m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 03:53
76
Цуврал-41 Аав нь хүүгийнхээ амийг хөнөөжээ

Дорнод аймгийн төвд нэгэн ноцтой хэрэг гарсныг цагдаагийн дэд хурандаа Ц.Хүдэрчулуун ингэж илрүүлжээ.

1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийнхан амрах завгүй ажиллаж байв. Учир нь шинэ он солигдох баяртай тэр мөчилд зарим нэг хүн архи хэтрүүлэн ууж гэмт хэрэг үйлдэн олны амгалан тайван байдлыг алдуулдаг учир тэд хараа хяналтаа чангатган ажиллав. Шөнө дунд хээр хүний цогцос байна гэсэн мэдээллийн мөрөөр дэд хурандаа Ц.Хүдэрчулуун хэргийн газарт очлоо. Чойбалсан хотын хойд хэсэг Өлзийт хэмээх газар нүцгэн эрэгтэй хүн түрийлгээ харан унасан байв. Тэрбээр аль эрт амьсгал хураасан нь илт. Хувцас нь ойр хавьд нь байхгүй байгаа нь хэн нэгэн хорлосон гэх таамгийг мөрдөгчид өглөө. Түүнээс гадна шинэхэн мөрийг  ажилгаад хэн нэгэн түүнийг хөнөөгөөд энд авчирч орхисон байх магадлалтай гэх таамаг дэвшүүлэв. Ингээд машины гэрэл тусгаж хэргийн газрын эхний үзлэгийг хийж, хамгаалалтанд авч хоноод өглөө нь ажлаа үргэлжлүүлэв. Эхлээд талийгаач хэн болох, хаана амьдардаг гэдгийг тогтоох ажлыг эхэлжээ.

Шинэ жилийн баяр гээд хүн бүхэн баяр хөөртэй, завгүй. Талийгаачийн талаар мэдээлэл олохын тулд орон нутгийн телевизээр энэ хэргийн тухай цацав. Төд удалгүй хүмүүс ирж уулзан, зарим нь цогцосыг нь хараад хэн болохыг төвөггүй хэлж өглөө. Тэрбээр ах дүүс олуулаа ч тухайн үед түүний эгч, хүргэх ах нар нь л Чойбалсан хотод байв. Тэднийд очтол эгч нь огт санаа зовсон шинжгүй сууж байв.

-Энэ таны дүү мөн үү?

-Мөн.

-Одоо хаана байна?

-Их мөнгө аваад л хот руу явна гэсэн.

-Та нартай хамт амьдардаг юм биш үү?

-Тийм л дээ. Гэхдээ одоо алга.

-Хаачсан юм бэ?

-Мэдэхгүй, хот явна л гэсэн.

-Та зурагтаар хүн нас барсан талаар үзээгүй юу?

-Үзсэн.

-Төрсөн дүүгээ таниагүй юм уу, яагаад бидэн дээр ирсэнгүй вэ?

-Таниагүй, тэгээд ч ийм зүйл болно гэж бодоогүй гэв. Үе үе нөхөр лүүгээ харан жигтэй харцаар бие биедээ дохио өгөх мэт санагдсан ч тэднийг саатуулсангүй.

Хохирогчийн хувийн байдлын талаар мэдээлэл цуглууж эхлэв. Эрх дураараа өссөн тэрээр архи ууж аав, ээжийгээ зовоодог нэгэн болохыг олж тогтоов. Түүнээс гадна төрсөн дүү нь бусдад хорлогдоод удаагүй байхад тэрбээр дахин амь насаа алджээ. Бас нэгэн ноцтой мэдээлэл олдсон нь хэрэг гардаг шөнө аав, ээж нь гэнэт Дашбалбар сум руу явсан нь анхаарал татав. Ингээд Дашбалбар сумыг зорилоо.

Очтол талийгаачийн аав, ээж хоёулаа байж байв. Цагдаагийнхныг хараад айж, гайхсан шинж алга . Ажиглаад байхад ийм зүйл болох байсан юм гэсэн шиг тэд тоомжиргүй байв.

-Дунд хүү чинь хаана байна гэхэд ээж нь

-Хотод байгаа гээд хөгшин рүүгээ харав.

-Тиймээ хот руу явсан гэсэн гээд өвгөн таг дуугүй болчихов.

-Золгүй явдал болсон талаар та нар мэдээгүй гэж үү гэхэд тэд санаа алдаад

-Мэдсээн, мэдсэн гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд сэжиг авсан мөрдөгч тэднийг  хувцсаа өмсөхийг сануулаад хамт явъя гэв. Саатуулаад удаагүй байхад хөгшин болсон явдлын талаар ярив. Тэр шөнө хүү нь бас л согтуу ирж агсам тавьж эхэлжээ. Хөгшин нэлээд харж сууснаа тэсэлгүй толгой руу нь нэг цохиод авсан гэнэ. Гэтэл хүү нь хана мөргөж унаад боссонгүй. Нэлээд харсан ч тэр сэхэх шинжгүй.

Үзтэл амьсгал хураасан байв. Ингээд өвгөн хүргэний хамт түүнийг машинд хийж аваад хээр газар нүцгэлээд орхисон гэдгээ хэлжээ. Үр хүүхдээ хөнөөсөн хэрэг энэ мэт олон байдаг ч төрсөн хүүгээ хүний ёсоор нутаглуулахын оронд хээр хаясан тохиолдол тийм ч их биш аж. Гэм хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тэдэнд хариуцлага хүлээлгэсэн аж.