m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 07:00
49
Ойгоос мод огтлохгүй, таримал суулгац тарина

БОНХАЖЯ-наас  санаачилан “Нэг сая мод  ургуулах хөдөлгөөн” өрнүүлж эхэлсэн.   Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч тарьц, суулгацын мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал солилцлоо.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д   тарьц, суулгацын бизнес эрхлэгчид ямар үүрэгтэй хэрхэн дэмжиж  оролцох,   модоо хаана тарих, тарьц суулгац хаанаас хэрхэн, ямар үнээр худалдаж авах вэ гээд  нэн тэрүүнд тулгарах асуудлуудыг өнөөдрийн уулзалтаар хэлэлцсэн юм. Уулзалтад Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ,  зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж оролцож, салбарын яамнаас хэрэгжүүлж буй энэхүү хөдөлгөөнийг цаг үеэ олсон ажил хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

 БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Мод тарих  бүх нийтийн өдөр гэж бий. Тарьдаг ч тарьсан модоо арчилж, тордодгүй учир үр дүн муутай байдаг. Харин энэ хөдөлгөөнөөр модоо тарьж, суулгаад орхих биш бие даан ургах чадамжтай болтол нь арчилж, тордоно. Нөгөө талаар иргэдийг мод тарих мэдлэг, дадалтай болгох, тарьц, суулгацын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих гээд олон талын ач холбогдолтой” гэлээ. 

Энэ хөдөлгөөнөөр модоо тарьж, суулгаад орхих биш бие даан ургах чадамжтай болтол нь арчилж, тордоно

Иргэн бүр мод тарихад тарьц суулгацаа хаанаас ямар үнээр авах вэ зэрэг тулгарах асуудлыг чирэгдэлгүй байлгах үүднээс дүүрэг бүрт тарьц суулгацын үзэсгэлэнг зохион байгуулж, хөнгөлөлттэй үнээр зарах юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 15-ны дотор үнийн саналыг авахаар тогтлоо.  Мөн аж ахуй эрхлэгчид иргэдэд мэдлэг олгох үүднээс сургалт зохион байгуулах, хороо бүрт бичил цэцэрлэг байгуулах зураг төслийг нь гаргаж өгье гэх  зэргээр “Нэг сая мод  ургуулах хөдөлгөөн”-ийг аль болох боломж бололцоогоороо дэмжихээ илэрхийлсэн юм. Салбар яамнаас ойгоос мод огтолж тарихгүй, таримал суулгац тарина гэдгийг хатуу баримталж байгаа.

Сайны хажуугаар саар гэгчээр мод тарих ажилтай зэрэгцээд импортын мод орж ирэх, мэргэжлийн бус хүмүүс иргэдэд стандартын бус тарьц, суулгац зарах гэх мэт асуудлуудад хяналт тавихыг аж ахуй эрхлэгчид албаныханд санууллаа. Орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай  өрнүүлнэ. Эхний үе шатанд нэг сая  мод тарьж, арчлах бол хоёрдугаар үе шатанд модоо  нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх зэргээр хийх юм.

Дүүрэг бүрт тарьц суулгацын үзэсгэлэнг зохион байгуулж, хөнгөлөлттэй үнээр зарна

Иргэдийн хувьд эхний ээлжинд хашаандаа мод тарих боломжтой. Хэрэв боломжгүй бол баг, хороондоо бичил цэцэрлэг байгуулах замаар мод тарьж болох юм. Харин аж ахуйн нэгж байгууллагууд гаднах талбайдаа, автомашины зам дагуу тарина. Улсын хэмжээнд нэг  сая 300 мянган суулгац суулгаад хоргодлоо хасвал нэг сая мод ургана хэмээн тооцоолж байгаа.

 “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-ий хамгийн гол зорилго нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа юм.

Салбар яамнаас ойгоос мод огтолж тарихгүй, таримал суулгац тарина гэдгийг хатуу баримталж байгаа