m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 06:45
155
Ямар ч зөвшөөрөлгүй хоёр барилгыг лацдав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэсээс өнөөдөр зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр компанийн барилгыг лацдав.

Улсын байцаагч нар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо бурханы хөшөөний зүүн талд иргэн Л.Баяндалайгийн гурван давхар барилгыг актлан, лацдаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хороо Сарны титэм худалдааны төвийн баруун талд зам дагуу гурван давхар барилгыг актлан, лацдажээ.

Энэ талаар нийслэлийн МХГ-ын Дэд бүтэц хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодруулсан юм.

-Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилгын талаар?

-Хан-Уулын 11 дүгээр хороонд байрлах барилгын хувьд иргэн Л.Баяндалай хэмээн хүний нэр дээр байдаг гэсэн талаарх өөр мэдээлэл байхгүй байгаа. Уг барилгын хувьд өмнө нь 18.0x12.0 хэмжээтэй нэг давхар тоосгон байшин байсан. Өнгөрсөн оноос өргөтгөн гурван давхар хүртэл барьсан. Уг барилгын хувьд зураг төслийн зөвшөөрөлгүй, эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниар угсралтын ажил хийлгэсэн нь эсэх нь тодорхойгүй. Удаа дараа манайхаас шалгалт хийхэд хариуцсан хүн байхгүйгээс гадна иргэн Л.Баяндалайг дуудсан ч ирж уулзаагүй. Иймд 2014 оны аравдугаар сарын 22-нд улсын байцаагч барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох акт тогтоосон. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга руу актыг хавсарган, хамтран ажиллах санамж бичиг илгээсэн. Актаар барилга угсралтын ажлыг зогсоосон байхад шөнийн цагаар угсралтын ажил хийж байна хэмээн Будда виста болон Вива сити СӨХ-ноос гомдол ирсэн.

 Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэсээс өнөөдөр зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр компанийн барилгыг лацдав

-Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй баригдаж барилгын хувьд ямар зөвшөөрөл аваагүй байсан бэ?

-Уг барилгыг “Глобал хурд” компанийн захиалгаар өнгөрсөн онд барилга угсралтын ажлыг эхэлсэн. Тухайн байршилд өмнө нь зоогийн газар ажиллаж байсан юм. Тус барилгын хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд шөнийн цагаар барилга угсралтын ажлаа хийж байгаа юм. “Глобал хурд” компанийн хувьд анхны зураг төсөл нь 12 давхараар гарсан ч батлаагүй юм. Улсын байцаагч дээрх барилгын хашаа баригдах үеэс шаардлага тавьж, акт тавьсан ч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тул өнөөдөр лацдаж байна.

Шалгалт хийхэд хариуцсан хүн байхгүйгээс гадна иргэн Баяндалайг дуудсан ч ирж уулзаагүй

-Дээрх хоёр компани дахин барилгын ажлаа эхэлбэл яах вэ?

-Хуулийн дагуу шаардлага тавьсан ч биелүүлээгүй тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын журмын дагуу лацдах арга хэмжээ авч байгаа юм. Лацыг хөдөлгөсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцох хууль дүрэмтэй байдаг. Дээрх хоёр барилгын талаар нийслэлийн Засаг даргад хүргүүлж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдэх байх. 

Лацыг хөдөлгөсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцох хууль дүрэмтэй