m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 07:03
50
Д.Шийлэгдамба:Эмнэлгийн засаглалыг боловсронгуй болгоно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт Засгийн газраас "Сайдын цаг" уулзалтыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар дэдгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тус яам 2015 оны хоёрдугаар сард 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх зорилт тавьж, зургаан чиглэлийг гол болгожээ.

Г.Шийлэгдамба "Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна. Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ  хийгдэхээс гадна  гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна"гэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал. Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалан засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Эмийн төсөв 2015 онд танагдсан. Тэгвэл цаашид танасан төсөвтэй эмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Эрүүл мэндийн салбар дахь эмийн төсөв 2014 онд 68 тэрбум байсан бол 2015 оны төсөвт 60 тэрбум болж танагдсан. Үүнтэй холбогдуулан эмнэлгүүдэд хүндрэл үүсч,зээлээр эмийн хэрэгцээгээ хангаж байна. Мөн валютийн ханшийн өсөлттэй холбоотой үнийн зөрүү гарсан. Түүнчлэн гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон иргэдийн дархлааны эмийг төр 100 хувь даах ёстой. Тухайн үед эм авах шаардлагатай иргэдийн тоо  2015 оны төсөв хэлэлцэхэд нэмэгдсэн учир асуудал үүссэн. Ирэх долоо хоногт Ерөнхий сайдтай эмийн асуудлыг  хэрхэн шийдэх талаар ярилцана.  УИХ-аар эмийн төсвийг танаж байгаа нь ойлгомжгүй. Эмийг өөр зүйлээр орлох боломжгүй. Сайн орчин,чадвартай эмч байлаа ч эмгүй бол тухайн иргэнд эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь хүргэж чадахгүй.

УИХ-аар эмийн төсвийг танаж байгаа нь ойлгомжгүй

- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Хуулийн хэрэгжилдтэй холбоотой төсөв шаардлагатай юу?

- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан. Уг хуулийн хэрэгжилт долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Санхүүжилттэй холбоотой бүхий л үйл ажиллагаа буюу жишиг үнийг тогтоох ажил 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

- Эрүүл мэндийн даатгалыг цахим хэлбэрт хэзээ шилжүүлэх вэ?

- Бэлтгэл ажил долдугаар сараас эхэлж 2016 оны нэгдүгээр сараас эрүүл мэндийн даатгалыг цахим болгоно.

2016 оны нэгдүгээр сараас эрүүл мэндийн даатгалыг цахим болгоно

- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлгийн байгууллагуудад хүлээлгэж өгдөг болсноор багагүй ачаалал нэмэгдсэн. Цаашид энэ байдал үргэжилсээр байх уу?  

- Тангараг өргөсөн эмч, ажилчид чадлаараа ажиллаж байхад тэдний ачаан дээр ачаа нэмж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг   хүлээлгэн өгч байгаа нь дарамт болсон. Өмнө нь эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцдаг байсан бол хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлсэн. Угтаа бодит байдал дээр энэ  ажил цаашид хэрэгжих боломжгүй гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн  үйлчилгээ авах гэж буй иргэн, эрүүлжүүлэгдэж байгаа хүн хоёр хамтдаа байх боломжгүй юм. Удаа дараа энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр ярилцсан. Тиймээс уг асуудлыг дараа долоо хоногт зарим нэг хуультай уялдуулж  Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болсон. Хууль зүйн яамны зүгээс буцааж цагдаагийн байгууллагад хариуцах боломжтой гэдгийг хэлсэн. Гол нь эрүүлжүүлэх байрны нөхцлийг сайжруулах шаардлагатай юм.

Хууль зүйн яамны зүгээс буцааж цагдаагийн байгууллагад хариуцах боломжтой гэдгийг хэлсэн