m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 07:25
288
Хүсэл, тэмүүлэл, итгэл хайрлагч “Хайрын гэрэлт ирээдүй”

Хүмүүний амьдрал үргэлж алдаа оноогоор дэнсэлж байдаг нь нууц биш. Харин алдаагаа ухамсарлаж амьдралын төлөө цааш тэмүүлэх нь тухайн хүнээс шалтгаалдаг юм. Тэгвэл энэ л замналаар амьдарч, бусдад итгэл найдвар өгч буй  “Хайрын гэрэлт ирээдүй” ТББ-ын тэргүүн С.Идэрсайхантай уулзаж түүний үйл хэргийг олон нийтэд танилцуулахаар шийдлээ.

С.Идэрсайхан нь Архангай аймгийн унаган иргэн бөгөөд “Хайрын гэрэлт ирээдүй” ТББ-ыг 2011 онд байгуулжээ. Тус Төрийн бус байгууллага нь архидалт, мансуурлын эсрэг сургалт, үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл архинд хамааралтай хүмүүсийг ажилтай, орлоготой болгож тэдэнд бусдын адил ажиллаж, амьдрах урам, зориг, итгэлийг өгч байна. 

Архинд хамааралтай хүмүүсийг ажилтай, орлоготой болгож тэдэнд бусдын адил ажиллаж, амьдрах урам, зориг, итгэлийг өгч байна

Одоогийн байдлаар “Хайрын гэрэлт ирээдүй” ТББ-д 35-50 насны таван залуу хамтран ажилладаг. Тэд тус ТББ-д ирснээр ажилтай болж, монгол арьсаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Австрали, Финлянд руу экспортолж байна.

Одоогийн байдлаар “Хайрын гэрэлт ирээдүй” ТББ-д 35-50 насны таван залуу хамтран ажилладаг

Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Австрали, Финлянд руу экспортолж байна

Тэргүүн С.Идэрсайхан 2013 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан төсөл хөтөлбөрт хамрагдаж 20 сая төгрөгийн зээл авснаар үйлдвэрлэлээ эхэлжээ. Тэд өнгө загварын өргөн сонголттой гар цүнх. гурван төрлийн түрийвч, үзэгний сав болон түлхүүрийн оосрыг захиалгын дагуу гар аргаар хийдэг. Түүнчлэн арьсан эдлэл дээрээ үндэсний хээ болон Архангай аймгийн логог хатгаж өгдөг юм.

Арьсан эдлэл дээрээ үндэсний хээ болон Архангай аймгийн логог хатгаж өгдөг юм

Харин өнгөрсөн хугацаанд цөөнгүй түнштэй болсон ч тэдэнд нэгэн бэрхшээл тулгарчээ. Учир нь үйлдвэрлэлээ явуулах томоохон ажлын байр дутагдаж буйгаа учирлав.

Үйлдвэрлэлээ явуулах томоохон ажлын байр дутагдалтай

Тиймээс Финляндын Засгийн газраас төслийн санхүүжилт авахаар зэхэж байгаа аж. Тэрбээр “Хэрэв төсөл батлагдаж Финляндаас санхүүжилт авахаар бол эхний ээлжинд ажлын байраа өргөжүүлнэ. Түүнчлэн олон төрлийн арьсан эдлэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна”хэмээлээ.

Финляндаас санхүүжилт авахаар бол эхний ээлжинд ажлын байраа өргөжүүлнэ

 

“Хайрын гэрэлт ирээдүй” ТББ-д өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 35 хүн ажиллаж, амьдран олон төрлийн сургалт хөтөлбөрт хамрагджээ. Тэдгээр залуус дунд хоёр хоноод явсан хүн ч байсан бол гурван жил огт архи уулгүй амьдралаа өөрчлөхөөр зорьж байгаа олон залуус байгаа талаар С.Идэрсайхан бахархан ярьж байлаа.

Хоёр хоноод явсан хүн ч байсан бол гурван жил огт архи уулгүй амьдралаа өөрчлөхөөр зорьж байгаа олон залуус бий

Удахгүй эдгээр залуус хийж бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөж амьдралаа өөрчилсөн амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна.   

Архангай аймаг Эрдэнэбулган сум

"Хайрын гэрэлт ирээдүй" ТББ

Холбоо барих С.Идэрсайхан 99-33-83-22