m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.13 05:01
1008
Г.Амирдаабазар: Гарын, сэтгэлийн, ухааны ур гурав нийлж сайхан бүтээл гардаг

Аймаг бүр  өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй байдаг.  Өвөрхангай аймгийн хувьд үндэсний хээ угалз, сийлбэр, эрээлж цоохорлосон Уянгын гэрээр алдартай. Харин энэхүү том уламжлалыг өдийг хүртэл хадгалж, гэрийн үйлдвэрлэл эрхэлж буй нь “Чамин Угалз” ХХК-ийн хамт олон.  Уг хамт олон сийлбэртэй иж бүрэн гэр, төрөл бүрийн тавилга зэргийг үйлдвэрлэн аймагтаа болон бусад аймгуудад борлуулдаг аж.

-Гэр урлалын ажлыг хийгээд хэр удаж байна вэ ?

-Миний аав, ээж гэрийн модын үйлдвэрт олон жил ажилласан. Багаасаа л энэ бүгдийг хийж сурсан. Зах зээлд шилжсэний дараа хувиараа хүмүүсийн авдар, савыг будах, засаж янзлахаас л ажлын гараагаа эхэлж байсан. 2000 оноос хүмүүсийн захиалгаар гэр, тавилга хийж үйлдвэрлэл явуулж байгаад 2010 онд “Чамин Угалз” компаниа байгуулсан.

Монгол хээ угалз, арвин. Та хэдэн төрлийн хээ угалз мэдэх вэ?

-Үндэсний хээ угалз дотроо таван төрөл байдаг. Хээ угалзыг задлаад ярьвал маш их. Хамгийн чухал нь ямар бүтээлд ямар өнгө будагтай, хээ угалз тавих вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Учир нь бүх хээ угалз ямар нэгэн билэгдлийг агуулж байдаг.

Үндэсний хээ угалз дотроо таван төрөл байдаг. 

-Сийлбэртэй гэр онцлогтой шүү. Нарийн ажиллагаа их байдаг уу?

-Сийлбэртэй гэр өөрөө нарийн ажиллагаа их шаарддаг. Хамгийн гол нь гар багажаар нарийн сийлдэг учраас  хугацаа их зарцуулдаг.

-Уянгын сийлбэртэй эрээн гэр хэзээнээс алдартай. Онцлог нь чухам юунд байдаг вэ?

-Уянгын гэр манай нутгийн брэнд гэж хэлж болно. Ялгарах онцлог гэвэл бусад газруудын гэрнээс хийцээрээ л ялгарч чаддаг. Сийлбэр, хээ угалзын билэгдэл, өнгө будагны зохицол гээд илүү ур дүй, ухаан шаарддаг.

-Гэрийн модыг эрээлж сийлэх гэдэг нарийн ур ухаан шаардсан ажил шүү дээ. Өөрийн гэсэн шавьтай юу?

-Би аймгийн МСҮТ-д хээ угалз, будаг чимэглэлийн багшаар 12 жил ажилласан. Олон шавьтай хүн. Хүнд зааж сургаж байгаа ч өөрөө бас суралцсаар л байна. Зааж сургахаас илүү тэр хүний сурах хүсэл эрмэлзлэл хэр их байна гэдэг чухал. Гарын ур, сэтгэлийн ур, ухааны ур гурав нийлж сайхан бүтээл гардаг.

 Гарын ур, сэтгэлийн ур, ухааны ур гурав нийлж сайхан бүтээл гардаг.

-Өөрийн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байсан уу?

-2011 онд бүсийн ардын урлагийн их наадам болж байсан. Тэр үеэр үндэсний хээ угалзтай  гэр болон тавилгыг толилуулж байлаа. Тэр наадмаас түрүүлж ардын урлагийн их наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулж байсан.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд явахад тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Тулгамдаж буй асуудал бол санхүү. Бүх хүн л банкнаас тодорхой хэмжээний зээл аваад үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байна. Би  2012 онд сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгний зээл авч шинэ ажлын байртай болсон. Ажлын байр сайхан байвал ажиллах бүтээмж илүү өндөр байдаг.  Саяхан  Хас банкнаас зээл авч үйлдвэрлэлээ явуулж байна. Төрөөс санхүүгийн зохицуулалтыг уян хатан хэлбэрээр шийдээд өгвөл жижиг дунд үйлдвэрлэл хөл дээрээ босоход амархан.

Төрөөс санхүүгийн зохицуулалтыг уян хатан хэлбэрээр шийдээд өгвөл жижиг дунд үйлдвэрлэл хөл дээрээ босоход амархан.

-Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?

-Ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүнээ борлуулдаг. Жуулчны баазуудаас захиалга их ирдэг. Саяхан Хөвсгөл аймгийн жуулчны баазаас захиалга өгсөн.

-Сүүлийн үед хүмүүс орон сууцанд амьдрах нь түлхүү болсон ч өв уламжлалаа алдахгүй байсаар байна?

-Тийм шүү, монгол гэр бидний өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн хамгийн том үнэт зүйл. Орчин цагийн хандлагаа дагаад монголчууд байшин, орон сууцанд амьдарч байна. Сүүлийн үед хүмүүсийн хандлага арай өөрчлөгдөж байна гэж боддог. Хувь хүн албан байгууллагууд сийлбэртэй, үндэсний хээ угалзтай гэр авах сонирхол их болсон.

-Түүхий эд материалаа хаанаас бэлддэг вэ. Модыг хатаах, хадгалах гээд асуудал их тулгардаг шүү дээ?

-Хөвсгөл аймгаас гарал үүсэлтэй мод худалдаж авдаг. Мэдээж модыг хадгалах бол хамгийн чухал асуудал. Модыг хэр сайн хадгалж, хатааснаас шалтгаалж  тухайн гэрийн эдэлгээ уртасдаг. Банз мод амь чийгтэй байдаг. Тийм учраас нар үзүүлэхгүй, битүү газар хатаах хэрэгтэй. Ингэснээр мод хагарахгүй, зөөлхөн болдог.

Тийм учраас нар үзүүлэхгүй, битүү газар хатаах хэрэгтэй. Ингэснээр мод хагарахгүй, зөөлхөн болдог.

Тэдний компани гэр бүлийнх гэж хэлж болно. Учир нь түүний эхнэр О.Цэгмид гэрийн модын эрээлж, цоохорлох ажлыг хийж гүйцэтгэдэг аж.

-Эрээлж цоохорлох ажлыг хийгээд хэр удаж байна вэ. Хэн зааж өгч байв?

-Би 2000 оноос хойш гэрийн эрээлж цоохорлох ажлыг хийж байна. Анх гэрийн цулгуй будаг хийдэг байсан. Нөхөр маань энэ бүхнийг надад зааж сургасан.

-Дээр үед  усан будгаар  гэрийн модыг буддаг байсан бол одоо тосон будгаар буддаг болсон. Ямар ялгаа гарч байна вэ?

-Тосон будаг өөрөөсөө тос ялгаруулдаг учраас өнгө алдах нь удаан. Хуучны будгийг бол будсаны дараа давхар тослодог байсан шүү дээ.

"Чамин Угалз" ХХК захирал Г.Амирдаабазар 99323089 86736333