m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.13 05:34
284
Б.Сарантуяа: Эх хүн гэдгээ илүү мэдэрч байгаадаа би жаргалтай байна

Би энэ эмэгтэйг "Үнэнээрээ байдаг, үнэ цэнэтэй дуучин" гэж үнэлдэг. Эрхэмсэг хатагтай жил бүр төрсөн өдрөө фэнүүдтэйгээ өнгөрөөдөг. Энэ жил тоглолтынхоо өмнө "Сэтгүүлч-10 минут" уулзалтыг зохион байгуулах зар тарсан даруй түүнтэй уулзах цаг авчихлаа. Аравхан хором гэдэг сэтгүүчид маш богино хугацаа учир "шалиг" асуулт тавихгүй байхыг хичээн бодож бэлтгэсэн маань МУГЖ  Б.Сарантуяа болон түүний менежерүүдэд таалагдсанд талархаж байна. Ингээд Сараатай хөөрөлдсөн аравхан хормын ярилцлагаа хүргэж байна.

Хүүхдүүдээ том болж буйг мэдрэх, тэднийхээ сайн сайхныг харж баярлах гэдэг хүний амьдралын утга учир гэдгийг улам их мэдэрч байна

-Та бид хоёр нэлээд хэсэг хугацаанд уулзсангүй. Энэ хугацаанд олон үйл явдал танд тохиолдсон байх. Сэтгэлд хоногшсон мартагдашгүй нэг үйл явдлаа уншигчдад сонирхуулна уу?

-Хүний амьдралд мартагдашгүй үйл явдал олон бий л дээ. Миний бага охин Хулан том болж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн сайхан үйл явдал боллоо. Хамтран ажиллаж байгаа "Бололвсрол" телевизийн "17 нас" шоу нэвтрүүлэгт би оролцсон. Манай хамт олон надад гэнэтийн бэлэг болгож "Щелкунчик" дугуйлангийн багш Номинтой холбогдоод миний охиныг бүжиглүүлсэн. Охиноо бүжиглэж буйг би харж байсан л даа. Гэхдээ телевизийн шоунд гэнэт гарч ирээд бүжиглэж буйг нь харах үнэхээр сайхан юм билээ. Сайхан үйл явдал надад гэнэтийн бэлэг болж чадсан. Хүний амьдралын хамгийн сайхан мөч, эх хүний баяр жаргал үр хүүхэд шүү дээ. Хүүхдүүдээ том болж буйг мэдрэх, тэднийхээ сайн сайхныг харж баярлах гэдэг хүний амьдралын утга учир гэдгийг улам их мэдэрч байна./инээв/

-Таны нэрийг сонсохоор өөрийн эрхгүй уулзахсан, ярилцахсан гэсэн сэтгэгдэл төрөөд байдаг юм. Таны зохион байгуулж буй арга хэмжээнд оролцохгүй бол галт тэрэгнээс хоцорч байгаа мэт санагдаад болдоггүй юм. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?

-Тийм үү, баярлалаа./инээв/ Үүнийг би уран бүтээлч сэтгэлтэйгээ холбон ойлгож байна. Од болохыг хүсдэг, олны анхаарал татахыг хичээдэг хүмүүсээс өөр л дөө, би.  Миний тоглолтыг хэдэн хүн үзэх бол, CD  маань зарагдах болов уу яах бол гэж огт боддоггүй. Уран бүтээлээ сайн хийхийг хичээж, зүтгэж байдаг маань сэтгүүчдийн анхаарлыг татаж, олонд таашаагддаг байж болох юм.

-Ингэж асуусан маань учиртай. "Содура" киноны дуу намайг соронз мэт татсан юм. Ингэхэд та ямар шашин шүтдэг билээ. Та энэ дууг дуулахын тулд нэлээн сайн судалж, цаг хугацаа зарцуулсан гэдэгт эргэлзэх зүйл алга?

-Тийм сүртэй судалж дуулаагүй л дээ. Яг үнэнийг хэлэхэд хөгжмийн зохиолч, найруулгыг нь хийсэн хүмүүсийн бүтээл супер л дээ. Аяа бэлтгээд хөөмийн түрлэг, хархираа, найруулгыг нь "New star"-ын Гантөр хийсэн байсан. Шүлгийг нь UBS телевизийн Одгэрэл зохиосон. Шүлгийг нь уншаад "Чи чинь харин овоо юм бичдэг юм байна" гэж магтаад авсан. Түүнээс гадна манай Балхаагийн сэтгэлээс гарсан ая хүний зүрхэнд шууд хүрдэг онцлогтой. Би аяыг нь сонсоод дуулахдаа өөрөө бөөлж байгаа мэт мэдрэмж төрсөн.

Уран бүтээлээ сайн хийхийг хичээж, зүтгэж байдаг маань сэтгүүчдийн анхаарлыг татаж, олонд таашаагддаг байж болох юм.

Шашны хувьд би хөх тэнгэрээ шүтэн дээдэлдэг. Буддын шашнаа хүндэлдэг. Тухайн жилийнхээ заслаа хийлгэж, зүг мөрөө гаргадаг. Буддын шашны сургаалийг дагаж хүн болсон. Харин одоо өөрийн шүтдэг удган ээжтэй болсон.

-Дэлгэцийн урлагт дүрээ мөнхлөх санал танд ирдэг юм билээ. Одоогоор хүлээж аваад зөвшөөрсөн дүр байна уу?

-Кинонд тоглож, дүрээ үлдээхийн тулд дахиад 10 кг турах ёстой юм шиг байна лээ./инээв/ Үүнийг  “Zaya'sh” студийн Ш.Даваахай агсан надад хэлж байсан. "Өөр шиг чинь том биетэй хүн 15 кг турчихвал кинонд тоглож болно" гэж билээ. Тэр нь ч үнэн л дээ. Надад Богд хааны ээжийн дүрд тоглох урилга ирсэн ч "Аргагүй Монгол аялгуу" тоглолтын бэлтгэл давхцаад би тоглож чадаагүй. Ардын жүжигчин Чимэдцээеэ эгч сайхан тоглосныг үзэгчид мэднэ. "Гал хам"киноны найруулагч надад урилга ирүүлсэн ч би зөвшөөрөөгүй. Одоо бол өөр шүү. Зохиол, найруулагч сайтай кинонд тоглоход татгалзах зүйл алга.

"Монголжингоо" студийн Машбат ахын найруулсан кинонд тогловол сайн бүтээл гарах байх гэж бодож байна.  Мөн Ж.Сэнгэдорж гэх мэт шилдэг найруулагчийн урилгыг хүлээн авахдаа таатай байх болно.

-Үнэ цэнэ гэж таныхаар юу вэ. Хэзээ ч баг зүүдэггүй, үнэнээрээ байдаг нь таны эрхэм чанар гэж би хардаг?

-Үнэнээрээ байгаа нь үнэ цэнэтэй боловч үнэнийг сонсох, хүлээж авах хүн бас олон биш. Өөрийнхөө эхлүүлсэн ажил, үзэл бодолдоо үнэнч байх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж би боддог.

-Та хэнтэй ч нэг л зангаараа байдгийг би мэдэх юм байна.  Таны фэнүүдээс хэзээ ч мартагдашгүй сайхан үг хэлсэн тохиолдол байдаг уу?

-Нэг үйл явдлыг би тодхон санаж байна. Хамтран ажиллаж байсан ХААН банкны ажилтан эмэгтэй нэг өдөр зоогийн газар сэтгэл санаа нь тавгүй бололтой сууж байсан юм. Би тэр үед сэтгэл санааг нь дэмжээд хэдэн үг хэлээд л өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа нөгөө бүсгүй маань нөхөртэйгөө эвлэрээд, бүр ээж болсон гэдгээ надад фэйсбүүкээр бичсэн. Тухайн үед миний хэлсэн үг түүнд нөлөөлж, сайхан ухаарал өгсөн юм билээ. Санаандгүй байдлаар хэлсэн үг,  үйлдэл маань хүнд тусаа өгснийг хожим сонсох сайхан байдаг юм. Бид чинь хүн юм чинь бие биедээ урам хайрлаж, аз жаргал бэлэглэх ёстой биз дээ.

-Энэ үг таны дотоод сэтгэлийг бусдад ойлгуулж чадлаа. Таны уран бүтээл үеийн үед монголчуудыг байлдан дагуулах болтугай.

-Баярлалаа.