m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.06 07:07
700
Б.Амгаланбаатар: Цэвэр уснаас гадна эрдэсжүүлсэн ус үйлдвэрлэнэ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд цэвэр усны гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Энэ дундаас мэргэжлийн хяналтын шалгалтаар усны чанараараа  “Говийн гурван уул” ХХК-ийн “Үнэт ус” цэвэр усны үйлдвэр тэргүүлдэг байна.  Тус компани цэвэр ус үйлдвэрлэхээс гадна хажуудаа өдөрт нэг тонн хиам, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Ингээд хөдөлмөрч нэгэн баялаг бүтээгч болон “Говийн гурван уул” ХХК-ийн захирал Б.Амгаланбаатар ярилцсан юм.

-Ямар учраас хүнсний үйлдвэр ажиллуулахаар болов?

-Аялал жуучлалын мэргэжлээр 2000 онд сургууль төгсөн. Ингээд 2003-2006 онд БНСУ-д ажиллаж, амьдараад Өмнөговь аймагтаа ирсэн. Тухайн үед ахтайгаа хамтран “Монгол гурав” жуулчны бааз ажиллуулж, анхны бизнесийн гараагаа эхэлсэндээ. Говийн хүмүүс чинь их хөдөлмөрч ард түмэн. Энэ зан чанар надад илүү их байдаг юм болов уу гэж боддог. Болохоос болохгүй бүхнийг хийж үзэхийг боддог. 2011 онд аймгаас зарласан тендерт ялж, хиам, мах махан бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрээ нээсэн. 2014 оноос “Оюу толгой” компанид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон.

Усны чанараараа  “Говийн гурван уул” ХХК-ийн “Үнэт ус” цэвэр усны үйлдвэр тэргүүлдэг

-Өдөрт хэдэн тонн цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт таван тонн цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай. Хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх болон оюулгүй ажиллагааг ихээхэн анхаарч автомат төхөөрөмж сууриулсан. Нийт 25 ажилтай үйл ажиллагаа эрхэлж байна. Үйлдвэр маань хажуудаа 100-150 метрийн хоёр гүний худагтай бөгөөд улиралд нэг удаа усаа шинжлүүлдэг байгаа.

-Үйл ажиллагаа явуулахад юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

-Үйлдвэрлэл эхлэхээс өмнө сайн судалгаа хийх ёстой. Түүнчлэн зах зээл дээр ямар бүтээгдэхүүн эрэлттэй байна. Тухайн орон нутагт ямар чиглэлийн бизнес эрхэлвэл ашигтай байх, төр засгийн чиг үүрэг ямар байгааг судлах хэрэгтэй. Залуучууд хүний хийгээгүй зүйлийг зоригтой тууштай байж хийвэл амжилтанд хүрнэ.

-Цаашид үйлдвэрээ хэрхэн өргөжүүлэхээр зорьж байгаа вэ?

-Цэвэр уснаас гадна эрдэсжүүлсэн ус гаргахаар төлөвлөсөн. Аймгийнхаа зах зээл дээр боллонтой ус нийлүүлэхээр зорьж байна. Савныхаа хуруу шилийг өөрсдөө үйлдвэрлэж аймгийнхаа усны үйлдвэрийн бэлдэцийг хангахаар зорьж байна.

2011 онд аймгаас зарласан тендерт ялж, хиам, мах махан бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрээ нээсэн

-Үйлдвэрлэгч нарын хувьд банкнаас зээл авахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Шинээр үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс банкнаас зээл авахад нэлээд хүндрэлтэй байдаг. Азийн ихэнх оронд банкнаас зээл авахад жилийн ямар ч хугацаанд төлж болдог. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт төрөөс хоёр жилийн хугацаанд НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол дөнгөн даган хөл дээрээ тогтож байхад төр мөнгө нэхдэг. 

Аймгийнхаа зах зээл дээр боллонтой ус нийлүүлэхээр зорьж байна

Өмнөговь аймаг, Даланзадгад сум "Говийн гурван уул" ХХК холбогдох утас: 99118102, 95099883