m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 04:40
85
“Хүний төлөө-зөв тус” сарын аяны долоо хоногийн мэдээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө-зөв тус” сарын аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/43 удирдамж, хавсралт хүснэгтээр ирүүлсэн улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Баян-Агт сумын соёлын төв, Тэшиг сумын 240 суудалтай сургуулийн өргөтгөлийн  барилгуудад  хяналт шалгалт хийж, холбогдох яам газарт албан шаардлага өгөхөөр ажиллаж байна. Тус барилгыг БСШУхааны яамны захилгаар Төмөр хүлэг ХХК барьж байсан ба одоогоор барилгын ажил зогсонги байдалд байна.
Авто замын хяналтаар улсын чанартай томоохон гүүрэн гарцуудад шалгалт хийлээ. Үүний үр дүнд Баян-Агт сумын Хануйн гүүр, Тэшиг сумын Эгийн голын гүүрүүдийн засвар арчлалтын байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-д  гүүрийн цэвэрлэгээ, засвар арчлалт хийх талаар албан шаардлага  хүргүүлж ажиллахаар болов. 
Авто тээврийн хяналтаар орон нутагт ажиллалаа. Тэшиг сумын нийтийн зорчигч тээвэрлэлт хийж байгаа “Залман хангай” ХХК-нд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага өгч ажиллалаа.
Эрчим хүчний хяналтаар хоёр сумын эрчим хүч түгээх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шугам тоноглолуудын аюулгүй найдвартай ажиллагааг хангуулах, засвар үйлчилгээ хийх талаар “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбарт албан шаардлага өгч ажиллав.
Тус хоёр сумын нийт 52 аж ахуйн нэгж, байгууллагад “Барилга ашиглалтын дүрэм”, “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам”, “Барилга байгууламжийн ашиглалт, угсралтын үеийн аюулгүй байдлыг хангуулах тухай” зөвлөмжүүдийг сурталчилж, тараан өгсөн.