжилт, ойн ангийн хүрэлцээгүй байдал, тулгамдаж байгаа энэ асуудлаа хууль хяналтын байгууллагынхантай хамтарч хэрхэн шийдвэрлэх талаар олон санал санаачлагуудыг гаргалаа. Зөвлөгөөнд оролцогчдын санал санаачилга, ажлын хэсгийн шийдвэр, аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийг багтаасан зөвлөмж хүргэгдэнэ гэв. Зөвлөгөөний үеэр гурван талт гэрээгээ хамгийн сайн биелүүлсэн сумдын Засаг дарга нар болон шилдэг хууль сахиулагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшууллаа.